Аж үйлдвэрийн бодлогод бизнес эрхлэгчдийн саналыг тусгана

Хуучирсан мэдээ: 2015.05.13-нд нийтлэгдсэн

Аж үйлдвэрийн бодлогод бизнес эрхлэгчдийн саналыг тусгана

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Аж үйлдвэрийн яам хамтран өнөөдөр Төрийн ордонд “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн талаар төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодтой санал солилцох хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Монгол Улсын аж үйлдвэрийн салбарын бүтэц нь уул уурхай, хөдөө аж ахуйн түүхий эдэд тулгуурласан, хялбар технологи дээр суурилсан өрөөсгөл бүтэцтэй байгаа бөгөөд экспортод гаргасан бараа бүтээгдэхүүний 81.9 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн бүрдүүлдэг аж. Түүнчлэн экспортын бүтээгдэхүүний 97 хувийг технологийн багтаамж багатай болон нам технологит бүтээгдэхүүн эзэлдэг. Мөн боловсруулах аж үйлдвэрийн бүтээгдэхүүний экспортод өндөр технологи ашигласан бүтээгдэхүүний эзлэх хувь 1.5 орчим хувь байгаа нь бусад орнуудтай харьцуулахад доогуур үзүүлэлт аж. Нөгөөтэйгүүр, өнгөрсөн хугацаанд УИХ, Засгийн газраас  аж үйлдвэрийн салбарын талаар баримтлах бодлого, хөтөлбөрүүд батлагдсан хэдий ч хэрэгжилт хангалтгүй, хэрэгжүүлэх механизм тодорхой бус, Засгийн газрын олон байгуулагад бодлогын асуудал хуваагдаж нэгдсэн болон тогтвортой бодлогогүй, удирдлага зохион байгуулалт сул, суурь судалгаагүй явж ирсэн нь салбарын хөгжилд сөргөөр нөлөөлж иржээ. Харин одоо УИХ-аар хэлэлцэгдэж байгаа Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогод аж үйлдвэрийн салбарыг дэвшилтэт техник, өндөр технологи, өрсөлдөх чадвар бүхий үйлдвэрлэл, үйлчилгээг бий болгож Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангах тэргүүлэх салбар болгон хөгжүүлэхэд чиглэж байгаа гэдгийг тус төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар томилогдон ажиллаж байгаа УИХ-ын гишүүн Д.Ганхуяг онцоллоо.

Монгол Улс богино, дунд хугацаанд баялгийн нөөц ихтэй орон учраас баялгийг үр өгөөж өндөртэй ашиглах замаар Аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлснээр эдийн засаг тогтвортой өснө. Эдийн засгийн өсөлтийн гол сурвалж нь капитал, түүний хуримтлал, ажиллах хүчний мэргэжил ур чадвар, технологийн хөгжлийн түвшин юм байна.  Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого хэрэгжсэнээр боловсруулах аж үйлдвэрийн салбарын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийн жин нэмэгдэж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр дотоодын хэрэгцээгээ хангаж, дэлхийн болон бүс нутгийн хэмжээнд өрсөлдөх чадвартай эцсийн бүтээгдэхүүн экспортлогч орон болно. Түүнчлэн судалгаа хөгжлийн боловсруулалтын ажлын үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулж, үйлдвэрлэл, технологийн парк, үйлдвэрийн кластер, логистикийн сүлжээг хөгжүүлэх эрх зүйн бүрэн дүүрэн бүрдэх аж.

Бодлоготой холбогдуулж хэлэлцүүлэгт оролцогсод саналаа хэллээ. Тухайлбал, дээрх бодлогод дотооддоо үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийг импортын ижил төрлийн бүтээгдэхүүнээс хамгаалахын тулд татвар тогтоох юм уу, эс бөгөөс тоо ширхэг дээр нь хязгаарлалт тавих шаардлагатай тухай Оёдлын нэгдсэн холбооны тэргүүн н.Оюунцэцэг хэллээ.

Үндэсний үйлдвэрүүд сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэсэн ч борлуулалтгүйгээс агуулахад нь олноороо хураалттай байгаа аж. Борлуулалт муудсан нь БНХАУ-д үйлдвэрлэгдсэн дүрэмт хувцас олноор орж ирж борлуулагдсантай холбоотой юм байна. Тиймээс Гаальтай машинаар нэвтэрч орж ирж байгаа бараанд тоо ширхэгээр хязгаарлалт тавих шаардлагатай. Ийм эрх зүйн зохицуулалтыг бодлогод суулгаж чадвал татварт ч тодорхой хэмжээний дэмжлэг болно гэж үзэж байна.

Мөн үндэсний үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнийг төр худалдан авахаар болж, зарим ажлууд эхэлсэн нь сайшаалтай ч зөвхөн үнэ харж, энэ ажил урагшилж байгаа нь цаашдаа анхаарахаас аргагүй аж. Өөрөөр хэлбэл, тухайн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн хэчнээн чанартай, дизайн сайтай байх нь чухал биш, зөвхөн үнэ бага байх нь гол үзүүлэлт болж буй тул энэ асуудалд зохицуулалт хийх.

Хөнгөн үйлдвэрлэлийн салбарт ажиллах боловсон хүчин ховордож байна. Шинэ ирсэн хүнийг сургаад, авдаг. Гэтэл алдаа гаргаж хариуцлага ярих бол өөр газар ажилд ордог. Сургахын төлөө өчнөөн цаг хугацаа зарцуулсан байдаг. Энэ мэтчлэн бэрхшээлтэй асуудлыг зохицуулахад тодорхой бодлогын зохицуулалт хэрэгтэй гэнэ.

Мөн үйлдвэрүүд бүтээмж дээрээ анхаарах. Ингэж чадвал бүтээгдэхүүн чанартай болж, өрсөлдөх чадварын хувьд сайжирна гэх саналыг оролцогчид гаргалаа. Эцэст нь хэлэлцүүлэгт оролцсон төлөөллөөс гаргасан эдгээр саналуудыг Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулах үүрэг бүхий УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэгт хүргүүлэхээр боллоо.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж