Авлигатай тэмцэх газраас /АТГ/ сар бүрийн ээлжит хэвлэлийн хурал хийлээ. Хэвлэлийн хуралд Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар, Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар нар оролцож, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
АТГ энэ сард 13 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлжээ
АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс дөрөвдүгээр сард хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 444 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 13 буюу шалгасан хэргийн 2.9 хувийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт, 47 буюу шалгасан хэргийн 10.6 хувийг хэрэг бүртгэлтийн хэрэг хаах саналтайгаар прокурорт, 8 буюу шалгасан хэргийн 1.8 хувийг харьяаллын дагуу шилжүүлж, одоо 376 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байгаагаас хэрэг бүртгэлтийн 321 хэрэг, мөрдөн байцаалтын 55 хэрэг байна. АТГ-аас мөрдөн шалгах ажиллагаа явуулж шүүхэд шилжүүлсэн зарим хэргүүдээс дурдвал:
- "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-ийн захирлаар ажиллаж байсан Б нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус газраас хэрэгжсэн худалдан авах ажиллагааг хууль бусаар явуулж нэр бүхий аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж хахууль авсан
- “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн Хангамж, үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан Г нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглан бусдад давуу байдал бий болгон их хэмжээний хээл хахууль авсан
- Өмнөговь, Дундговь, Төв аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх /хуучин нэрээр/-ийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байсан Д нь иргэний хэрэг шийдвэрлэх явцдаа өөрийн хамаарал бүхий этгээдээр дамжуулан бусдаас хахууль авсан
Замын-Үүд сумын Засаг даргын тамгын газрын тендер сонгон шалгаруулах үнэлгээний хорооны эрх бүхий албан тушаалтнууд нь албан үүрэг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж техникийн шаардлага, тендерийн тодорхойлолтын шаардлагыг хангаагүй бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх тухай гэрээг байгуулж бусдад давуу байдал бий болгосон хэргүүдийг харьяалах прокурорын байгууллагад шилжүүлээд байна.
–АТГ-аас УИХ-ын асан Кёкүшюзан Д.Батбаярыг 32 тэрбум төгрөгийн залилангийн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн гэсэн. Д.Батбаяраас мэдүүлэг авсан уу?
–Д.Батбаяртай холбоотой бусдыг залилсан талаарх гомдол, мэдээллийг иргэдээс ирүүлсэн. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад, залилан мэхлэх гэмт хэргийн шинж тогтоогдсон гэж үзсэн учраас прокурорын байгууллагад харьяалал тогтоолгохоор хандахад харьяаллыг цагдаагийн байгууллагад шилжүүлэх саналаа гаргасан. Хэргийн үйлдэл аргачлал бусад нотлох баримтын талаар мэдээлэл өгөх боломжгүй.
–Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг АТГ-аас шалгаж байгаад цагдаагийн байгууллага руу шилжүүлсэн гэсэн. Хэзээнээс Б.Хурцыг шалгах болсон юм бэ?
-Тухайн хэргийг 2018 оны арванхоёрдугаар сард Нийслэлийн прокурорын газраас хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд, тус хэлтэст харьяаллыг нь тогтоогоод ирүүлсэн. АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс тухайн хэргийг шалгаж байх хугацаанд өнгөрсөн баасан гаригт Нийслэлийн прокурорын газраас хэргийг татаж хянаад харьяаллыг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Үүнд Тагнуулын байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэрэг биш.
–Эрдэнэт үйлдвэртэй холбоотой хэргийн шалгалт ямар шатанд явна вэ?
-Эрдэнэт үйлдвэртэй холбоотой маргаан, тус үйлдвэрийн удирдлагуудын гаргасан баталгаанаас болж Монгол Улс хохирсон хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Хэргийг шийдвэрлэж эцэслэгдсэний дараа дэлгэрэнгүй мэдээллүүдийг өгөх боломжтой. Жаст-ын Ш.Батхүүгийн хэрэг тусдаа шүүхийн байгууллагад шалгагдаж байгаа.
-ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан гэх хэрэгт холбогдсон гурван гишүүнд Эрүүгийн хэрэг үүсгэх талаар яригдаж байсан. Энэ хэрэг юу болов?
-Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Таван УИХ-ийг тус хэрэгт Эрүүгийн хэрэг үүсгэн яллагчдаар татаад гурван гишүүнтэй холбоотой асуудал нь Эрүүгийн гэмт хэргийн шинжтэй учраас тэдний хэргийг тусгаарлах саналыг прокурорын байгууллагад гаргаад мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Түүнээс биш нэмж гурван гишүүнийг хэрэгт татсан зүйл байхгүй.
–Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн шүүгч нартай холбоотой хэрэг шалгалтын ямар шатанд явна вэ?
-Шүүгч нар хууль бус шийдвэр гаргасан, бусдаас хээл хахууль авсан байж болзошгүй хэргүүд шалгагдаж байгаа. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх асуудал ч давхар шалгагдаж байгаа.
Прокурор А.Цэрэнсодномыг АТГ-аас шалгаж байгаа нь үнэн үү?
-Прокуророор ажиллаж байсан А.Цэрэнсодномтой холбоотой бичлэг цацагдсан. Тухайн бичлэг нь эвлүүлэг байсан гэх асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Тухайн хүнд холбогдуулан нээсэн байсан хэрэг бүртгэлтийн хэргийг харьяаллын дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Прокурорын байгууллагаас тухайн хэргийг татаж хянаж үзээд хэргийн харьяаллыг цагдаагийн байгууллага гэж тогтоогоод шилжүүлсэн байгаа.
-Дубайн гэрээтэй холбоотойгоор С.Баярцогтыг шалгаж байгаа гэсэн. Энэ талаар тодруулна уу. Дубайн гэрээний шалгалтын ажиллагаа ямар шатанд явж байна вэ?
-Мөрдөн шалгах ажиллагаанууд явагдаж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаанд цаг хугацаа их шаардагддаг. Нотлох баримтыг цуглуулах,бэхжүүлэх үнэлэх гэсэн бүхэл бүтэн цогц ажиллагаанууд явагддаг. Дубайн гэрээтэй холбоотойгоор Монгол Улсад хохирсон хэмжээ, ямар аргаар эрхзүйн хэм хэмжээ зөрчигдсөн гэх маш өргөн хүрээний мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа дууссаны дараа гэм буруутай эсэх нь тогтоогддог учраас мөрдөн шалгах ажиллагаа удаашралтай юм шиг харагдаж байгаа байх. Гэхдээ мөрдөн шалгах ажиллагаа тасралтгүй үргэлжилж байгаа. Тухайн хэрэг дээр ямар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгааг прокурорын байгууллагаас хянаж байгаа. Үүнд эргэлзэх зүйл байхгүй.
-Хотын дарга С.Амарсайхан албан тушаалаа урвуулан ашиглан БНХАУ-ын компанид 50 га газрыг өгсөн гэдэг асуудал АТГ-д шалгагдаж байгаа юу?
-Хэргийн талаар ярих зөвшөөрөл авагдаагүй учраас мэдээлэл өгөх боломжгүй байна.
–Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, А.Гансүх нарт холбогдох 250 сая ам.долларын хэргийг танайх шалгаж байсан. Одоо шалгаж байгаа юу?
-Энэ хэргийг прокурорын байгууллагаас тодорхой үндэслэл гарган түдгэлзүүлсэн. Түүнээс биш хаагаагүй.
-ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунай, НИТХ-ын дарга асан Ц.Сандуй гэх хүмүүсийг танайхаас шалгаж байгаа юу. Эдгээр хүмүүс гадагшаа хилээр гарсан хэмээх мэдээлэл байгаа?
-Эдгээр хүмүүстэй холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаагүй.
Э.БУРАМ