6.5 тэрбум коксжих нүүрсний нөөцтэй, дэлхийн томоохон нүүрсний ордуудын нэг Тавантолгойн нүүрсний ордын асуудал өнөөдөр улс төрийн хамгийн халуун сэдэв болоод байна. Энэ ордын тендерийг 2010 онд зарлаж, улмаар хөрөнгө оруулагчид шалгарсан ч дан ганц нэг талыг барьсан, Монгол Улс, монголын ард түмний эрх ашгийг уландаа гишгэсэн шийдвэр гаргасан хэмээн улстөрчид эсэргүүцээд байгаа юм. Тэр тусмаа нэг сайд Монгол Улсын стратегийн ордод дур мэдэн гэрээ хийж, ард түмний төлөөлөл болсон УИХ-ын гишүүдийн санал бодлыг сонсохгүйгээр гэрээг байгуулах гэж байсан нь өнөөдрийн маргааны гэрээний сэдэв болоод байна.
Тавантолгойн ордод хувийн хэвшил /Энержи Ресурс/, төрийн оролцоо /Эрдэнэс Тавантолгой/ орж ирснээр ашиг нь юу байх юм гэсэн хамгийн энгийн асуултыг л ард түмэн асууж байгаа. Харин УИХ-ын 76 гишүүнээс Тавантолгойг төрийн мэдэлд буюу Эрдэнэс Тавантолгой 51 хувь эзэмших зарчмаар ажиллуулах уу, эсвэл Монгол талыг хувийн хэвшлийн “Энержи Ресурс” төлөөлж хөрөнгө оруулагчидтай гэрээ хийгээд явах уу гэсэн асуултыг асуулаа.
Их хурлын гишүүд ажлын хэсгийн дүгнэлтийг харж, УИХ-аар орж ирсэн тохиолдолд байр сууриа илэрхийлнэ хэмээн мэдэгдэж байна. Нөгөө талд төр нь байна уу, хувийн хэвшил нь явуулна уу. Ашигтай л байх ёстой гэсэн ерөнхий хариулт өгөх гишүүд ч цөөнгүй байлаа. Нөгөө талд төр 51 хувиа эзэмшээд, иргэддээ хувьцааны ашгаа өгөөд, Тавантолгойгоос 20 жилийн дараа биш хөдлөөд эхлэхэд нь ашиг хүртэх байдлаар явах ёстой гэсэн байр суурьтай гишүүд илүү олонхи байлаа. Тухайлбал УИХ-ын гишүүн Ж.Батзандан:”Тавантолгойн хэлэлцээрийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, бид Монгол Улсын хуулиа дагаж мөрдөх ёстой. Стратегийн ордуудын ашиглалт, олборлолт, эзэмшлийн асуудал дээр УИХ шийдвэрээ гаргана гэж хуульд тодорхой заасан байгаа. Тэгэхээр УИХ-ын эрхэд хамаарч байгаа асуудлыг Засгийн газар шийдэж болохгүй. УИХ-ын 76 гишүүн бол Монголын ард түмнийг төлөөлж байгаа. Энэ асуудлыг УИХ-ыг тойруулах замаар хэлэлцвэл хууль зөрчсөн үйлдэл болно. Эх орноо гадаадынханд үнэгүй худалдана, ард иргэдээсээ асуулгүйгээр дуртай шийдвэрээ гаргаж болохгүй. 6.3 тэрбум тонн гэж тооцоолоод нэг тонн нүүрсийг 30 доллараар бодоход 180 тэрбум долларын хөрөнгө газар доор байна. Энэхүү хөрөнгийг тооцоо судалгаагүй зөвхөн гадаадынханд найр тавьсан байдлаар шийдвэрлэхийн эсрэг байгаа.”гэсэн хариултыг өглөө.