Нэгдүгээр ангид элсэн орох сурагчдын бүртгэлийг хэрхэн зохион байгуулах тухай албан ёсны шийдвэр хараахан гараагүй байгаа гэдгийг нийслэлийн Боловсролын газраас мэдээллээ.
Одоогоор нийслэлийн дүүргүүдийн ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг тэнцвэржүүлэх буюу хамран сургах тойргийн асуудлыг судалж буй талаар тус газрын Бага боловсрол хариуцсан мэргэжилтэн Л.Уртнасан хэллээ.
Тэрбээр “Нэгдүгээр ангид элсэн орох сурагчдын бүртгэлийг хэрхэн зохион байгуулах тухай албан ёсны шийдвэр хараахан гараагүй байна. Өнгөрсөн жил нэгдүгээр ангийн сурагчдын бүртгэлийг намар зохион байгуулж, 34 мянга 692 сурагч нэгдүгээр ангид элсэн суралцсан. Энэ жилийн хувьд нэгдүгээр ангийн сурагчдын элсэлтийг эрт эхлэхээр зорьж байна. Ингэснээр тухайн сургууль багшлах боловсон хүчин, анги танхим, сандал ширээгээ бэлтгэх боломжтой болох юм. Энэ хичээлийн жилд 2019-2020 онд нийт 38 мянга 262 хүүхэд нэгдүгээр ангид элссэн. Тиймээс энэ жил дөрвөн мянга гаруй хүүхэд нэгдүгээр ангид нэмж элсүүлж байна. Сургуульд элсэх бүртгэлийг цахим болгохоор ажлын хэсэг ярилцаж, туршилтаар нэг сургуульд элсэлтийг зохион байгуулахаар яригдаж байгаа.Ерөнхийдөө, нэгдүгээр ангид элсэх сурагчдын бүртгэлийг зохион байгуулах шийдвэр тавдугаар сарын эхээр гарна” гэсэн юм.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгийн 2019 оны дөрөвдүгээр сарын 5-ны А/200 тушаалд “Өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид тухайн онд зургаан нас хүрээгүй хүүхдийг элсүүлэхийг хориглосугай” гэж тусгажээ. Тиймээс 2019-2020 оны хичээлийн жилд зөвхөн 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-ний өдөр төрсөн хүүхдүүдийг элсүүлэхээр болж байгааг албаныхан хэлж байна.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ