А.Мөнхбат: Хардлага “Рио Тинто”-той холбоотой

Хуучирсан мэдээ: 2010.07.19-нд нийтлэгдсэн

А.Мөнхбат: Хардлага “Рио Тинто”-той холбоотой

Оюутолгойн Хөрөнгө оруу­лалтын гэрээг баталснаас эхлэн дэлхийн хэвлэл мэдээллийн агентлагууд Монголыг сонирхож эхэлсэн.  Үүнтэй зэрэгцэн олон улсын хөрөнгийн бирж дээр “Айвенхоу майнз” компанийн хувьцааны ханшид өөрчлөлт гарч эхэлсэн билээ. Тэр ч байтугай Монголын уул уурхайн салбарын талаар Австралид тусгайлан чуулга уулзалт зохион байгуулсан нь хүртэл энэ үнэлэмжийг улам нэмэгдүүлсэн юм. Өнгөрсөн оны аравдугаар сараас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд Монголын ард иргэдийн сэтгэлийг зовоож ирсэн нэг асуудал нь “Оюутолгой чухам хэний гарт оччихов оо” гэсэн асуудал юм. Хэдийгээр цаасан дээр “Айвенхоу майнз Монголиа Инк” ХХК –ийн энгийн хувьцааны 34 хувийг Монголын Засгийн газар буюу  төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” компани эзэмшиж байгаа гэх боловч үлдсэн хувийг эзэмшигч “Айвенхоу майнз”-ийн асуудал толгой эргэмээр ээдрээ, эргэлзээ дагуулдаг. Учир нь тус компанийн хамгийн том хувьцаа эзэмшигч “Рио Тинто”. Гэтэл “Рио Тинто”-ийн хамгийн том хувьцаа эзэмшигч нь Хятадын төрийн өмчит “Чайналко” компани. “Чайналко” компани “Рио Тинто”-гийн нийт хувьцааны 9.3 хувийг эзэмшдэг нь бага тоо биш. Тиймээс Монголд бүртгэлтэй “Айвенхоу майнз Монголиа Инк” компанийг Канадад төвтэй “Айвенхоу майнз”, “Рио Тинто”, Рио Тинто”-гийн томоохон эрх мэдэлт “Чайналко” дам дамаа эзэмшиж байгаа болохоор Оюутолгой Хятадын “Чайналко”-гийн мэдэлд очив уу гэж эргэлзэх нь зүй ёсны гэж хэлж болох юм.
Ингээд ойрын өдрүүдэд улам ч эрчээ авч, олон нийтийг түгшээх болсон энэ асуудлын талаар “Айвенхоу майнз Монголиа Инк” ХК-ийн гүйцэтгэх захирал А.Мөнхбатаас тодрууллаа.

-Сүүлийн үед “Айвенхоу майнз”-ийг тойрсон хардлага олон нийтэд төрөх боллоо?

-Монголчуудын маань хамгийн их санаа зовж буй асуудал нь “Айвенхоу майнз” Оюутолгойг хятадуудад зарах гэж байна гэсэн хардлага. Хүмүүс надаас байнга утасдаж асуух болсон.

-Тэгэхээр та энэ асуудалд ямар тайлбар өгөх вэ?

-Уг хоёр компанийн хоорондын харьцааны асуудал өнөөдрийн гол сэдэв болоод байна. Өнгөрсөн тавдугаар сарын 7-ны өдөр “Айвенхоу майнз”-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал болсон. Энэ үеэр жижиг хувьцаа эзэмшигчдийн асуудлыг хэлэлцсэн.  Гэтэл “Рио Тинто” энэ сарын 7-нд Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр мэдэгдэл хийсэн. Үүндээ тэд  Хятадын талтай Оюутолгойн төсөл дээр яаж хамтран ажиллах вэ гэдгийг ярилцаж байна гэсэн байгаа юм. Яг үнэндээ энэ хардлага “Айвенхоу майнз” компанитай биш “Рио Тинто”-той холбоотой гэж бодож байна.

-Санаа зовох хэрэггүй гэсэн үг үү?

– Тийм ээ. “Айвенхоу Майнз”-ийн зүгээс худалдах, хятадуудад өгөх гэсэн ямар нэгэн асуудал байхгүй.  Монголчуудын ихэнх нь уг ордыг зарах гэж байна гээд буруу ойлголт авсан. “Рио Тинто” болон Хятадын харьцаа хурцадмал байгаа шүү дээ. Тиймээс Хятадтай сайхан харилцаатай байхын тулд арга хэмжээ авч эхлээд байгаа байх.

-Хувьцаа эзэмшигчдийн хурал дээр жижиг хувьцаа эзэмшигчдийн талаар ямар тодорхой асуудал хэлэлцсэн бэ?

-Хувьцаа эзэмшигчдийн хурлаар ярьсан гол асуудал нь “Рио Тинто” Оюутолгойд эзэмших хувиа нэмэх асуудал. “Рио Тинто” нь Оюутолгойд одоо 26.6 хувийг эзэмшдэг. Улмаар уг хувиа 46 хүртэл нэмэгдүүлэх зорилтыг тавиад байгаа юм. Ингэснээр бусад жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх зөрчигдөх магадлалтай.

-Чухам яаж?

-Нэгэнт 46 хувийг эзэмшиж байгаа юм чинь цаашид таван хувийн хэн нэг хувьцаа эзэмшигчээс аваад эрх мэдлийг гартаа авах боломжтой болох юм. Тиймээс хувьцаа эзэмшигчид зөвхөн таван хувийг авах биш үлдсэн 44 хувьд ч төлбөр төлөх шаардлагатай гэдэг асуудлыг тавьсан. “Рио Тинто” үүнийг эсэргүүцэж таван хувийн асуудлаар арбитрийн шүүхэд хандаад байгаа. Монголчууд “Рио Тинто”, “Айвенхоу майнз” компаниуд хятадуудыг оруулж ирэх гэж байна. Тэр дундаа “Айвенхоу майнз Монголиа Инк” оруулж ирэх гэж байна гэж ойлгож байгаа. “Айвенхоу майнз”-ийн хамгийн том хувьцаа эзэмшигч нь Рио Тинто”. Рио Тинтогийн хамгийн том хувьцаа эзэмшигч нь “Чайналко”. Хөрөнгө оруулалтын гэрээгээр гурав дахь этгээдэд хяналт тавих асуудлыг хөндсөн байгаа. Үүнд зааснаар бол гуравдагч тал орж ирвэл “Рио Тинто” Оюутолгойд хөрөнгө оруулахаа болих ёстой. Гэхдээ одоо болтол хөрөнгө оруулалтын багцыг хүчингүй болгох асуудал яригдаагүй байгаа.

Т.Урангэрэл. Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм"

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж