“Ремакс”-ын бизнесийн зарчим, загвар нь Монголд байгаа бизнесийн загваруудаас тэс ондоо

Хуучирсан мэдээ: 2019.04.25-нд нийтлэгдсэн

“Ремакс”-ын бизнесийн зарчим, загвар нь Монголд байгаа бизнесийн загваруудаас тэс ондоо

“Ремакс”-ын бизнесийн зарчим, загвар нь Монголд байгаа бизнесийн загваруудаас тэс ондоо

“Remax Express” брокер оффисын брокер эзэмшигчид болох Э.Эрдэнэбилэг, С.Мөнхзул нартай ярилцлаа. Их сургуульд байхаасаа амьдралаа холбосон тэд өөрсдийн бизнесийг хөл дээр нь босгочихоод дараагийн шинэ ажилдаа ханцуй шамлан орсон нь үл хөдлөхийн салбар билээ. Энэ салбарын юу нь сонин байж, бас ирээдүйг нь хэрхэн харсан учраас тэд “Ремакс”-тай холбогдсон бол. Хамтдаа сонирхоцгооё. RE/MAX т өндөр боловсролтой, мэдлэгтэй, өөрчлөлт хийх хүсэл эрмэлзэлтэй шинэ үеийн залуус ажилладаг гэдэгийг бид мэдэх билээ.

ТА ХОЁРЫГ ХУВЬДАА ӨӨР БИЗНЕСТЭЙ БАЙЖ БАЙГААД ЭНЭ САЛБАРТ ОРЖ ИРСЭН ТАЛААР ДУУЛСАН ЮМ БАЙНА. ЯАГААД ҮЛ ХӨДЛӨХИЙН САЛБАР ТА НАРЫН СОНИРХЛЫГ ИНГЭТЭЛ ТАТАХ БОЛОВ?

Э.Эрдэнэбилэг:

Ер нь үл хөдлөхийн салбар миний сонирхлыг оюутан байхаас татдаг байсан юм. Би КТМС-т суралцаж байхдаа амралтаараа Германд очиж ажиллаж байлаа. Тэнд цэцэрлэгжүүлэлтийн компанид ажилладаг, баячуудын хаус, эдлэнд ажиллаж байв. Тэр үеэс л надад энэ салбар сонирхолтой санагдаж эхэлсэн. Хаусын гоё зураг дизайн хараад

нэг л мэдэхэд барилга байшингийн өрөөний зохион байгуулалт энэ тэрийг мэддэг, сонирхдог зураг каталоги цуглуулдаг болчихсон байсан. Тэр л сонирхол хүсэл эрмэлзэл дээр “Ремакс”-ын тухай дэлгэрэнгүй сонссон маань намайг шийдвэр гаргахад нөлөөлсөн байх. Дэлхийд алдартай франчайз компани Монголд албан ёсоор орж ирсэн талаар би хэвлэл мэдээллийн хэрэгслээс харж байсан. Тэгээд санаандгүй тохиолдлоор үйл ажиллагаа хариуцсан захирал Тэмүүлэнтэй уулзсан юм. Бид хоёрын уулзалт гуч дөчин минут л үргэлжилсэн байх. Гэхдээ аливаа зүйлийн долгион таарна гэдэг шиг маш сайн ойлголцсон. Энэ бизнесийн загвар модель, франчайзын давуу талыг маш гоё тайлбарлаж өгсөн. Яг миний сонирхож байсанчлан энэ бизнесийн гол цөм программ дата дээр суурилсан гэдэг нь тэгээд программын системийн үйл ажиллагаа надад маш их таалагдсан. Өөрөө компьтерийн мэргэжилтэй учраас технелоги талаасаа таалагдсан гэх үү дээ. Мэдээж нөгөө талаас үл хөдлөх хөрөнгө хэзээнээс анхаарал татдаг байсан. Тэгээд л хариад эхнэртээ энэ бизнесийг хийе гээд ярьсан чинь дэмжээд бид шийдсэн.

С.Мөнхзул:

-“Ремакс”-ыг сонгосон шалтгаан нь бизнесийн маш шударга зарчимтай, сурч хөгжих боломжтой, олуулаа хамтарч ажилладаг дэлхийд шалгарсан үр ашгаа өгч байгаа бизнесийн загвар. Бид хоёр ерөнхийдөө эртнээс үл хөдлөх хөрөнгийн салбарыг сонирхож байсан. Тэгээд нөхөртэйгөө хамтдаа ярьж, шийдвэрээ гаргаад 2017 онд франчайз эрхээ авч байлаа.

-ТЭР ҮЕД ТА ХОЁРЫН ЭРХЭЛЖ БАЙСАН БИЗНЕС ЮУ БАЙСАН БЭ. ЯАГААД НЭГ НЬ БИШ ХАМТДАА ОРОХ БОЛСОН ЮМ БЭ?

Э.Эрдэнэбилэг:

-Бид хоёр банк бус санхүүгийн байгууллагын үүсгэн байгуулагчид. ББСБ-д хориод жил хамтдаа ажилласан. “Уянга Эрдэм” гээд валют арилжааны байгууллага маань хөл дээрээ тогтчихсон, сүүлийн жилүүдэд бид хоёр дотоод үйл ажиллагаанд нь орохгүй, хувьцаа эзэмшээд бусад маань хариуцах маягтай байсан юм. Тиймээс шинэ салбар, шинэ ажил гарч ирэхэд бид хоёр дуртай орсон. Би КТМС-ийг компьютерийн техник хангамжийн менежментээр, манай хүн бизнесийн удирдлагаар төгссөн. Хоёулаа сургуулиа төгссөн цагаасаа хамтдаа ажиллаж ирсэн болохоор энэ ажлыг ч хамтдаа хийе гэж санасан.

С.Мөнхзул:

-Бид анхнаасаа хамтдаа ажиллаж, нэг нь нөгөөгөө нөхөх зарчмаар ажиллаад сурчихсан болохоор үл хөдлөхийн салбарт ч эргэлзээгүй хамтдаа орсон. Ер нь зорилгоо мэдсэн, нэг зорилготой болохоор бие биетэйгээ харилцан яриад нэг нэгнийгээ нөхөөд дэмжээд явахад амар байдаг. Зорилго нэгээс гадна санхүү ч нэг, урьд нь бас хамт ажиллаж байсан учраас хоёул хоршиж ажиллах арга барил дадал эзэмшчихсэн учраас өмнө ажиллаж байсантай адил эрх үүргээ адилхан хувиарлаад явчихдаг. Бид хоёр хамт ажиллаж байхдаа мэдээ мэдээллээ солилцож, тэгш мэдээлэлтэй байдаг учраас биенээ ойлголцож илүү давуу тал бий болчихдог.

-“РЕМАКС” ДЭЛХИЙН ОЛОН ОРОНД СҮЛЖЭЭТЭЙ, ӨӨРИЙН ТОГТСОН ЗАГВАР АРГА БАРИЛТАЙ. МОНГОЛЧУУДЫН СЭТГЭЛГЭЭ, ХЭВШМЭЛ ОЙЛГОЛТООС ЗӨРӨХ ЗҮЙЛ БАЙДАГ УУ?

Э.Эрдэнэбилэг:

-Ер нь монголчуудад өөрсдөд нь бизнесийн загвар ерөөсөө байгаагүй шүү дээ. Тиймээс харин ч сонирхолтой санагддаг. Манайх чинь агент төвтэй бизнес. Өөрөө өөрсдийгөө хөгжүүлж, урагшлуулж, зорилго тавиад явдаг бизнес бол ихэнх хүмүүст таалагддаг. Яахав, хүчээр дээрээс тавьсан шаардлагаар ажиллах дуртай хүмүүст таалагдахгүй байж магадгүй. Гэхдээ л Монголчуудад тохирох бизнес. Тийм ч учраас “Ремакс” өнөөдрийн байдлаар хэдийнэ 550 агенттай болчихсон байна. “Ремакс”-ыг мэдэхгүй хүн ч ховор болчихож, маш богино хугацаанд зах зээлд амжилттай ажиллаж чадаж байна. Жил бүр өндөр өсөлтийг үзүүлж байна. Тэгэхээр Монголчуудад тохирох бизнес гэж үзэж болох юм.

-ТА ХОЁР ӨНГӨРСӨН ХУГАЦААНД ӨӨРИЙН ХҮРЭЭЛЭЛДЭЭ АЖИЛЛАЖ БАЙСАН. “РЕМАКС” БОЛ МАШ ОЛОН ХҮНТЭЙ, ӨВӨРМӨЦ ХЭВ МАЯГТАЙ ГЭР БҮЛ. ӨМНӨХӨӨСӨӨ ТЭС ӨӨР ОРЧНЫГ МЭДЭРЧ БАЙНА УУ?

-С.Мөнхзул:

-“Ремакс”-ын бизнесийн зарчим, загвар нь Монголд байгаа бизнесийн загваруудаас тэс ондоо. Маш гоё хүнийг татсан, бүгдээрээ хөгжих, хамт олноороо хамтарч ажиллах боломжийг олгодог. Бидэнд маш их боломж харагддаг.

Э.Эрдэнэбилэг:

-Хуучин ажил маань цөөхүүлээ байхаас гадна захирах, захирагдах зарчим маш хүчтэй үйлчилдэг орчин байсан л даа. Хуучин уламжлалт арга барилдаа бүр дасчихсан байсан бол тэс өөр орчинд орж ирсэн. Бид маш олуулаа. Эн тэнцүү хамтарч ажилладаг. Хэн нэгэнд захирагдаж, захирна гэж байхгүй. Шинээр үргэлж сурч боловсорч, үргэлж уралдаан тэмцээн болно, сургалтын гоё гоё арга хэмжээ хөтөлбөрүүд болдог.  Өөрөө л сурч хөдөлмөрлөж хүсч тэмүүлж чадвал урагшаа яваад л байх, хөгжин дэвших бүрэн боломжтой. Энэ нь маш давуу тал болдог. Өмнө нь арваад хүний хүрээнд ажилладаг байсан бол одоо 500-600, цаашлаад бүр ч олуулаа болно. Тэгэхээр бидний хувьд цоо шинэ, нэн сонирхолтой орчин байгаа юм.

-ӨНӨӨДРИЙН ҮЛ ХӨДЛӨХ ЗУУЧЛАЛЫН САЛБАРЫН ОНЦЛОГ, ХАНДЛАГА ЕР НЬ ЯМАР БАЙНА ВЭ?

 

С.Эрдэнэбилэг:

-Үл хөдлөхийн салбарын өнөөдрийн онцлогийг ярихаас өмнө хуучны нөхцөл байдлаас эхлэн ярих нь зөв болов уу. Ер нь 1996 оноос орон сууц хувьчлагдах хуулийн төсөл батлагдаж иргэд өөрсдийн гэсэн үл хөдлөх хөрөнгөтэй болж цаашлаад тэдгээрийг эргэлтэд оруулж амьдралаа дээшлүүлж эхэлснийг бид мэднэ. Энэ бүхнийг дагаад орон сууц наймаалцах, түрээслэх хэрэгцээ шаардлага бий болсон. Мөн худалдан авч засварлаад дамлан зарах үйл явц ч байсан. Ялангуяа зах зээлийн дараахь үед буюу 1997-2000 оны эхэн үе хүртэл ченжүүд хямдаар орон сууц аваад хоёр нугалж дамлан зарах үе ч байсныг хүмүүс санаж байгаа байх. Тэгвэл эдгээр асуудлыг шийдвэрлэж иргэдэд хүрч ажиллах, барилгын салбарын борлуулалтыг нэмэгдүүлэх үйл ажиллагааг үл хөдлөх зуучлалын байгууллагууд хэрэгжүүлэх болсон.

2018 оны жилийн эцсийн байдлаар үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт нэг их наяд 770 тэрбум төгрөг хүрч байгаа нь ДНБ-ий 5.53 хувийг эзэлж, нийт ДНБ-ий эзлэх салбарын эрэмбээр зургадугаар байранд эрэмбэлэгдэж байгаа нь энэ салбар хэр том цар хүрээтэй байна вэ гэдгийг харуулж байгаа юм. Өнөөдрийн байдлаар 63000 гаруй өрхийн 427 амины орон сууц, нийтийн орон сууц байна. Үүнээс 33000 айлын орон сууцны барилга угсралтын шатанд явагдаж байгаа бол 30000 орчим айлын орон сууц ашиглалтад орж борлуулалтын шатандаа явж байна. Эндээс манайд нэлээд том зах зээл байгаа нь харагдаж байна. Зах зээлд борлогдоогүй 6000 гаруй орон сууц байна. Бусад нь борлогдсон нь шингээх чадвар сайтай байгааг харуулж байгаа юм. Орон сууцнаас гадна оффис үйлчилгээний талбай өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад 10 хувиар өсөлттэй байна. Нөгөө талаас иргэдийн хувьд орон сууцны нөхцлөө сайжруулах шаардлагатай 30000 гаруй мянган өрх байна гэсэн судалгааг Барилга, хот байгуулалтын яамнаас гаргасан байдаг. Үүний хажуугаар үл хөдлөх хөрөнгө зуучлалын хууль эрх зүйн орчин сул байна. Өнөөдрийн байдлаар иргэний хуульд зааснаар л  энэ салбарын асуудал зохицуулагдаж байгаа. Гэхдээ үл хөдлөх хөрөнгө зуучлалын эрх зүйн орчныг сайжруулах, боловсронгуй болгох хэрэгтэй байгаа юм.

-ХУУЛИЙН ЗОХИЦУУЛАЛТ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ЯГ ЯМАР ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ ХИЙХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА ВЭ?

 

Э.Эрдэнэбилэг:

-Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль нь иргэний хуулийн 410 дугаар зүйл буюу гэрээний эрх зүйн талдаа үл хөдлөх зуучлалын гэрээний эрх зүйгээр зохицуулагдаж байгаа. 410, 411 гэсэн хоёрхон зүйл заалт бий. Энэ хүрээнд л бид ажиллаж байгаа юм. Ер нь нарийвчлан хуульчлагдаагүй байдлаас үүдэн иргэд хоорондын үл хөдлөх хөрөнгийн маргаан иргэний эрх зүйн талдаа байнга үүсч байдаг. Хуулийн зохицуулалт хийж, нарийн заагаад өгчихвөл иргэд үл хөдлөх хөрөнгө борлуулсны хоёр хувийн татвараас зайлсхийхийн тулд бэлэглэлийн гэрээ хийдэг эсвэл хэт бага үнээр худалдах гэрээ үйлддэг зэрэг үйлдэл зогсоно. Энэ нь нөгөө талаас улс оронд ашигтай. Улс өөрөө маш олон гүйлгээнээс татвараа авч чадахгүй хохироод байгаа харагддаг. Уул нь үл хөдлөх хөрөнгийн салбар уул уурхайн бизнесийн бараг дараа ордог маш өргөн хүрээний бизнес. Нөгөө талаас иргэний эрх зүйн төрөл бүрийн маргаан, зарим санаатай болон санамсаргүй залилан, дээрэм эрс багасна. Мөн түрүүн хэлсэнчлэн зах зээлийн үнэ ханш мэдэхгүй хүмүүс бидний зөвлөгөөг аваад ямар нэг байдлаар хямд зарах эрсдэл гаргахгүй хангалттай үнэд хүргэж зардаг, борлуулдаг, худалдан авч буй хүмүүст ч баталгаатай байдал бий болж байгаа юм. Үүнийг л ард иргэдэд сайн ойлгуулж бодлогын хэмжээнд аваад явчихвал олон давуу талууд бий болох юм.

-ӨМНӨ НЬ ЧЕНЖҮҮД БАЙР АВААД ДАМЛАН ЗАРДАГ БАЙСАН ГЭЖ ТА ЯРИАНДАА ДУРДЛАА. ХҮМҮҮСИЙН ДУНД ЗУУЧЛАГЧДАД ХАНДВАЛ АЛДАГДАЛТАЙ ГЭСЭН АЙДАС ОДООГ ХҮРТЭЛ БАЙХ ШИГ АНЗААРАГДДАГ. ЭНЭ ТА БҮХНИЙ АЖИЛД СӨРГӨӨР НӨЛӨӨЛДӨГ ҮҮ?

Э.Эрдэнэбилэг:

-Ерөнхийдөө зарим хүний хувьд биднийг ченжүүдтэй адилаар бодож, зуучлалын үйлчилгээ үзүүлээд үйлчилгээний хөлс авахаас илүүтэй хуучных шиг бага үнээр худалдан авах вий, нугалж хугалж зарах вий гэсэн айдас байгаа нь анзаарагддаг. Энэ нь бид илүү сайн ажиллах хэрэгтэй гэдгийг нэг талаас хэлж байгаа юм. Цаашлаад хууль эрх зүйн орчноо илүү сайжруулаад явбал олон зүйл өөрчлөгдөнө.

С.Мөнхзул:

-Гэхдээ хүмүүс авч байгаа үйлчилгээний хөлс нь ямар хэмжээтэй байгааг ялгаж салгадаг болжээ. Нэг үеэ бодвол хүмүүс мэргэжлийн байгууллагад хандаж үйлчлүүлэхийг хүсдэг болсон байна. Маш их цаг хугацаа, ажлыг нь хөнгөвчилж, мэргэшсэн реалторуудад хандахын давуу талыг мэддэг болсон нь анзаарагдаж байна.

-ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН БОРЛУУЛАЛТ УЛАМ НЭМЭГДЭЭД БАЙНА ГЭЖ БАЙНА. ЭНЭ НЬ ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ҮНЭ БУУЖ БАЙГААТАЙ ХОЛБООТОЙ ЮУ, АЛЬ ЭСВЭЛ “РЕМАКС” ӨӨРӨӨ ШИНЭ ЗАГВАР, ШИНЭ СОЁЛЫГ БИЙ БОЛГОЖ БАЙГАА УЧРААС ТАНАЙ БОРЛУУЛАЛТ НЭМЭГДЭЭД БАЙНА УУ?

Э.Эрдэнэбилэг:

-Түрүүнд хэлсэнчлэн “Ремакс”-ын бизнесийн зарчимтай холбоотойгоор өсөлт нэмэгдэж байгаа. Ер нь манай зах зээл үл хөдлөх хөрөнгийн үнэ өсөх буурахаас тэгтэл шууд хамаардаггүй гэж хэлж болно. Хичнээн үл хөдлөх хөрөнгийн үнэ багассан ч, өссөн ч борлуулах худалдан авах хэрэгцээ байдаг учраас эргэлт байж л байдаг. Үл хөдлөх хөрөнгийн өсөлт нэмэгдэхээр манай өсөлт өсч байна гэх аргагүй. Харин ч үл хөдлөх хөрөнгийн салбарт манай “Ремакс”-ын бизнес загвар улам бүр тэлж, зуучлалаар үйлчлүүлж буй хүмүүсийн тоо нэмэгдээд байгаа нь өсөлтөд нөлөөлж байгаа юм. Ер нь цаг хугацаа гэдэг зүйл тухайн зүйлийг улам бүр брэнджүүлж байдаг. Манай агентууд зах зээл дээр ажиллаад гурав дөрвөн жил болсон болохоор үйлчлүүлэгч нартаа танигдчихсан, тэднийхээ итгэлийг хүлээгээд эхэлж байна. Өөрөөр хэлбэл, цаг хугацаа өнгөрөх тусам манай бизнес ч, агентууд ч улам брэнджээд тэлээд байгаа. Энэ үзүүлэлт манай зах зээлийн тэлэлтэд нөлөөлж байгаа гэж бодож байна. Тэгээд ч дээрээс нь программд суурилсан бизнес загвар маань бидэнд давуу талыг бий болгодог.  Одоо хүссэн хүсээгүй манай бизнес зах зээлд тэлээд явах зөв голдиролдоо орчихсон гэж болно.

-ХҮМҮҮСИЙН ХАНДЛАГА ӨӨРЧЛӨГДӨЖ БАЙГАА Ч ЗАРИМ ХҮН УЛАМЖЛАЛТ МАЯГААРАА ӨӨРСДӨӨ ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН БОРЛУУЛАЛТ, ТҮРЭЭСИЙН АЖЛАА ХИЙСЭН ХЭВЭЭР БАЙНА. ТЭГВЭЛ ТА НАР УЛАМЖЛАЛТ ХЭЛБЭРТЭЙ ХАРЬЦУУЛАХАД “РЕМАКС” ЯМАР УЧРААС ДАВУУ ГЭЖ ХЭЛЭХ ВЭ?

 

С.Мөнхзул:

-Түрүүнд хэлсэнчлэн дотроо олон улсын томоохон программтай, бүгд хамтарч ажилладаг, хамтын гүйлгээ гаргадаг манай нэг агентын цаана маш олон худалдан авагчид байдаг. Манай агентууд дангаараа биш хамтран ажилладаг учраас цаг хугацааны хувьд, мэргэжлийн түвшин, үйлчилгээний хувьд ч давуу талтай.

Э.Эрдэнэбилэг:

-Би жишээ нь үл хөдлөхтэй байж байгаад түүнийгээ заръя гэхэд тодорхой хэмжээнд хүмүүст хүргэхийн тулд хөрөнгө зарна, цаг заваа зарцуулна, зах зээлийн үнэ ханшаа мэдэхээс эхлээд янз бүрийн талаас бэрхшээл их бий. Үл хөдлөх хөрөнгийн зуучийн газар энэ бүгдийг таны өмнөөс хийж өгнө. Харин “Ремакс” яагаад бусад үл хөдлөх хөрөнгө зуучлалаас давуутай гэвэл нэгдсэн нэг том сүлжээнд байдаг. Таны үл хөдлөх хөрөнгийг ганц реалтор биш манай бүх агентнууд зардаг. Бид хамтарч ажилладаг.

-ХАМТАРЧ АЖИЛЛАНА ГЭХЭЭР ҮЙЛЧИЛГЭЭНЭЭС ОЛСОН АШГАА ХАМТДАА ХУВААНА ГЭСЭН ҮГ ҮҮ?

С.Мөнхзул:

-Хамтарсан бол орлогоо адил хуваана гэсэн үг. Би борлуулах гэж байгаа хөрөнгийг хариуцаад авчихсан, нөгөө агентад маань худалдан авагч байгаа. Бид талуудыг уулзуулж байгаа юм. Хэн хэн нь хамтарч ажилласан, тэгээд борлуулалтын ашгаа тэнцүү хуваагаад явчихна. Энэ бол шударга тогтолцоо. Хамгийн гол нь эргэлт нь хурдтай байх нь чухал шүү.

-МАНАЙ ЗАХ ЗЭЭЛ БАГА БИШ ГЭЖ ҮҮ. “РЕМАКС”-ИЙН АГЕНТУУД ӨДРӨӨС ӨДӨРТ Л НЭМЭГДЭЭД БАЙДАГ. ХАНГАЛТТАЙ ЗАХ ЗЭЭЛ БАЙГАА ГЭЖ ҮҮ?

С.Мөнхзул:

-Зах зээлийн ердөө арваад хувьд л үл хөдлөх хөрөнгө зуучийнхан ажилладаг гээд бод доо. Тэгэхээр цаана нь 90 гаруй хувийн зах зээл байна. Харин хүмүүсийг мэргэжлийн байгууллагаар үйлчлүүлдэг соёлд сургах хэрэгтэй юм.

ХҮМҮҮСИЙГ ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГАЗРААР ЗУУЧЛУУЛДАГ БОЛГОХ СОЁЛД СУРГАХЫН ТУЛД ЮУ ХИЙХ ХЭРЭГТЭЙ БАЙГАА ВЭ. ТЭР ХҮМҮҮСИЙГ ЯАЖ ТЭР ОЛОН ЖИЛИЙН ТОГТСОН СЭТГЭЛГЭЭНЭЭС НЬ САЛГАХ ВЭ?

Э.Эрдэнэбилэг:

-Үл хөдлөх хөрөнгө зуучлалаар дамжуулах соёлд сургах гэдэг бидэнд зайлшгүй тулгамдаж буй асуудлын нэг. Тэгэхийн тулд бид манайд хандаж буй хүмүүстээ шууд ийм ийм зүйлийг нь бид хийнэ гэдгийг хэлж өгдөг. Зарим хүмүүст өөрсдөө болгочихмоор санагддаг байх. Гэхдээ цаг хугацаа, түвэг чирэгдэл гээд маш олон зүйлийг хэмнэж байгаа. Үүнийг л хэрэглэгчдэд сайн ойлгуулахаар бид ажиллаж байна. “Ремакс” бол дэлхийд 46 жилийн турш шалгагдсан загвар байдаг. Ерөнхийдөө энэ загвараа танилцуулаад явдаг. Энэ зуучлалын харилцааны дүнд эцсийн эцэст үйлчлүүлэгчид л хождог. Үүнийг нь л мэдрүүлэхийн тулд ажиллаж байна даа.

-ДЭЛХИЙД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ЭНЭ ТОМ БАЙГУУЛЛАГАД ОРЖ АЖИЛЛАНА ГЭВЭЛ ЯМАР ШААРДЛАГА ХАНГАСАН БАЙХ ЁСТОЙ ВЭ?

С.Мөнхзул:

-Юуны түрүүнд “Ремакс”-ын бизнесийн зарчимыг сайн ойлгосон байх хэрэгтэй. Модуль, загварыг нь сайн ойлгосон байх ёстой. Гол нь тухайн хүн өөрийн тодорхой зорилготой, зорилгодоо тууштай байх, хүсэл эрмэлзлэл тэмүүлэлтэй байх хэрэгтэй. Чиг хандлага нь эерэг зөв байх хэрэгтэй. Тийм тохиолдолд энэ ажлыг амжилттай хийж чадна.

Э.Эрдэнэбилэг:

-Ер нь бол энэ чиглэлдээ ажиллах чин хүсэлтэй хүмүүстэй бид хамтардаг. Цаашдаа тууштай ажиллах хүмүүс анхнаасаа андашгүй байдаг. Түүнээс ямар мэргэжилтэй байх тийм чухал биш. Тэгэхээр мэргэжил гэхээсээ илүүтэй хувь хүний аливаа юманд хандаж байгаа хандлага л чухал байдаг гэнэ дээ. Манайх ерөнхийдөө агент төвтэй гэдгийг дээр хэлсэн. Энгийн байгууллага уламжлал ёсоор захирал, захирлын дор албан хаагчид гээд удирдлагын шат дараалсан загвартай байдаг. “Ремакс”-т болохоор брокер эзэмшигчид агентуудтайгаа хамтран ажиллах гэрээгээр ажилладаг. Нэг талаас оффисын бизнес эрхэлж байгаа мэт. Агентуудаа авдаг, чиглүүлдэг, судалгаа бүх юмаараа хангадаг. Агентууд яг хувиараа бизнес эрхлэгчийн журмаар ажиллаад явдаг. Бид хөдөлмөрийн гэрээ бус хамтран ажиллах гэрээгээр тэнцүү эрх үүрэг хүлээж байдаг. Тэгэхээр агентууд ч гэсэн бидэнд шаардлага тавиад, бид ч гэсэн шаардлага тавиад явдаг. Үүнийг бизнесийн модел гээд байгаа.

-ТА НАР АГЕНТУУДТАЙГАА ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭГЭЭР АЖИЛЛАДАГ ЮМ БАЙНА. ХАРИН БРОКЕР ЭЗЭМШИГЧ БОЛОХЫН ТУЛД ТА БҮХЭН БҮСИЙН ЭЗЭМШИГЧДЭЭС ЭРХЭЭ АВАХ УУ?

 

С.Мөнхзул:

-Бүсийн эзэмшигчид бол гаднаас бүсийн хэмжээний франчайз эрхийг авчихаад бидэнд франчайзаа борлуулж байгаа юм. Төв оффис нь “Ремакс”-ын системээ хариуцаад явдаг. Бидэнд дүрэм журам таниулах үйл ажиллагаа, сургалтыг явуулдаг. Аль болох биднийг хөгжиж дэмжих олон талын сургалтыг байнга зохион байгуулдаг.

Э.Эрдэнэбилэг:

-Манай бүсийн эзэмшигчид бол бизнесийн салбарт маш амжилттай яваа гэр бүлийн хоёр байдаг. Батбаатар, Бүжинлхам гэдэг гэр бүлийн хоёр л доо.  Гадаадад боловсрол эзэмшсэн, Монголд орж ирсэн томоохон франчайзуудыг нутагшуулж яваа, франчайз бизнесийн салбарын тэргүүн эгнээнд яваа бизнес хүмүүс бий. Тэд маань бид нар хүмүүс биш систем удирддаг гэж хэлэх дуртай. Ер нь систем өөрөө зөв ажиллаж байвал бизнес зөв явдаг шиг санагддаг. Ийм олон оффис, агентууд хамтран ажиллаж чадаад байна гэдэг систем зөв явж байгаагийн шинж гэж боддог доо.  Бид төв оффисын нарийн шалгууруудыг давж, брокер эзэмшигчид болдог.

-АНУ-Д “РЕМАКС”-ИЙГ ҮҮСГЭН БАЙГУУЛСАН ХҮМҮҮС ГЭР БҮЛИЙН ХОЁР БАЙСАН ГЭДЭГ, МОНГОЛЫН БҮСИЙН ЭЗЭМШИГЧИД БАС ГЭР БҮЛИЙН ХҮМҮҮС. ТА ХОЁР БАС ГЭР БҮЛЭЭРЭЭ ЭНЭ БИЗНЕСТ ХҮЧ ҮЗЭЖ ЯВНА. ИНГЭХЭД ТА ХОЁР МААНЬ ГЭР БҮЛЭЭ ТАНИЛЦУУЛАХГҮЙ ЮУ?

Э.Эрдэнэбилэг:

-Бид хоёр оюутан байхаасаа гэр бүл болж, тэр цагаас хойш нэгнээсээ удаан ч хол байж үзээгүй, хамтдаа ажиллаж хөдөлмөрлөж явна. Би чинь Германаас ирээд энд сургуулиа төгсөөд буцаж явна гэж төлөвлөж байсан чинь нэгдүгээр курст орж ирсэн жаахан охиныг хараад бүх төлөвлөгөөгөө өөрчилсөн хүн шүү дээ. Одоо бид гурван хүүтэй. Том хүү маань МУИС-д эрх зүйч мэргэжлээр сурдаг. Багаасаа л нийгмийн идэвхитэй, арван жилд байхдаа TedX-т илтгэл тавьсан анхны сурагч болж байсан мундаг хүү бий. Салбар, салбартаа тэргүүлэгч хүмүүсийг урьж илтгэл тавиулдаг эвэнт, сайн үйлсийн аян хийдэг нийгмийн идэвхтэй. Дунд хүү маань одоо 17 настай. Орос гуравдугаар сургуульд сурдаг. Бага хүү маань дөрвөн настай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж