Путин: Хоёр тал хүчээ нэгтгэж чадвал том чулууг ч хөдөлгөнө

Хуучирсан мэдээ: 2019.04.25-нд нийтлэгдсэн

LiveПутин: Хоёр тал хүчээ нэгтгэж чадвал том чулууг ч хөдөлгөнө

Путин: Хоёр тал хүчээ нэгтгэж чадвал том чулууг ч хөдөлгөнө
17 : 40
2019-4-25

Путин: Өнөөдрийн уулзалтын талаарх мэдээллийг АНУ, БНХАУ-д дамжуулна

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин түүхэн дээд хэмжээний уулзалтын талаар хэвлэлийн бага хурал хийж байна. Тэрбээр БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уныг сонирхолтой хүн хэмээгээд өнөөдөр болсон дээд хэмжээний уулзалтын талаарх мэдээллийг БНХАУ, АНУ-д дамжуулна гэв.

17 : 09
2019-4-25

Ким Жон Ун Путинд сэлэм бэлэглэжээ

Ким Жон Ун “ОХУ-ын хүндэт Ерөнхийлөгч Владимир Путин болон энд байгаа бүх зочид төлөөлөгчдөд эрүүл энх, сайн сайхныг хүсье. Мөн бидний анд нөхөр болсон агуу ОХУ-ыг илүү сайхан хөгжин цэцэглээсэй гэж хүсч байна. Хоёр улсыг маш гайхалтай, аз жаргалтай ирээдүй хүлээж байгаа гэдэгт итгэж байна” хэмээн хундагны үг хэлжээ. 
 
 
Хүндэтгэлийн зоог өндөрлөх үеэр БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун ОХУ-ын Ерөнхийлөгчид Солонгос үндэсний сэлмийг бэлэглээд “Энэ нь хүч чадлыг илэрхийлдэг бөгөөд үргэлж хамтдаа өөдлөн дэвшихийг хүссэн би болон манай ард түмний сэтгэлийг илэрхийлнэ” хэмээн хэлжээ.
 
Ийнхүү ОХУ-БНАСАУ-ын түүхэн дээд хэмжээний уулзалт өндөрлөлөө. Уулзалт өндөрлөсний дараагаар хоёр улсын төрийн тэргүүн маш удаан гар барилцан, бие биедээ амжилт хүсч тэвэрсэн байна. Ингээд Путин Ким Жон Уныг машин хүртэл нь гаргаж өгчээ 
 

 
 
 
16 : 46
2019-4-25

Путин: Солонгосын хойгийн асуудлыг энх тайвнаар шийдэхээс өөр гарцгүй

ОХУ-ны Ерөнхийлөгч Владимир Путин болон БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нар хүндэтгэлийн зоог барьж байна. Энэ үеэр Владимир Путин Солонгосын хойгийн цөмийн зэвсгийн асуудлыг энх тайвнаар шийдэхээс өөр гарц байхгүй хэмээн мэдэгджээ.  

Мөн ОХУ Зүүн Хойд Азийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, Солонгосын хойгийн хурцадмал байдлыг намжаахад хамтарч ажиллахад бэлэн гэдгээ онцлон тэмдэглээд хүчээ нэгтгэж чадвал том чулууг хөдөлгөж чадна гэсэн Солонгос хэлц хэлжээ.

Мөн тэрбээр Солонгосын хойгийн асуудал дээр олон улсын хамтын нийгэмлэгүүд болон бусад улс орнууд идэвхтэй оролцож байж бүс нутагт энх тайвныг тогтоох, хөгжүүлэн цэцэглүүлэх зорилго биелнэ гэжээ

Хоёр улсын төрийн тэргүүний хүндэтгэлийн зоогийн үеэр ОХУ-ын дуурь, бүжгийн ансамбль тоглолтоо сонирхуулсан байна. Мөн Солонгосын алдартай бүжгийн сонирхуулав. Хүндэтгэлийн зоогийн үеэрх тоглолт "Москва-Пеньян" хэмээх дуугаар өндөрлөжээ

 

 

16 : 12
2019-4-25

Путин, Ким нар хүндэтгэлийн зоог барьж байна

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын түүхэн дээд хэмжээний уулзалт өндөрлөсний дараагаар хоёр талын удирдагчид хүндэтгэлийн зоог барьж байна. Тэдний хоолны цэсэд Алс Дорнод нутгийн амттан, Славян уламжлалт хоол багтжээ.

Үүний зэрэгцээ хүндэтгэлийн зоогийн ширээнд уригдсан зочдод хоёр улсын төрийн тэргүүн нарын дүрийг мөнхөлсөн медалийг дурсгал болгон өгсөн байна

 

16 : 04
2019-4-25

Путин, Ким нарын уулзалт өндөрлөлөө

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын Владивостокт болсон анхны түүхэн дээд хэмжээний уулзалт өндөрлөлөө. Тэдний уулзалт харьцангуй богино хугацаанд буюу гурван цаг хагас үргэлжилсэн ч хоёр тал уулзалтад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, олон чухал асуудлууд дээр санал бодлоо солилцож чадлаа хэмээн дүгнэлээ.

Владимир Путин уулзалтыг “төгс” боллоо хэмээн дүгнэсэн бол, Ким Жон Ун ОХУ-ыг “нөхөрсөг, агуу үндэстэн” хэмээн сайшаасан байна.

 

15 : 45
2019-4-25

ОХУ-БНАСАУ-ын түүхэн дээд хэмжээний уулзалтын талаар БНХАУ байр сууриа илэрхийлэв

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын түүхэнд дээд хэмжээний уулзалт нь Солонгосын хойгийн нөхцөл байдлыг сайжруулахад үнэтэй хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байна хэмээн БНХАУ байр сууриа илэрхийллээ.

Энэ тухай БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Гэн Шуан олон нийтэд мэдээлсэн байна

Тэрбээр "Орос болон БНАСАУ хоёулаа БНХАУ-ын найрсаг хөрш. ОХУ болон БНАСАУ нь өндөр дээд түвшиндээ хоёр талын харилцаагаа бэхжүүлж байгаад бид баяртай байна" гэжээ. 

 

 

 

14 : 20
2019-4-25

Путин: Ганцаарчилсан уулзалт төгс боллоо

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын ганцаарчилсан уулзалт ойролцоогоор 50 минут үргэлжилнэ гэж төлөвлөсөн байсан ч төлөвлөснөөс харьцангуй удаан буюу хоёр цаг орчим үргэлжиллээ. Ганцаарчилсан уулзалт дуусч, удирдагчид хоёр талын төлөөлөгчдийн хамт өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй уулзалтыг хийж байна. Энэхүү уулзалтын үеэр Ким Жон Ун хаалттай хаалганы цаана болсон ганцаарчилсан уулзалт маш таатай болсныг онцлоод элэгсэг дотноор хүлээж авсан ОХУ-ын төрийн тэргүүнд БНАСАУ-ын ард иргэдийн өмнөөс талархаж байгаагаа илэрхийлжээ.

Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай хийж буй ганцаарчилсан уулзалтад тайлбар өгчээ. 

Тэрбээр "Хоёр улсын удирдагчид нүүр туулсан, ганцаарчилсан уулзалт хийлээ. Бид хоёр улсын харилцааны түүх, өнөөдрийн нөхцөл байдал, цаашдын хөгжлийн талаар ярилцаж чадлаа" гэжээ. 

Мөн тэрбээр хоёр тал Солонгосын хойгийн нөхцөл байдлыг хэлэлцэж, бүс нутгийн нөхцөл байдлыг сайжруулахад шаардлагатай арга хэмжээ авах талаар зөвлөлдсөн гэдгийг онцлон тэмдэглэв.

 

12 : 37
2019-4-25

Путин Ким нар ганцаарчлан уулзаж байна

Путин, Ким Жон Ун нар энэ удаагийн уулзалт нь Солонгосын хойгийн нөхцөл байдлыг шийдвэрлэхэд тус дөхөм болж, хоёр улсын эдийн засаг, нийгэм, улс төрийн харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд өндөр ач холбогдолтойг дурдаад ганцаарчилсан уулзалт хийхээр тусгайлан бэлтгэсэн танхим руу орлоо. Энэхүү уулзалт өндөрлөсний дараа хэлэлцээ хоёр орны төлөөлөгчдийн хамт өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр үргэлжилнэ.

12 : 09
2019-4-25

Путин Ким Жон Ун нарын түүхэн дээд хэмжээний уулзалт эхэллээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Жон нарын түүхэн дээд хэмжээний уулзалт Алс дорнодын Приморскийн хязгаарын төв Владивосток хотын Русский арал дээрх Алс дорнодын холбооны их сургуулийн байранд эхэллээ. Владимир Путины нислэг хойшлогдсоноос болж тэдний уулзалт төлөвлөсөн цагаасаа бага зэрэг оройтсон. Хоёр удирдагч Алс дорнодын их сургуулийн гадна гар барилцаж мэндэлсний дараа уулзалт болох танхим руу орлоо.

11 : 33
2019-4-25

Путин Ким Жон Унтай уулзахаар Владивостокт ирлээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай уулзахаар Алс дорнодын Приморскийн хязгаарын төв Владивосток хотноо өнөөдөр өглөө /2019.04.25/ иржээ. Тэрбээр Сибирьт гарсан хээрийн түймрийг унтраах үйл явцтай танилцсаныхаа дараа Чита хотын онгоцны буудлаас шууд Владивосток руу ниссэн байна

Холбоотой мэдээ

"БНАСАУ-ын ирээдүй АНУ-аас хамааралтай биш гэдгийг харуулах боломж"

Харин Ким Жон Уны хуягт галт тэрэг өчигдөр /2019.04.24/ орон нутгийн цагаар 17.50 цагт /Москвагийн цагаар 10.50 цаг/ Владивостокт ирсэн байна. Владивостокийн төв өртөөн дээр ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Игорь Моргулов, ОХУ-аас БНАСАУ-д суугаа Элчин сайд Александр Мацегора тэргүүтэй албаны хүмүүс Ким Жон Уныг  хүндэтгэлтэйгээр угтан авчээ. Хоёр удирдагчийн түүхэн дээд хэмжээний уулзалт өнөөдөр /2019.04.25/ орон нутгийн цагаар 13.00-14.00 цагт эхлэх бөгөөд Владивосток хотын Русский арал дээрх Алс дорнодын холбооны их сургуулийн байранд уулзана гэж “BBC” мэдээлсэн байна. Тэдний уулзалтыг олон улсын 300 орчим сэтгүүлчид сурвалжлах аж. Уулзалт өндөрлөсний дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Бүс ба зам” чуулганд оролцохоор Бээжинг зорих аж.

Эх сурвалж:RT, BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж