Нөхөн сэргээсэн батарейндаа зургаан сарын баталгаа өгдөг
Нийслэлийн замын хөдөлгөөнд оролцож буй автомашины дунд приус багагүй хувийг эзэлдэг. Тэгвэл Улаанбаатарт анх удаа приус машины батарей нөхөн сэргээх лаборатори үйлдвэр байгуулагджээ. “ДЦС-III”- ын хойно байрлах “Форвард Моторс” ХХК-ийн авто үйлчилгээний төвд байрладаг уг үйлдвэрийг “Би үйлдвэрлэгч” буландаа онцоллоо. Цаашид зөвхөн приусээр хязгаарлахгүй, гибрид хөдөлгүүртэй бүх төрлийн машины батарейг нөхөн сэргээх зорилт тавьжээ. Тус үйлдвэрийн талаар “Форвард Моторс” ХХК-ийн ерөнхий захирал Г.Орхонтуяатай ярилцлаа.
-Манай улс анх удаа батарей нөхөн сэргээх үйлдвэртэй болсон байна. Үйлдвэрийнхээ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-“Тоёота” Корпорацын дэмжлэгтэйгээр Дэнсо корпорацид боловсруулсан технологид үндэслэн гибрид батарейг нөхөн сэргээх үйлдвэрийг Монголдоо байгууллаа. Судалгаа хийж үзэхэд Монгол Улсад 150 мянга гаруй приус загварын автомашин байна. Тиймээс энэ үйлдвэр манай улсад ашигтай ажиллах бүрэн боломжтой. Эдгээр машины гибрид батарейг Япон улсад 10 гаруй жил хэрэглэсэн байдаг учир манай улсад орж ирээд 5-6 жил болоод муудчихдаг. Японоос нөхөн сэргээх батарей авах гэхээр зардал их байдаг. Тиймээс иргэдийн эрэлт дээр үндэслэн “Тоёота” автомашинтай хэрэглэгчдэд зориулж гибрид батарейг нөхөн сэргээх үйлдвэрийг байгуулсан. Манай үйлдвэрийн хувьд “Дэнсо” корпорацын хилийн чанадад байгуулсан анхны үйлдвэр. Япон нөхөн сэргээсэн батарей манай улсад зарагддаг. Гэхдээ тухайн батарейг Японд нөхөн сэргээгээд нааш нь авчрах хугацаанд цэнэгээ алдана. Тиймээс тухайн газар нь хийвэл ашиглалт сайн байдаг. Үүнээс гадна цэнэг алдсан тохиолдолд дахин сэргээх боломжтой.
-Батарейг хэрхэн нөхөн сэргээдэг тодорхой тайлбарлахгүй юу?
-Хүмүүс өөрийнх нь машинд байгаа батарейг шууд цэнэглэнэ гэж ойлгоод байгаа юм. Тийм биш. Приус автомашины батарей 28 модулиас бүрддэг. Нэг батарейг зургаан үзүүлэлтээр шалгаж үзнэ. Хэдэн ч модуль эвдэрсэн байж болно.
МАНАЙ УЛСАД НЭГ БАТАРЕЙНААС 1-2 МОДУЛЬ ГАРДАГ
Солих шаардлагатай модулийг бусад модультай ижил үзүүлэлтээр тэнцвэржүүлээд угсардаг. Дараа нь төхөөрөмж дээр угсарсан батарейны цэнэгийг нь алдуулаад буцааж цэнэглэн ажиллагааг нь тогтворжуулна. Ингэснээр найдвартай ажиллагаатай батарей болж байна гэсэн үг. Түүнээс биш вольтоор нь хэмжээд, энэ батарей нурсан бусад нь зүгээр гээд өөр батарей хийвэл жаахан яваад л алдаа гардаг. Ингэж нэг, хоёроор нь солилоо гээд үр дүнгүй.
-Хүмүүст нэг, хоёроор нь солих хямд тусдаг байх. Батарейгаа бүхэлд нь нөхөн сэргээлгэхэд хэд орчим төгрөг зарцуулагдах бол. Үнийн хувьд ялгаа бий юу?
-Батарейг бүхэлд нь шалгахад нэг өдрийн ажил болдог. Тухайн хүн машинтайгаа ирж, ажлын хөлсөө төлөөд батарейгаа шалгуулан ашиглаж болох нь хэд байна гэдгийг мэдэж болно. Тухайлбал, арван модуль нь зүгээр байлаа гэхэд буцаан угсраад үлдсэнийг нь хийж болдог. Гэхдээ батарей нь бүхэлдээ ашиглаж болохооргүй болсон тохиолдолд цаг болон мөнгөний гарз болно. Ийм тохиолдолд бүхэлд нь сольсноос ялгаагүй өртөгтэй байдаг. Бүхэлд нь солиход 800 мянган төгрөг байдаг юм.
-Хүмүүсийн ашиглахаа больсон хуучин батарейг яадаг вэ?
-Япон улсад хэрэглэхээ больсон нэг машины батарейнаас 7-9 ширхэг модулийг дахин ашиглах боломжтой гэсэн тооцоолол гарсан байна. Гэтэл манай улсад 1-2, зарим батарейнаас нэг ч модуль гардаггүй. Тиймээс бүхэлд нь сольж байгаа юм. Яагаад гэвэл стандартын бус завсар буюу зөвхөн вольтоор нь үздэг. Сайн вольттой хэрнээ хэрэглэж болохгүй батарей байж болно. Батарейгаа бүхэлд нь биш нэг нэгээр нь сольсон тохиолдолд зүгээр байсан модулийг муутгадаг учир дахин ашиглах боломжгүй. Тиймээс хэрэггүй болсон батарейг нэгдсэн байдлаар цуглуулаад Япон руу гаргадаг. Одоогоор гурван контейнер гарсан байгаа. Зарим хүн хуучин батарейгаа өгөхгүй гээд аваад явдаг.
-Хуучин батарейгаа Япон руу явуулдаг нь ямар учиртай юм бэ?
-Гибрид батарей нь дотроо никель, алт гэх мэт олон нарийн бодистой. Тэр болгоныг нь ялгаж аваад устгалд оруулан түүхий эд болгож дахин үйлдвэрлэдэг. Хог хаягдлаа үлдээхгүй гэдэг утгаар Япон улс руу буцаан гаргаж байгаа юм.
-Өмнө нь нөхөн сэргээсэн батарейгаа туршиж үзсэн байх. Туршилтаа хэдий хугацаанд хийсэн бэ?
-Такси үйлчилгээ эрхэлдэг зургаан машинд тавьж, хоёр жилийн хугацаанд туршилт хийсэн. Өдөрт 150-200 км явдаг. Энэ хугацаанд ямар нэгэн асуудал гараагүй. Бид нөхөн сэргээсэн батарейндаа зургаан сарын баталгаа өгч байгаа.
-Зөвхөн приус машины батарейг нөхөн сэргээх юм уу. Цаашид хэрхэн өргөжих вэ?
-Цаашид гибрид батарейтай бүх төрлийн машины батарейг нөхөн сэргээнэ. Одоогоор судалгаа, шинжилгээний ажил хийж байна.
Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ
Холбоотой мэдээ