“Бүнээ, Сүнээ” хоёрын энэ удаагийн зочноор бяцхан жүжигчин Ц.Мичидмааг урилаа. Түүнтэй “Би нар” киноны нээлтийн үеэр цөөн хором ярилцсан юм.
-Шинэ уран бүтээл нь нээлтээ хийлээ. Бяцхан жүжигчний хувьд энэ жил уран бүтээлийн олз омог арвин байгаа бололтой?
-Найруулагч Ж.Сэнгэдорж ахын бүтээл “Би нар” кино нээлтээ хийлээ. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, хүүхэд насны гэнэн томоогүй зангийн тухай өгүүлсэн их сайхан бүтээл болсон.
-Ж.Сэнгэдорж найруулагчтай хамтарч ажиллахад хэр байв. Танай найруулагчийг их ууртай гэх юм билээ?
-Манай найруулагч бидэнтэй их дотно байсан. Яг найз шиг, ах шиг зөвлөж, хааяа бүр хамт тоглосон. Энэ кинонд үеийнхээ мундаг хүүхдүүд болон авьяаслаг ах эгч нартайгаа хамт тоглосондоо баяртай байна.
-Кино урлагийн шилдгийг шалгаруулах “Аcademe awards” наадмын хамгийн бяцхан авьяастнаар тодорсон байсан. Тайзан дээр “Шилдэг эмэгтэй жүжигчин” гэж дуудуулах сайхан байсан уу?
-Өөрийгөө тийм том шагнал авна гэж төсөөлөөгүй. Надтай өрсөлдсөн эгч нар бүгд их авьяастай, мундаг эмэгтэйчүүд. Тайзан дээр гарахдаа их догдолж, сандарсан. Тухайн үед намайг кинонд тоглуулсан найруулагч Б.Чингүүн ахдаа их баярлаж байлаа.
-Зургаан настайдаа анх кинонд тоглосон гэсэн. Ямар бүтээлд тоглож байв?
-“Зүрхэнд дуссан нулимс” кинонд туслах дүр бүтээж байсан. Анх удаа кинонд оролцоход яагаад ч юм их гоё байсныг мартдаггүй. Үүний дараа “Үлгэрийн баатар гэртээ харих замд” кинонд жүжигчин Б.Дэлгэрсайхан ахтай аав охин болж тоглосон.
-Анхны уран бүтээлээс хойш чамгүй олон кинонд тоглосон байна. Хааяа шантармаар үе байсан л байх даа?
-Зураг авалтын үед загнуулах тохиолдол их байдаг. Гэхдээ би кинонд тоглох дуртай. Мундаг уран бүтээлчдээс суралцаж, үлгэр дууриал авах нь сайхан санагддаг.
-Тэгэхээр жүжигчин болохоор шийдсэн гэсэн үг үү?
-Би эмч болохыг хүсдэг. Хүмүүст эрүүл амьдрал, аз жаргал бэлэглэхсэн гэж хүсдэг. Гэхдээ боломж олдвол уран бүтээлээ орхихгүй гэж бодож байна.
-Авьяаслаг охин маань жүжиглэхээс гадна бяцхан миссийн тэмцээнд оролцож, “UBS” телевизэд хөтлөгч хийдэг байсан байх аа?
-Ээж болон багш маань бэлдүүлж, олон улсын бяцхан миссийн тэмцээнд амжилттай оролцсон. Мөн “UBS” телевизийн “Нахиа” хүүхдийн нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж байсан. Энэ бүхэн надад өөрийгөө таниулах, нээх том боломж олгосон гэж боддог.
Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ
Холбоотой мэдээ