Одоогоос 10 орчим жилийн өмнө хараа муудах эмгэг ахмад насныханд зонхилон тохиолддог байв. Гэтэл орчин үед гар утас, таблетын цэнхэр гэрлийн нөлөөгөөр бага насны хүүхэд, залуусын хараа муудаж, нүдний өвчлөл ихсэж байгаа нь эмч нарын санааг зовоож байна. Энэ талаар “Талимаа” эмнэлгийн нүдний их эмч Д.Янжиндуламтай ярилцлаа.
– Залуу аав ээжүүд хүүхдийнхээ уйлахаас эмээж хүүхдэдээ гар утас өгдөг боллоо. Энэ нь тэдний хараа муудах шалтгаан болж байна гэх юм. Сүүлийн үед таныг зорьж ирэх хүүхдүүдийн дунд нүдний ямар өвчлөл зонхилж байна вэ?
-Орчин үед хүүхдүүдийн хараанд өөрчлөлт орж байгаа нь хотжилт, нийгмийн хөгжилтэй холбоотой. Хүүхдүүдийн ойрын хараа муудаж байгаа нь гар утас, компьютер тоглоом олон цагаар сууж тоглох, зурагт ойроос үзэхээс хамаарч гэрлийн хугарал үүсдэг. Энэ нь хүүхдийн харааны хөгжилд сөргөөр нөлөөлнө. Нөгөөтэйгүүр, хүүхдийн харааны хөгжил удамшилтай холбоотой. Эцэг эх нь хараа муутай бол хүүхдүүдэд нь удамшдаг тал бий. Гэрлийн хугаралд өөрчлөлт орох нь хараа буруу хөгжиж байна гэсэн үг. Зонхилон тохиолдож буй өвчлөлийн хувьд хүүхдүүдийн дунд нүдний үрэвсэл, нүдний хялар, төрөлхийн болон олдмол хялар, зовхины буулт мөн дутуу төрөлт ихсэж байгаатай холбоотой болрын цайлт, нүдний харааны өөрчлөлт зэрэг эмгэг зонхилж байна.
-Бага насныхан дээрх шалтгаанаас үүдэлтэй хараа нь муудаж байна. Нярай хүүхдийн нүдний хараанд бас өөрчлөлт ордог юм уу?
-Амьдарч буй орчин, нөхцлийн байдлаас хамаарч сүүлийн үед дутуу төрөлт ихсэж буй. Дутуу төрсөн хүүхдийн хараа өөрчлөгддөг. Гэхдээ тухайн хүүхдийн биеийн жингээс хамаарч нүдний торлогт өөрчлөлт орно. Хүүхэд бага жинтэй байх тусам хүндрэлтэй байдаг. Мөн хүүхдийн нүдний болрын цайлт мөн л төрөлхийн байдаг. Энэ нь ихэвчлэн удамшлын гаралтай байдаг. Эхийн жирэмсэн байх үеийн хордлого, химийн бодисоос хордсон, хөрс усны бохирдсон байдлаас хамаарч хүүхэд төрөлхийн болрын цайлттай төрдөг. Тэр дундаас хөрсний бохирдол нүдний болрыг цайлгахаас гадна арьсанд харшил өгөх, янз бүрийн тууралт өвчин үүсгэнэ. Болрын цайлт мэс заслаар эмчлэгдэнэ. Нүдэнд үүсэж цайсан болрыг мэс заслын аргаар авч байж нүдний харааг хэвийн болгоно.
-Хүүхдийнхээ хараанд өөрчлөлт орсныг эцэг эхчүүд яаж мэдэх вэ. Ийм үед хамгийн түрүүнд юунд анхаарал хандуулах вэ?
-Гэр бүлээс гадна ойр дотно байдаг хүмүүс тухайлбал, анги удирдсан багш, цэцэрлэгийн багш нь хүүхдийн хараа муудаж байгаа эсэхийг ажиглах хэрэгтэй. Хүүхэд тань зурагт ойроос үзэх, самбар дээр бичсэн зүйлийг сайн харахгүй дэвтрийн шугам давуулж, хазгай муруй бичээд эхэлбэл хүүхдийн нүдний эмчид даруй хандаарай. Ингэх нь хараа муудахаас сэргийлж, эрт арга хэмжээ авна. Хөгжингүй улс орнууд хүүхдүүдийн эрүүл мэндийг үзэхээс гадна нүдний харааг нь давхар хянадаг. Хүүхдэд харааны хөгжлөөс гадна болрын цайлт, нүдний хялар, нүдний зовхины буулт, нүдний дотор талын бүтцийн өөрчлөлт түгээмэл байдаг. Монгол хүүхдүүд бусад орны хүүхдээс биеийн хөгжлөөр сайн. Гэвч өнөө цагт хүүхдүүдийн нүдний хараанд орчин үеийн амьдралын хэв маягаас шалтгаалж эрт өөрчлөлт орж байна.
-Хүүхдийн өдөр тутмын хөдөлгөөнөөс үүнийг анзаарч болох уу?
-Бололгүй яахав. Хүүхэд гэлжийх, хэт их тонгойж эвгүй харах, нуруугаа бөгтийлгөж суух, зурагт ойроос үзээд байвал хараанд нь асуудал үүссэний шинж. Хүүхэд гэрлийн өөрчлөлтөөс болж духаараа хардаг. Хялар хүүхдүүд гэлжийж харсаар байгаад хүзүүнд нь хуурамж гэлжгий үүсдэг. Хялар харах нь хожим нүүрний хэлбэр, гоо сайханд өөрчлөлт өгнө. Тэгэхээр хүүхдээ эвгүй харах үеэс анхаарч, нүдний эмчид үзүүлэх шаардлагатай. 3-6 насанд хүүхдээ цэцэрлэг, сургуульд орохоос нь өмнө нүдний харааг нь шалгуулах хэрэгтэй. Сургуулиас өмнөх насны хүүхдүүдийг ингэж хянаж үзэхийг улс бодлогоо болгох хэрэгтэй юм.
-Хялар харах, нулимс гоожих, нүдний салст үрэвсэх нь хүүхдүүдэд элбэг тохиолддог. Үүнийг харааны шилээр засч болох уу. Эмчилгээний ямар аргууд байдаг вэ?
-Төрөлхийн хялар гэж бий. Энэ нь хүүхэд эхээс төрөөд хоёр гурван сарын дараа нүд нь дотогш хараад эхэлдэг. Үүнийг эцэг эх нь “хүүхэд маань нярай байгаа тул хараа нь тогтоогүй байна” гэж боддог. Хүүхдийн нүд хялар харах, зовхи нь өргөгдөхгүй байх, нуух гарах, нулимс гоожих, үрэвсэх тохиолдол бий. Мөн төрөх үеэс хүүхдийн нүднээс идээ гардаг. Энэ үед хүүхдэд нулимсны сувгийн битүүрэл үүссэн байдаг. Энэ нь хүүхэд бүтэлттэй төрөх үед тохиолдоно. Өөрөөр хэлбэл, нярайн үед түгээмэл тохиолддог нулимсны сувгийн битүүрлийн эмгэг юм. Хүүхдүүдийн дунд мөн зовхины эмгэг цөөнгүй тохиолддог. Зовхи нь дээш өргөгдөхгүй болохоор хүүхэд гэдийж харсаар байгаад духанд нь үрчлээ үүсч, хөмсөг нь дээр дор байрлалтай болдог. Ийм эмгэгийг нүдний мэс заслын аргаар эмчилнэ.
-Нярай хүүхдийн нулимсны суваг яагаад битүүрдэг юм бэ.Эмч нар бохирдлоос үүдэлтэй гэдэг?
-Төрөлхийн нулимсны сувгийн битүүрлийг хүүхдийг төрөх үед нь зөв оношилж эмчлэх хэрэгтэй. Төрөхийн янз бүрийн бохирдлоос үүдэж хүүхдийн нүд өвддөг. Хүүхдийн нүдний суваг төрөх үед уйлахад нулимсаар нээгдэх ёстой. Төрөлт удаашрах, хүндрэлтэй төрөх үед хүүхэд уйлахгүй удвал нулимсны сувгийн битүүрэл үүснэ. Ийм үед үрэвсэл дарах эмчилгээ хийж, аль болох хүүхдийн өөрийнх нь уйлалтаар нулимсных нь сувгийг нээх хэрэгтэй.
-Хялар хүүхэд хэдэн насандаа мэс заслын эмчилгээ хийлгэх шаардлагатай вэ. Мэс заслын аргаар, харааны шилээр засах арга нь нарийн заалттай юу?
-Төрөлхийн хялар эрт эхэлдэг. Хожуу илрэх нь харааны хөгжилтэй холбоотой. Гэрлийн хугарал нь хэвийн ч ойрын, холын харалган тэнхлэг өөр байдаг. Тухайлбал, нэг нүдний хараа нь хэвийн байхад нөгөө нүдний хараа нь өөр байх жишээтэй. Нэмэх шил зүүхэд, нөгөө нүд нь хасах шил зүүх өөрчлөлт бий. Дотогшоо хардаг хяларыг нэмэх шилээр засдаг. Хожуу хялар нь 4-5 насанд илэрдэг. Энэ нь нүдний харц гадагшаа харах, юм тогтуун харж чаддаггүй. Энэ нь ихэвчлэн хасах шилээр засагддаг. Хяларыг мэс заслын аргаар засах нь хамгийн төгс арга юм. Голдуу ойрын харааны өөрчлөлттэй хүүхэд дотогшоо хялар харах гээд байдаг. Тиймээс харааны тохирох шил зүүх нь чухал. Хялар харж байгаа хүүхдийг эмч үзэж байж нүдний шилээр эсвэл мэс заслын аргаар засахыг шийднэ. Шилээр мэс заслын аргаар засах хялар гэж бий. Шилээр засагдах хялар ховор. Голдуу мэс заслын аргаар засагдаж хэвийн хардаг болно. Нүдний эмч болгон хяларыг засчихдаггүй. Нүдний эмч нарын дунд болор, хялар, нүдний даралтын, зовхины буулт, зовхи өргөх, мэс заслын гэж бий. Төрөлхийн хялар, зовхи өргөгдөхгүй байх нь бага насанд нь илэрдэг тул хүүхдийн насны эмгэгт ордог юм. Хяларын мэс заслыг олон жил дагнаж хийсэн туршлагатай эмч нар хийдэг.
-Зарим хүүхдийн нүдний хараа хоёр өөр байдаг. Мөн зарим нь нүдний хараа муудах эмгэг, хялар харахыг удамшдаг гэж ярьдаг. Энэ хэр үнэний ортой вэ?
-Зарим хүн хүүхдээ хялар хараад эхлэхээр “Өө манай удамд хялар хардаг хүн байсан юм. Тэгээд л удамшиж байгаа биз” гэдэг. Хялар өвчин удах тусмаа хараа алдагдах аюулд хүргэдэг. Хялар харж буй нүд нь хараанд оролцохгүй болохоор хараа хөгжихгүй. Хараа хөгжихгүй болохоор залхуурал буюу харааны зогсонги байдалд хүргэдэг. Ийм үед хараа засах зорилгоор нүдний шил зүүсэн ч үр дүнд хүрэхгүй. Хүүхдийн хоёр нүдний хараа ижил хөгжиж байж эрүүл харна шүү дээ. Хараа муудах нь хэтдээ хүүхдийн мэргэжлийн сонголтод их нөлөөлдөг. Нүдний хараа сайн байх нь бүх зүйлд чухал. Хүн амьдралынхаа үйл явцын ихэнх зүйлийг нүдний харааныхаа тусламжтайгаар харж мэдэрдэг. Тиймээс хүүхдийнхээ харааг багаас нь зөв хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэй. Гэтэл эцэг эхчүүд хүүхдээ уйлахаар нь сатааруулах гэж гар утсаа өгч тоглоом тоглуулж байгаа нь буруу. Хүүхэд гар утасны дэлгэцийг олон цагаар ширтсээр байгаад хараанд нь өөрчлөлт орж мууддаг. Гар утас жижиг дэлгэцтэй байх тусмаа хүүхэд ойроос харах гэж хичээсээр хараагаа муутгадаг. Зурагт ойроос үзэх, компьютер байнга тоглох нь нүдэнд харшил өгч, мэдрэлийн системд сөргөөр нөлөөлж өөрчлөлт өгдөг.
-Нүдний шил зүүх нь харааг эмчлэх эмчилгээний нэг арга мөн үү?
-Дотогшоо хялар хардаг хүүхдийн харааг нүдний шилээр засдаг тал бий. Гэхдээ эмчийн зөвлөгөөний дагуу засах шаардлагатай. Хялар хараатай хүүхэд нүдний шил удаан хугацааны турш зүүнэ. Нүдний шил удаан зүүх нь хүүхдэд төвөгтэй санагддаг тул байнга зүүх дургүй. Гэтэл эцэг эх нь энэ байдалтай нь эвлэрч “Өө манай хүүхэд нүдний шил зүүх дургүй. Зүүхээрээ дургүйцээд байх юм. Мэс заслын аргаар засуулъя” гээд ирж уулздаг. Хүүхдийнхээ харааг зөв хөгжүүлэхийн тулд эцэг эх нүдний эмчийн зөвлөгөөг дагаж, хэлсэн зүйлийг нь баримтлах ёстой. Шил тогтмол зүүснээр гэрлийн хугарал зөв болдог. Хүмүүс нүдний шил зүүх нь харааг эмчлэх эмчилгээний нэг арга гэдгийг төдийлөн ойлгодоггүй. Хүүхэддээ тогтмол зүүлгэх шилийг дургүйцэж төвөгшөөхөөр нь хайрцагт нь хийгээд хадгалчихдаг. Уг нь хадгалах биш хараагаа зөв хөгжүүлж эмчлэх зорилготой шүү дээ.
-Хараагаа хөгжүүлэх зорилгоор нүдний шилийг хэдэн жил зүүх ёстой вэ. Нүдний эмчид жил бүр үзүүлж өөрчилж байх ёстой юу?
-Хүүхэд өсч бойжих тусам нүднийх нь хараа дагаад хөгждөг. Хүүхдийг зургаан сар тутамд нүдний шилийг нь солих уу, үргэлжлүүлж зүүх үү гэдгийг эмч үзэж байж шийднэ.
Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ
Холбоотой мэдээ