Ерөнхийлөгч Х.Баттулгын БНХАУ дахь Төрийн айлчлал эхэлсэн билээ. Түүнийг өчигдөр /04.24/ Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Кун Шюаньёу, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин нарын төлөөлөгчид угтан авчээ.
Түүнчлэн БНХАУ-ын Дяоюйтай төрийн ёслол, хүндэтгэлийн цогцолборт тус улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхжээ.
Харин өнөөдөр /04.25/Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж албан ёсны хэлэлцээ хийх юм.
Ерөнхийлөгч Х.Баттулгын айлчлалын багт Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, УИХ-ын дэд дарга, УИХ дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн дарга Я.Санжмятав, Шадар сайд Ө.Энхтүвшин, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Гансүх нарын албан ёсны төлөөлөгчид болон Ажлын хэсэг, хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөгчид дагалдан явж байна.
Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ