БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж, Владимир Путинтай “түүхэн” дээд хэмжээний уулзалт хийхээр өчигдөр /2019.04.24/ОХУ-д очсон. Хоёр удирдагчийн уулзалтыг “түүхэн” хэмээн тодотгохын учир нь Ким Жон Ун 2011 онд төрийн эрхэнд гарснаасаа хойш анх удаа эртнээс найрсаг харилцаатай байсаар ирсэн ОХУ-д айлчилж, төрийн тэргүүнтэй нь уулзах гэж буй юм. Тэрбээр өмнөд хөрш БНХАУ-д дөрвөнтөө зочилж байсан. Олон улсын ажиглагчдын үзэж буйгаар нэн тэргүүний хэлэлцэх асуудал бол Солонгосын хойгийн хямрал, цөмийн зэвсгийн асуудал гэж таамаглаж байна. Үүний араас дараа дараагийн асуудлууд болох хоёр улсын худалдаа, эдийн засаг, нийгэм соёл гээд бүхий л салбар дахь харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах, өргөжүүлэх асуудлыг ярилцах байх гэж дүгнэж байгаа аж.
ОХУ БНАСАУ-Д ХЭР НӨЛӨӨТЭЙ ВЭ?
Хоёр улс 1948 онд дипломат харилцаа тогтоож байсан ба тухайн үеийн ЗХУ нь Ким Ир Сэний байгуулсан Ардын Ардчилсан Солонгос улсыг хүлээн зөвшөөрсөн дэлхийн анхны улс юм. БНАСАУ ч мөн Крымыг ОХУ-д нэгтгэх үйл явцыг хүлээн зөвшөөрсөн 11 улсын нэг билээ. Солонгосын дайны үед ч ЗХУ Хятадтай хамт Умардуудыг дэмжиж байжээ. Ингээд 1961 онд Нөхөрлөл, хамтын ажиллагаа, харилцан тусламж үзүүлэх тухай хоёр талт үндсэн гэрээ байгуулагдсан. Үүний дараа 1984, 1986 онуудад Умардын удирдагч агсан Ким Ир Сэн ЗХУ-д айлчилж, дээрх гэрээг шинэчлэн байгуулж байв. ЗХУ задарсны дараа Ерөнхийлөгч Борис Ельциний үед хоёр улсын харилцаа суларч эхэлсэн ч 2000 онд Владимир Путин төрийн эрхэнд гарснаар ОХУ, БНАСАУ-ын харилцаа эргэн сэргэж, Путин Пёньянд айлчилж улс төр, нийгэм, эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээх асуудлыг хэлэлцэж, тохиролцоонд хүрч байжээ. ОХУ нь БНАСАУ-ын худалдааны гол түнш байсаар ирсэн төдийгүй, хүмүүнлэгийн тусламж байнга илгээдэг. Мөн одоогийн байдлаар ОХУ-д БНАСАУ-ын 8,000 орчим цагаач иргэд ажиллаж амьдардаг гэсэн тоо байдаг ба НҮБ-ын хориг тавьснаар энэ оны эцэc гэхэд тэдгээр цагаачдыг эх орон руу нь буцаах үүргийг ОХУ хүлээгээд байна.
БНАСАУ ЮУ ХҮСЧ БАЙГАА ВЭ?
Ким Жон Уны өнгөрсөн сард Дональд Трамптай хийсэн уулзалтаар хоёр тал зөвшилцөлд хүрч чадалгүй салцгаасан. Энэ бол Ким Жон Уны хүссэн үр дүн биш байлаа. Тэрбээр АНУ-тай зөвшилцөж, эдийн засагт нь чөдөр тушаа болж буй АНУ-ын хоригоос чөлөөлөгдөнө гэсэн зорилготой Ханойг зорьсон. Тиймээс БНАСАУ-ын удирдагч өөрт нь туслаж чадахаар түншийг хайж эхэлсэн ба ОХУ түүний эцсийн зогсоол байв. Энэ удаагийн уулзалт нь БНАСАУ-ын эдийн засгийн ирээдүй зөвхөн АНУ-аас хамааралтай биш гэдгийг харуулах том боломж гэж олон улсын ажиглагчид үзэж байна.
Ким Жон Ун ОХУ-д ирээд “Намайг ирэхэд Оросын ард түмэн элэгсэг дотноор хүлээн авсанд талархаж байна. Энэ удаагийн уулзалт амжилттай, ашигтай уулзалт болно гэж найдаж байна. Хүндэт Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзах уулзалтаар Солонгосын хойгийн энх тайвны асуудлаар хэлэлцэж, хоёр орны эдийн засгийн харилцааг өргөжүүлэн, бэхжүүлэх талаар үр дүнтэй яриа хэлэлцээ хийхийг хүсч байна” хэмээн хэлсэн байна.
ОХУ ЭНЭХҮҮ УУЛЗАЛТААР ЯМАР ҮР ДҮНГ ХҮЛЭЭЖ БАЙНА ВЭ?
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хувьд Ким Жон Унтай уулзах мөчийг маш их хүлээсэн гэж хэлж болно. Тэрбээр Ким Жон Уныг эх орондоо айлчлахыг урьсан. Хоёрдугаар сард болсон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын дээд хэмжээний уулзалтад ОХУ ажиглагчийн үүрэг гүйцэтгэсэн. Харин тэдний уулзалт бүтэлгүйтсэн нь ОХУ-д том завшаан болж, цөмийн зэвсгийн яриа хэлэлцээнд гол тоглогчдын хувиар эргэн ирэхэд нь тусалсан. АНУ болон БНХАУ-ын адилаар ОХУ-нь Умардын цөмийн зэвсгийн асуудалд санаа зовнидог. Гэхдээ АНУ-аас ялгаатай нь ОХУ Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах гэдэг нь бодит бус гэж үздэг бөгөөд үүний оронд Пёньянтай маш сайн зөвшилцөж, нөхцөл байдлыг тогтворжуулахыг илүүд үзэж байгаа. Цөмийн зэвсэг гэдэг бол дэлхий нийтийн энх тайван байдалд аюул занал учруулах маш аюултай зүйл. Гэвч энэ нь эргээд тухайн улс орны аюулгүй байдлын баталгаа болдог учир БНАСАУ тийм ч амархан цөмийн зэвсгээсээ татгалзахгүй гэдэгт ОХУ итгэдэг. Энэ асуудалд ОХУ ямар нэгэн байдлаар оролцох нь тус улсын хувьд нэр хүндийн асуудал. Тиймээс л Оросууд АНУ-БНАСАУ-ын харилцааг үл харгалзан Солонгосын хойгийг асуудалд оролцох гэж зүтгэж байгаа гэж шинжээчид дүгнэж байна.
Эх сурвалж:BBC