УИХ-ын гишүүн Н.Оюундарьтай улс төрийн цаг үеийн асуудлаар ярилцлаа
-Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлт 50.5 хувьтай байгаа нь бага үзүүлэлт. Үлдсэн богино хугацаанд танай намын байгуулсан Засгийн газар юун дээр илүүтэй анхаарч ажиллах шаардлагатай байна вэ?
-Бүлгийн хурал дээр намын мөрийн хөтөлбөртэй холбогдуулж би өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн. Төр хувийн хэвшлээ дэмжинэ гэж ярьдаг боловч төдийлөн ахицтай бодитойгоор дэмжиж чадахгүй байна. Жишээ нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдаа алдаж дууслаа. Хөрөнгө оруулагчид улс төрийн шийдвэрийн тогтворгүй байдлаас айсан байдалтай болчихлоо. Мөн дотоодын хөрөнгө оруулагчид ч гэсэн хүлээзнэж, харзнасан байдалтай байна. Ийм байгаа энэ үед бид зайлшгүй бодитой зүйл хийх хэрэгтэй гэдгийг би бүлгийн гишүүддээ хэлсэн. Нөгөө талаар төр ажил олгогчдыг дэмжинэ гэж ярьдаг атлаа энэ нь бодит байдалд мөн л хангалтгүй байна. Үүнийг сайжруулахын тулд хамгийн эхэнд Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж зөвхөн ажилчдын эрх ашгийг хангахаас гадна ажил олгогчдын эрх ашгийг хамгаалах тал дээр зайлшгүй анхаарах шаардлагатай. Хоёрдугаарт, Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг яаралтай хэлэлцмээр байна. Учир нь өнөөдөр бизнес эрхлэгчид маань зээлийн хүүд дарлагдаж байгаа нь бодит үнэн. Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг баталж, эрхзүйн орчныг нь нээлттэй болгосноор чөлөөт өрсөлдөөн бий болно. Гуравдугаарт, хөрөнгийн зах зээлийг онцгойд дэмжиж ажиллах шаардлага тулгарсан. Шулуухан хэлэхэд, өнөөдөр Санхүүгийн зохицуулах хороо хөрөнгийн зах зээлийг төдийлөн анхаарахгүй байна. Хөрөнгийн бирж гэдэг нэг байгууллагаас өөр энэ салбарт хийгдсэн зүйл бараг алга.
Засгийн газрын дараагийн анхаарах ёстой асуудал бол “Атрын-III” аян юм. Энэ жил “Атар газар эзэмшсэний 60 жилийн ой болно. Манай Сэлэнгэ аймаг үр тарианы 60 хувийг, төмс ногооны 30 орчим хувийг дангаараа үйлдвэрлэж, улсдаа нийлүүлдгийн хувьд Сэлэнгэ аймгийн газар тариаланг дэмжих талаар маш их ярьдаг атлаа бодит алхам хийсэнгүй. Ялангуяа зоорьны багтаамжийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Гаднын аль ч улс орнуудад төр нь ногоочид, тариаланчдаа дэмжилгүй гадна орхигдуулсан түүх байхгүй. Гэтэл манайд төрийн дэмжлэг тун хангалтгүй явж ирсэн. Тухайлбал 1000 га газартай аль эсвэл 10 мянган га газартай компаниудад тавьдаг шалгуураа нэгхэн га газартай ногоочдод адилхан тавьдаг байж болохгүй.
-Өнөөдөр бүтээн байгуулалт гэхээр дорвитой зүйл хийгдсэнгүй. Бий болгох гэж байгаа ярьж ч үндсэндээ дорвитой өөрчлөлт гарсангүй?
-Томоохон төсөл, хөтөлбөрүүд, бүтээн байгуулалтын ажлуудаа үлдсэн нэг жилийн хугацаанд багтаан хийх ёстой гэдэгт бүлгийн гишүүд санал нэгдсэн. Бидэнд хийх ажил маш их байна. Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх, Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагааг бодитой явуулмаар байна. Энэ талаар өнгөрсөн 20 гаруй жил хангалттай ярьж ирсэн ч томоохон хийгдсэн ажил бас л алга. Уг нь энэ чөлөөт бүс ОХУ, БНХАУ-ыг холбосон эдийн засгийн коридорын чухал ач холбогдолтой бүс юм.
–Нийтээрээ хулгай хийдэг, нэр хүнд нь унасан ийм эрх баригчид сүүлийн 30 жилийн түүхэнд байгаагүй. Одоо анх удаа тохиож байна гэдгийг сөрөг хүчин хэлдэг. Парламент унасан нэр хүндээ сэргээх боломж байна уу?
-Парламентын нэр хүнд унасан гэдэгтэй би хувьдаа санал нийлэхгүй байна. Ер нь бол аливаа дүгнэлтийг бодит судалгаанаас харж хэлнэ үү гэхээс биш аман яриагаар үнэлж дүгнэх нь зохисгүй юм. Тухайлбал би гол гол чухал гэсэн асуудлуудыг дурьдах нь зүйтэй гэж үзэж байна. Өмнөх онд төсвийн алдагдлыг 2 их наяд 420,4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 8 хувьтай тэнцүү байхаар баталж байсан бол энэ парламентын хугацаанд алдагдалтай байсан төсөв хэвийн хэмжээнд орж, манай улсын төсвийн орлого төлөвлөснөөс илүү нэмэгдэж, төсөв хэвийн болж ирсэн. Энэ онд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг 1 их наяд 912,6 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар тооцсон. Төсвийн алдагдлын хэмжээ ДНБ-ний 5,4 хувьтай тэнцүү байхаар байна. Өмнөх онтой харьцуулахад төсвийн алдагдлыг 500 орчим тэрбум төгрөгөөр, ДНБ-д эзлэх хэмжээг 2,6 хувиар бууруулахаар тооцсон. Цаашид ч төсвийн алдагдлыг жил бүр ийм хэмжээгээр буулгаж, төсвийн тэнцлийн алдагдал, ашгийн хэмжээг ДНБ-ий 2 хувиас хэтрүүлэхгүй байх зарчим барьж байна.
Мөн парламентын үед хийгдсэн бас нэг томоохон ажлын нэг бол цалин тэтгэвэр тэтгэмж урьд байгаагүйгээр нэмэгдсэн. Өнгөрсөн намар бага цалинтай төрийн албан хаагчид, эмч, сувилагч, багш нарын цалинг 8-30 хувиар нэмсэн. Энэ онд төрийн бүх албан хаагчдын цалин тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулан 8-10 орчим хувиар нэмэхээр болсон. Цалингийн сан өмнөх онтой харьцуулахад 418 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Үүний 151 тэрбум нь өмнөх оны цалин нэмэх шийдвэрийн нөлөөлөл бөгөөд 267 тэрбум төгрөгийг энэ оны цалингийн нэмэгдэлд зарцуулах юм. Тэтгэвэр, тэтгэмжийн сан өмнөх онтой харьцуулахад 301 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн бөгөөд үүний 160 тэрбум төгрөг нь хүн амын тооны өсөлтөөс нэмэгдэх нөлөөлөл бол 141 тэрбум энэ оны тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэлд зарцуулагдана.
Статистикийн тоон үзүүлэлтээс харахад 2017 оны байдлаар Монгол улсад нийт хүн амын 3,3 хувь буюу 103 мянга 630 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна. Үүний 15-59 насны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 28 хувь хөдөлмөр эрхэлж байна. Иймд хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенц, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль болон холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, салбар дундын зохицуулалтыг хангах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, нийгмийн амьдралд оролцох оролцоог дэмжих, хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэхэд чиглэсэн үйлчилгээг хөгжүүлэх, хөгжлийн бэрхшээлийн талаарх олон нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх чиглэлээр үй ажиллагаануудын явуулж байгаа гэх мэтээр нийгмийн олон салбарын өмнө тугамдсан асуудлуудыг шийдэхэд анхаарч ажилласан.
Үе үеийн парламентын хийж хэрэгжүүлж байсан ажлууд, баталсан хуулиуд, гаргасан хөтөлбөрүүд зэргийг харьцуулбал энэ парламент хангалттай олон эрхзүйн бичиг баримтыг гаргасан. Бодит бүтээн байгуулалтын ажлыг УИХ-ын гишүүн гүйж очоод хийхгүй шүү дээ. Харин эсрэгээрээ бодлогоор дэмжих, эрхзүйн холбогдох хууль дүрэм, баримт бичгүүдийг гаргах ажлуудыг хийх үүрэгтэй хүмүүс. Мэдээж олон нийт парламентын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж байгааг ойлгож байна. Үүнийг нь бид хүлээн авч арга барилаа өөрчилж, иргэдийнхээ хүсэл сонирхлыг сонсож ажиллах нь чухал гэдгийг хаа хаанаа мэдэрч байгаа.
-Энэ парламент түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй. Эмэгтэйчүүд бие биеэ дэмжиж, хамтарч ажиллаж чадвал нийгэмд эерэг өөрчлөлтүүдийг хийх хүчтэй гэдэг. 13 эмэгтэй гишүүд маань нэгдэж хамтарч ажиллах тал дээр дутмаг байх шиг харагддаг. Эв нэгдэлтэй байж чадаж байна уу?
-Нийт хүн амын 50 гаруй хувийг эзэлдэг эмэгтэйчүүдийн нийгэм, улс төрийн хүрээнд төдийгүй эх орныхоо их бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулсаар ирлээ. УИХ-ын сонгуулийн болон Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулиуд батлагдсанаар бүх шатны сонгуульд нэр дэвшигчдийн 25-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байх заалтууд бодитойгоор хэрэгжиж байна. Үүний үр дүнд 2016 оны УИХ-ын сонгуулиар 13 буюу 17.1 хувь нь эмэгтэйчүүд сонгогдсон. Өнгөрсөн парламентын эмэгтэй гишүүд нам харгалзахгүйгээр нэгдэн нийлж УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийг байгуулан хууль тогтоох, бодлого тодорхойлох, шийдвэр гаргах түвшинд үзэл бодлоо хүргэх, нийгэмд тулгамдсан олон эмзэг асуудлыг шийдвэрлэхэд дуу хоолойгоо нэгтгэн цэцэрлэг, сургуул, төрөх эмнэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, шийдвэр гаргах түвшинд сонгогдох болон томилогдох албан тушаалд ажиллах эмэгтэйчүүдийн оролцоо, төлөөллийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэхэд анхааран ажиллаж байсан. Эмэгтэй гишүүдийн бүлгийн ажлын залгамж чанарыг хадгалж энэ удаагийн парламентын 13 эмэгтэй гишүүн хүн амын 51.3 хувийг бүрдүүлдэг охид, эмэгтэйчүүдээ төлөөлөх, тэдний эрх ашгийг хамгаалж, нийгэм, эрүүл мэнд, боловсролын салбарт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд хамтран ажиллахаар санал нэгдэж 2017 оны арван нэгдүгээр сард УИХ-ын чуулганаар УИХ дах эмэгтэй гишүүдийн бүрэг байгуулагдан бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, дэд даргаар сөрөг хүчний төлөөлөл УИХ-ын З.Нарантуяа ажиллаж байна.
Энэ хүрээнд Хүүхдийн эрхийг хамгаалах, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн хэрэгжилтийг хангах, Боловсрол, эрүүл мэндийн салбарт төрийн үйлчилгээг үзүүлдэг багш эмч нарынхаа хөдөлмөрийн үнэлгээг бодитой болгож, цалин хөлсийг нэмэгдүүлэх, “Цэвэр агаар-Амьдралын үндэс” НҮБ-ын аянд нэгдэж агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр төр, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах, “Бохирдолгүй-Эх дэлхийн төлөө” аянд нэгдэж хөрс ус, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр төр, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах, Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн асуудал, Өрхийн эмнэлгүүдийн үйл ажиллагааг дэмжих, хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, эмэгтэйчүүдийн ажлын байрыг нэмэгдүүлэх, ахмадын асрамжийн газрын хууль эрх зүйн орчныг боловсонгүй болгох, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх, эмэгтэй гишүүдийн бүлгийн үйл ажиллагааг сурталчлах, дэмжих чиглэлээр ОУБ-уудын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, хөрөнгө санхүү босгох гэсэн үндсэн сэдвийн хүрээнд үйл ажиллагаа чиглүүлэн ажиллаж байна. Эмэгтэй гишүүдийн өргөн барьж санаачилсан хуулиудаас дурдвал, Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль, “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай” хууль, хүүхэд хамгааллын тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, нөхөн үржихүйн асуудлыг зохицуулах тухай хууль, мөн хүүхдийн байгууллага, хүүхэд хамгааллын зардалд зориулж төсөвлөсөн төсвийг 2017 онд 5 дахин нэмэгдүүлж 5 тэрбум болгосон бол 2018 онд 8 тэрбумаар төсөвлөж чадсан гэх мэт эмэгтэйчүүд, хүүхэд рүү чиглэсэн олон асуудлыг эмэгтэй гишүүд санаачлан хийж байна. Чуулганы нэгдсэн хуралдаан, байнгын хорооны хуралдаанд хамгийн идэвхтэй ирц сайтай гишүүд бол яах аргагүй эмэгтэй гишүүд байдаг. Иймд бид эв нэгдэлтэй байж, улс төрд шийдвэр гаргах тодорхой түвшин хамтран амжилттай ажиллаж байгаа гэж би хувьдаа боддог. Үүнийг ч тоон мэдээллээр харуулж байна. Ер нь бол хамтарч ажиллана гэдэг хүзүү, сээрээрээ холбогдоод хамт яваад байхын нэр биш шүү дээ. Нэгдэх зүйлд дээрээ нэгдэнэ. Мэдээж олон ургалч үзэл байгаа тохиолдолд санал зөрөлдөх ч тохиолдол гарна.
-Тэгвэл эсрэгээрээ эмэгтэй гишүүдэд саад бэрхшээл хэр тулгардаг вэ?
-Байлгүй яахав. Зөвхөн Монголд ч гэлтгүй олон улсад ч тэр эмэгтэй улстөрчдөд саад бэрхшээл гардаг. Эрэгтэйчүүд нэг ажил хийж байхад эмэгтэйчүүд бараг гурван ажил зэрэг хийж байж нийгэмд хүлээн зөвшөөрөгддөг. Энэ нь зөвхөн улс төр гэлтгүй нийгмийн хандлага. Нарийн яривал эмэгтэйчүүд сонгуульд саналаа өгөх эрх нь 100-аад жилийн өмнөхөн бий болсон шүү дээ. Энэ нь нийгэм тэр чигээрээ эмэгтэйчүүдийг хэрхэн хүлээж авдаг вэ гэдгийн бодит илрэл л дээ. Нөгөө талаар улс төр дахь эмэгтэйчүүдийн оролцоог ард түмний улс төрийн сонголтоор л шийдэж байгаа.
-УИХ-ын хаврын чуулганы эхэнд Шүүх, прокурор, АТГ-ын удирдлагуудыг солих томилгоо үргэлжилж байна. Удахгүй АТГ-ын даргыг шинээр томилох асуудал УИХ-аар орно. Ер нь томилгоо хийснээр шүүх, хууль хяналтын байгууллагад байх алдаа завхрал устаж үгүй болох уу?
–Чуулганы хуралдаан дээр шударга хараат бус шүүх тогтолцооны талаар ярьсан цөөхөн гишүүдийн нэг нь би. УИХ хууль тогтоох эрх мэдлийн хүрээнд аливаа асуудалд хандах ёстой. Өөрөөр хэлбэл энэ эрх мэдлээрээ шүүхийн хараат бус байдал руу халдаж, эсхүл хууль дээдлэх зарчим зөрчиж болохгүй.
Ээлжит бус чуулганаар Ерөнхийлөгчийн оруулж ирсэн хуулийг дэмжиж болохгүй. Монгол Улсын шүүх эрх мэдлийг хараат болгож буйтай адил хуулийн төсөл оруулж ирлээ гэдгийг би тухайн үед хэлж байсан. Нэг юм уу, нэг хэсэг хүнд зориулж хууль өөрчилдөг байж болохгүй л дээ. 2014 онд Шүүгчийн хараат бус байдалд халдаж байсан бол саяны хуулиар улам бүр төгөлдөржүүллээ. АТГ, Прокурорын байгууллага, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дохиогоор хөдөлдөг байж болохгүй. Үндсэн хуульд тусдаа бие даасан институт.
Нөгөө талаар хууль хяналтын байгууллагад бий болсон шударга бус явдал, эрүү шүүлт зэрэг асуудал байгаатай хэн ч маргахгүй. Гэхдээ цөөн хэдэн хүнээс болж салбарыг тэр чигт нь буруу ойлгох нь тун буруу. Шинэ хууль батлах гэхээсээ илүүтэй бид энэ салбарын алдаа, дутагдлыг хэрхэн засах, яаж эрүүл орчин бий болгох уу гэдгийг эхний ээлжид ярих ёстой болохоос биш нэг хүнд, тухайн цаг үе мөчид зориулсан хууль санаачлаад байж болохгүй. Гэхдээ сайн зүйл гарна байх гэж найдаж байна. Ер нь бол цааш цаашдаа анхаарахад бүхэл бүтэн системээр нь тоглож болохгүй.
-С.Зориг агсны хэргийн ялтнуудыг эрүүдэн шүүсэн хэргийг мөрдөн байцаах алба руу шилжүүлсэн гэх мэдээлэл бий. Мөн уг хэргийг шалгах Түр хороо байгуулагдсан. С. Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарыг эрүүдэн шүүж, ял тулгасан гэх асуудлыг та юу гэж дүгнэж байна вэ?
-Эрүү шүүлт бол одоогийн Эрүүгийн хуулиар онц ноцтой гэмт хэрэг. Эрүү шүүлтийг хэн үйлдсэн бэ гэдгийг шударгаар тогтоож хатуу шийтгэх ёстой. Гэхдээ энэ нь дээрх хуулиар дурын шүүгчийг дуртай үедээ түдгэлзүүлдэг болж, Үндсэн хуульт байгууллаа бүр мөсөн нураах шалтгаан болж болохгүй. Хэзээ ч бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх боломжтой тохиолдолд бие даагаад шийдвэр гаргасан шүүгч “шийтгэгдэнэ” эсхүл “үгэнд орно”. Хараат бус шүүхийн үндэс суурь бүр мөсөн байхгүй болбол хэн бүхэн хохирно. “Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” болно. Ингэж “жоомоо алах гээд байшингаа шатаах”-гүйгээр эрүүдэн шүүсэн этгээдүүдэд хуулийн хариуцлага тооцох бүрэн боломжоо ашиглах хэрэгтэй.
-Хэд хэдэн улсын Элчин сайд нарыг томилох асуудал удахгүй хэлэлцэгдэнэ. Ер нь Элчин сайд нар мэргэжлийн байж чадаж байна уу. Улс төрийн шагнал мэтээр нийгэмд ойлгодог. Гадаад харилцааны яаманд ажиллаж байсан хүний хувьд энэ тухайд юу хэлэх вэ
-УИХ-ын зүгээс Элчин сайд нарын томилгоог аль болох мэргэжлийн байлгах гэж хичээж байгаа. Гишүүд бид ихэвчлэн мэргэжлийн хүмүүсийг Элчин сайдаар томилохыг дэмжиж ирсэн. Одоо сонсогдож байгаа Элчин сайдад нэр дэвшигч нарын дийлэнх нь мэргэжлийн дипломатууд байна. Өмнө нь улс төрчдөөс томилгоо хийж байсан удаатай, гэхдээ улс төрчид томилогдоход ч бас хоёр улсын харилцаанд ахиц гардаг сайн талууд ч байсныг үгүйсгэж болохгүй. Тухайлбал Ш.Гунгаадорж Казакстан улсад, Д.Батжаргал Япон улсад, Т.Ганди, З.Батбаяр, Ж.Эрдэнэчимэг нар Унгар улсад гэх мэтчилэн Монгол улсыг төлөөлөн Элчин сайдаар ажиллах хугацаандаа хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн ажиллаж байсан. Гэвч сайны хажууд саар гэгчээр томилгоог тэр бүр улстөрчид хоорондоо тохирч чадахгүй байгаагаас болоод Элчин сайд нараа томилж чадахгүй жил гаруй боллоо. Үүний үр дагавраар Япон, БНСУ-д суух Элчин сайдгүй байгаагаас хоёр орны хамтын ажиллагаа зогсонги байдалд орж, тэр дундаа манай улсад хэрэгжих байсан төсөл хөтөлбөр, зээл тусламжууд зогсонги байдалд ороод байгаа.
Буцах хугацаа нь болсон хэд хэдэн Элчин сайд нар хэзээ эгүүлэн дуудагдахаа ч мэдэхгүй, ажил мэргэжил, гэр бүлийн хувьд ч төлөвлөлтөө хийж чадахгүй, үр хүүхдээ сургууль, цэцэрлэгээс нь завсардуулах гэх мэтчилэн олон бэрхшээлтэй сууж байна. Энэ жил 10 гаруй улсын Элчин сайд нарыг томилох ёстой. Гэтэл томилгооны асуудал хэзээ орж ирэх нь тодорхойгүй байна. Магадгүй хэлэлцүүлгийн үед зарим томилгоо дээр асуудал үүсэхийг үгүйсгэхгүй.
-Та УИХ-ын гишүүний үүргээ хэр хангалттай гүйцэтгэж байна гэж хэлэх вэ?
Сонгогчид маань дүгнэх болов уу. Миний хувьд хийж хэрэгжүүлсэн ажлууд нэлээд бий. Эмэгтэй гишүүн гэдэг утгаараа сонгогчидтойгоо арай ойр ажилладаг юм уу л гэж харлаа. Монгол Улсын эдийн засгийн энэ хүндрэлтэй үед улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 18 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтыг тойрогтоо хийхээс гадна сум орон нутагт гадаадын хөрөнгө оруулалтуудыг буцалтгүйгээр татах тал дээр анхаарал хандуулан ажиллаж байна. Энэ хүрээнд БНТУ-ын Ерөнхий сайдын дэргэдэх Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг /Тика/-ийн төслийн хүрээнд Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт Хүүхдийн яаралтай тусламжийн тасгийг тохижуулж, мөн Шаамар суманд зөгийн өвлийн зоорийг 100 хувийн буцалтгүй тусламжаар барьсан. Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн “Өвсний үндэс” хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөрийн хүрээнд “Сүхбаатар сумын Улсын тэргүүний гуравдугаар цэцэрлэгийн өргөтгөлийн байрны их засвар”, Герман-Тайланд-Монгол гурван талт хамтын ажиллагааны хүрээнд “Монгол Улсын тогтвортой аялал жуулчлал, хүртээмжтэй эдийн засаг” төслийг Сэлэнгэ аймагт хэрэгжүүлэн 30 мянган евро буюу 88 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг авсан.
Кувейт Улсын Засгийн газрын санхүүжилтээр Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэг, Мандал сумын нэгдсэн эмнэлэг тус бүрт 200 сая төгрөгийн өртөгтэй тоног төхөөрөмж, иж бүрэн тоноглол бүхий 300 сая төгрөгийн үнэтэй яаралтай түргэн тусламжийн хоёр ширхэг автомашиныг шийдвэрлэсэн гэх зэрэг ажлуудыг амжилттай хэрэгжүүлээд байна.
Боловсролын салбарт БНХАУ, Турк, Япон улс руу 100 хувийн тэтгэлэгтэйгээр оюутнуудыг суралцуулж байгаа бөгөөд БНХАУ-ын худалдааны яамтай хамтран хөдөө аж ахуй, мөөг тариалах, аялал жуулчлал зэрэг хоёр сарын сургалтад багагүй иргэдийг богино хугацааны хамруулсан. Сэлэнгэ аймгийнхаа Сүхбаатар сумыг БНСУ-ын Жон Сон Гун мужтай хамтын харилцаатай найрсаг хот болгохоор ажиллаж байна. Энэ зун Солонгосын талаас тус мужийн удирдлагууд айлчлан ирэх төлөвлөгөөтэй байгаа юм.
Мөн Солонгос улсын нүдний эмч нарыг урин ирүүлж тойргийнхоо 300 гаруй иргэдэд үзлэг оншилгоог хийж, нүдний шилийг нь Солонгос Улсад тохируулан хийж өгсөн.
ХБНГУ-ын “Хил хязгааргүй шүдний эмч нар 8494 иргэдэд үнэ төлбөргүйгээр эмчилгээ оношилгоо хийсэн зэрэг ажлуудыг голдуу гаднын улсаас хөрөнгө мөнгийг нь шийдүүлэн буцалтгүй тусламжаар тойргийн иргэддээ эрүүл мэнд, боловсролд нь хөрөнгө оруулалтыг хийж ажиллаж байна.
Тойргийнхоо иргэдийн соёл, урлаг, спорт, биеийн тамирын асуудлыг анхаарч өнгөрсөн онуудад “Иргэдийн спортын их наадам”, Баатар ван Наваан Юндэнгийн нэрэмжит “Яруу найргийн наадам”, Сэлэнгэ нутгийн нийт оюутнуудын дунд “Урлагийн анхдугаар их наадам” зэргийг зохион байгуулахад манай иргэд, сонгогчид ихээхэн идэвхитэй оролцсон төдийгүй тэдний маань хүсэн хүлээсэн арга хэмжээнүүд байсан гэж би боддог. Товчхон хэлэхэд нэг иймэрхүү байна.
–Яллагдагч Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан хэдэнтээ хойшлогдож байна. Та уг хэрэгт анхнаасаа анхаарал хандуулж байгаа. Талийгаачийн эхнэртэй хамгийн сүүлд хэзээ уулзав?
-Хэдхэн хоногийн өмнө талийгаачийн эхнэртэй нь уулзсан. Шүүхийн шийдвэр үнэн зөв гараасай гэж хүсч байгаа. Тэр утгаараа өөрсдөө хүсэлт гарган шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан тохиолдолд бий.
Холбоотой мэдээ