Монголын хип хоп ертөнцөд өөрийн үзэл бодлоо дуугаараа дамжуулан чөлөөтэй илэрхийлдэг реппер Maaraa буюу Б.Амархүүтэй онлайнаар ярилцлаа. Залуус түүнийг Реппер дуучин гэдгээр нь андахгүй. Хип хоп дуучид ихэвчлэн хатуу ширүүн үг хэллэгтэй, амьдралын бараан дүр зургийг дуугаараа илэрхийлдэг. Харин түүний дуунд эх орноо санах, аав ээжийгээ санасан залуу хүүгийн бус нас биед хүрч, төлөвшсөн эр хүний бодол хүсэл, үг үйлдэл харагдана. Түүний хувьд одоогоос хоёр жилийн өмнө анх сонсогчидтойгоо”Young 4eva” дуугаараа уулзаж байв. Тэрбээр өдгөө БНСУ-д ажиллаж амьдарч байгаа ч уран бүтээлээ завсарлахгүй хийсээр байгаа билээ. Хамгийн сүүлд нэгдүгээр сард “Яааядаа байз” нэртэй хоёр дахь цомгоо гаргасан юм.
НЭГ ГАЗРАА, НЭГ ТҮВШИНД БАЙГААД БАЙВАЛ ХҮН ХӨГЖИХГҮЙ
-Реппер Maaraa ямар мэргэжилтэй хүн бэ. Хэзээ сургуулиа төгсөж байв?
-Би 2017 онд кино урлагийн их сургуулийн найруулагчийн ангийг төгссөн. Би өөрөө урлагийн гэр бүлд төрсөн. Манай аав насаараа Үндэсний радио телевизэд найруулагчаар ажилласан. Би багаасаа л аав шигээ найруулагч болохыг хүсдэг байлаа. Гэхдээ шүлэг бичих багахан авьяасаа тордож усалсны үр дүнд уран бүтээлээ гаргаад багагүй хугацаа өнгөрсөн байна. Цаашид мэргэжлээрээ ажиллахыг мөрөөддөг.
–Найруулагч болох мөрөөдөлтэй залуу анх хип хоп–той хэрхэн холбогдов?
-Би багаасаа л дуулах дуртай хүүхэд байсан. Долдугаар ангиасаа шүлэг бичиж эхэлсэн. Би эхээс хоёулаа. Дээрээ нэг ахтай. Намайг 14 настай байхад ах маань МР3 хөгжим бэлэглэж байсан. МР3-ыг сонсоход дотор нь дан хип хоп дуунууд байсан. Тэгээд л хип хоп урсгалд дуртай болсон байх.
–Уран бүтээлийн оргил үе дээрээ БНСУ–ыг зорьсон юм шиг санагддаг? Яагаад гадагшаа явах шийдвэрийг гаргасан юм бэ?
-БНСУ-д ирээд жил хагас болж байна. Би өөрийгөө голж эхэлсэн. Хэн нэгэнтэй харьцуулж биш өөрөөсөө мэдэрсэн тэр мэдрэмжээ дахиж мэдрэхийг хүсээгүй. Шинэ зүйл, шинэ мэдрэмжийг хүссэн. Нэг газраа, нэг түвшинд байгаад байвал хүн хөгжихгүй. Тийм учраас өөрийгөө илүү хатуужуулж ажил хийнгээ илүү сонирхолтой өндөр хөгжилтэй орны түүх соёлтой нь танилцахыг хүссэн.
–Гадаадад тодорхой хугацаанд амьдрахдаа юуг сурч мэдэв ?
-Би энд ирснээр хамгийн түрүүнд өөртэйгөө тулсан. Өөрөөс чинь өөр хэн ч чамд туслахгүйг ухаарна.
Өдий болтол юу хийж, яаж цаг алдсанаа жинхэнээсээ ойлгодог юм байна. Яваандаа гарц шийдлээ олно.Үүнээс гадна мөнгөний үнэ цэнийг мэдэрч, зарцуулж тооцоотой амьдарч сурдаг юм байна. Ажлын ачаалал дааж сурна, xүний үгийг сонсож сурна, төрсөн газар эх орныxоо үнэ цэнийг ойлгоно, үгээр xэлж, үнэлж боломгүй амьдралын туршлага хуримтлуулна, хатуужил тэвчээр сууна, гэх мэтээр тоолоод ханашгүй их юмыг сурдаг юм байна.
Үнэнийг хэлэхэд би монголд байхдаа ажил хийхийг хүсдэггүй байсан. БНСУ-д ирж ажилссанаар тэсвэр хатуужил сууж байна. Эр хүн болж төрснийх ажил хийж сурах ёстой. Ажлаа хийнэ давхар уран бүтээлээ ч гаргаад явж байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд их олон зүйл сурч мэджээ.
ХАР АЖИЛ ХИЙНЭ ГЭДЭГ БОХИР ТООСТОЙ ХУВЦАС ӨМСӨХӨӨС ЭХЭЛДЭГ
-Нууц биш бол БНСУ–д ямар ажил хийж байгаа вэ?
-Тогтмол нэг ажил биш, олдож байгаа ажлуудыг хийж байгаа. Үүнээс гадна БНСУ-д байдаг “MGL event” нэртэй шоу арга хэмжээ зохион байгуулдаг монгол залуусын нэгдэл “Mazaalai World” нэртэй апплейкшныг монгол хүмүүстээ зориулж гаргасан. Удахгүй албан ёсны нээлтээ хийнэ.
Бид хоёр жилийн турш үүн дээр ажилласан. Өөрсдийнхөө хүч хөдөлмөрөөр олсон мөнгөөрөө апплейкшныхаа хөгжүүлэлтийг хийсээр ирсэн. Энэхүү апплейкшныг татаж авснаар солонгосын хаана ямар газар байгааг мэдэх бүрэн боломжтой. Ерөнхийдөө солонгост байгаа газруудын байршлыг монголчилсон газрын зураг гэсэн үг.
Хоолны газар, сургууль гэхчлэн байршлууд нь бүгд монгол хэл дээр байгаа. Заавал гадаад апплейкшн татах шаардлагагүй гэсэн үг.
-“Хар ажлын хувцаснаас салж өдөр бүр ганган хувцаслах цаг минь дөхсөөр байна гэх тайлбартай зургаа өөрийн фейсбүүк хуудсандаа хийсэн байсан. Энэ талаар дурдвал?
-Хар ажил хийнэ гэдэг бохир тоостой хувцас өмсөхөөс эхэлдэг. Миний хувьд бохир хувцас өмсөх бол асуудал биш. Одоо байгаагаасаа илүү өндөр түвшинд гарахын тулд хар ажил хийх үе хүн бүрт байдаг. Эр хүн туг ч барина тугал ч хариулна. Юм бүхнийг үзэх ёстой гэж боддог. Амьдрал тийм энгийн биш. Та амьдралыг энгийн гэж бодвол энгийн байж магадгүй. Гэхдээ амьдрал бол маш хэцүү мөртлөө олон даваануудын ард гардаг тоглоом шиг санагддаг. Бүгдийг нь шантралгүй даваад тэр бүхний ард нь гарах л хэрэгтэй.
–Тэгвэл хэзээ Монголдоо ирэх вэ? Монголдоо ирээд хамгийн түрүүнд юу хийхээр төлөвлөж байна даа?
-Нэг жилийн дараа очно. Монголдоо очоод бие даасан тоглолтоо хийх зорилготой байгаа. Бүрэн хэмжээний тоглолт хийхийн тулд мэдээж сайн дуунуудтай байх хэрэгтэй. Хамгийн том ажил нь гурав дахь бие даасан цомгоо гаргана даа.
МИНИЙ ДУУНЫ ҮГЭНД ХЭТРҮҮЛЭГ, ХУДЛАА ХИЙСВЭР ҮГ БАЙДАГГҮЙ
-Maaraa–ийн дууны үг нь бусад залуу репперүүдийнхээс өөр түвшинд байдаг юм шиг санагддаг. Өөрийг тань сонсдог хүн бүр надтай санал нийлэх байх?
-Хип хоп бол үнэнийг хэлэх урлаг. Миний дууны үгэнд хэтрүүлэг, худлаа хийсвэр үг байдаггүй. Хүн бүрийн амьдралд байдаг л зүйлийг дуулдаг болохоор залууст илүү ойрхон санагддаг байх л даа. Гэхдээ нэг асуудлыг барьж аваад цаад гүн гүнзгий утгыг нь тэлээд өгөхөөр гарц илүү тодорхой болж өгдөг. Миний дуунууд яг сонсдог ном шиг. Хийсвэр биш амьдралын бодит үнэнгийн талаар дуулдаг гэж ойлгож болно. Би дуунуудаа хүмүүстэй ойлголцдог, ярилцдаг хэлээрээ бичдэг. Гэхдээ тэрийг сонсогчид дүгнэх байх. Би хүмүүст таалагдах гэж биеэ барилгүй өөрийнхөөрөө л байдаг. Намайг байгаагаар минь ойлгож байгаа хүмүүс л миний жинхэнэ нөхөр болж явдаг гэж боддог.
-Тэгвэл уран бүтээлээрээ юуг илэрхийлэхийг зорьдог вэ?
-Уран бүтээл гэж ярьж чаддаггүй юм. Дуртай болохоороо л дуугаа гаргаад явдаг. Би хүслээрээ амьдардаг. Би юу хүснэ тэрийгээ хийдэг. Хэрэв хүсэхгүй бол юу ч хийхгүй байж чадна. Харин хүсэх юм бол хийж байгаа зүйлээ тултал нь хийдэг.
Би өөрийгөө бусдад илэрхийлж, нийгэмд болохгүй байгаа зүйлийг дуугаараа илэрхийлдэг. Дуу маань хит парадад тэргүүлэхдээ чухал биш. Миний дууг арван хүн сонслоо гэхэд ядаж тав нь ойлгож, гурав нь амьдралдаа тусгаад хэрэгжүүлж эхлэх юм бол тэр амжилт. Би тэгж бодож дуугаа хийдэг.
Харин уран бүтээлээрээ юуг илэрхийлэхийг хүсдэг вэ гэхээр их амархан. /инээв/ Амьдралаа хийсвэр болголгүй худал хуурмагаас хол байхыг л илэрхийлэхийг хүсдэг. Хүн юу тарина тэрийгээ л хурааж авна гэж үг байдаг даа. Чи худлыг таривал, худлыг хурааж аваад шалбааг дунд унана. Үнэн гэдэг жимс тарих юм бол цаашдаа илүү гоё жимс хураахын төлөө явна. Өнөөдөр гоё жимс идсэн юм чинь маргааш дахиад гоё жимс идэх боломж хүн бүрт бий.
-Өөрийн тань үеийн репперүүд монголд цөөнгүй бий. Өөрөө тэдний талаар юу гэж боддог вэ? Монголын хип хоп урсгалын түвшин хэр хэмжээнд байгаа бол?
-Би хүнийг дүгнэх дургүй. Учир нь тухайн хүн өөрийн гэсэн тархитай. Юм яриад суувал бүгд ижилхэн ч өөр өөрийн гэсэн онцлог ертөнцтэй хүмүүс. Цаг хугацааны эрхэнд хэн нь хэн бэ юу хийсэн бэ гэдэг нь харагдана. Би бүгдэд л амжилт хүсдэг. Тэд сайн уран бүтээл хийвэл өөрсдөд нь л ашигтай. Би сайн уран бүтээл хийвэл надад л ашигтай. Түүнээс биш би хэн нэгнийг дүгнэхийг хүсэхгүй байна. Цаг нь ирэхээр бүх зүйл тодорхой болно.
ХЭНЭЭС Ч ХАРААТ БУСААР БИ ӨӨРИЙГӨӨ БҮТЭЭЖ БАЙНА
–Шантарч байсан үеэ хэрхэн давж байв?
-Би тийм үед тохиолдвол унтчихдаг. Унтаад сэрэхэд бүх зүйл арай өөр болсон юм шиг санагддаг. Хэрэв цаг хугацаа нь тулсан үед өөрийгөө дайчилж зүтгүүлдэг. Угаасаа үүнээс өөр аргагүй. Эргээд харахад хүнд хэцүү байсан үе маань л хамгийн аз жаргалтай үе болж таардаг. Шантарч уур хүрч байсан үеэ одоо бодоход би тэр үеийг давсан болохоор л одоо энд байна гэж бодогддог. Шантралгүй явсны эцэст гарч байгаа үр дүн нь амжилт. Амжилтаас өмнө нь шалгуур зүдгүүр гэсэн олон даваа байдаг. Давааг давсны эцэст амжилтад хүрлээ гэхэд дахиад л шинэ амжилтыг бүтээхийн тулд олон шалгуурт өөрийгөө дайчилж, зүтгүүлж хүрнэ. Хоёр жилийн хугацаанд уран бүтээлээ хийхдээ би бүгдийг болгосоор ирсэн. Хэний ч дарамт шахалт надад тулгардаггүй. Өөрийнхөө хүссэн зүйлийг хийхэд цаг хугацаа, зүтгэл шаардагддаг.
–Тэгвэл Maaraa өөрийгөө олж чадсан уу?
-Хүн өөрийгөө олно гэж байхгүй. Харин өөрийгөө бүтээнэ гэж байдаг. Би өөрийгөө бүтээгээд явж байна. Би өөрийгөө дайчлаад хамгийн хүнд гэсэн ажлуудыг хийгээд өөрийгөө илүү хурцлаад явж байна. Хэнээс ч хараат бусаар би өөрийгөө бүтээж байна. Би одоо ямар ч ажил хийсэн шантрахгүй. Ямар ч ажилд нурж унахгүй. Өөрийнхөө хөлснийхөө дусал бүрийг мөнгө болгоод өөрийгөө хэнээс ч дутахааргүй авч явна. Гэр бүлийнхээ ачийг сайн явж хариулна гэж боддог.
–Та ямар стиль, имижтэй хүн бэ?
-Айхтар стиль, имиж гэх нь хаашаа юм. Өөртөө таалагддаг хувцсаа л өмсдөг. Түүнээс хэт гангарахгүй. Би өмнө нь бусдад сайхан харагдахын тулд биед тухгүй хувцас өмсдөг байсан. Одоо бол илүү энгийн байхыг эрхэмлэж байна. Хүн нь өөрөө гэрэлтэж чадвал хувцас бол тийм ч чухал зүйл биш.
–Залуу хүний хувьд баримталдаг зарчим?
-Би эерэг, сайхан сэтгэлтэй, шударга байх зарчмыг баримталдаг. Намайг хүмүүс шүүмжилдэггүй харин ч хайрладаг. Түүнд нь би маш их баяртай байдаг. Азтай юм шиг санагддаг шүү. /инээв/ Бусад репперүүдийг Youtube хуудасны коммент хэсэгт шүүмжилдэг мөртлөө намайг хүмүүс өмөөрч хайрлаж урам зориг өгдөг. Тэдгээр хүмүүсийнхээ урам зоригийг алдахгүй. Илүү их сайн сайхныг бүтээхийн төлөө хичээнэ.
-Өсвөр насныхан хип хоп их сонсдог шүү дээ. Тэд нарт хандаж юу гэж хэлэх вэ?
-Битгий залхуураарай гэж хэлмээр байна. Намайг сонсдог, дэмждэг бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлье. Намайг залж, чиглүүлдэг зүйл бол дэмждэг хүмүүсийн минь урмын үгс юм шүү.
Холбоотой мэдээ