НБА-н плэй-оффын эхний шатанд учраа таарсан Портлэнд Трэйл Блэйзерс болон Оклахома Сити Тандер багуудын цуврал өндөрлөлөө. Энэ цувралд Портлэнд Трэйл Блэйзерс баг 4-1 харьцаатай ялалт байгуулсан бөгөөд хоёр багийн цувралын 5 дахь тоглолт өнөө өглөө Портлэнд хотын “Moda Center” ордонд болж 118-115 харьцаатай талбайн эздийн ялалтаар өндөрлөсөн байна. Тоглолтын үндсэн цагийн төгсгөлд хоёр баг 115-115 харьцаатай байх үед Д.Лиллард цаг дуусах мөчид П.Жоржийн өөдөөс 3 онооны шидэлт гүйцэтгэн базераар ялалт байгуулсан. Ийнхүү Портлэнд Трэйл Блэйзерс баг плэй-оффын 2-р шатанд шалгарсан бол Оклахома Сити Тандер баг сүүлийн 3 улирал дараалан плэй-оффын эхний шатнаас улирлыг өндөрлүүлж байна.
Энэ тоглолтонд Д.Лиллард 50 оноо авч шилдэг тоглолтоо гаргасан бол түүнд Сей.Жи.МкКоллум, М.Харклэсс нар тус бүртээ 17, Э.Кантер 13 оноогоор тус хүргэжээ. Ерөнхийдөө энэ тоглолт Д.Лиллардын шоу тайм болсон юм. Тэдний өрсөлдөгч Оклахома Сити Тандер багаас П.Жорж 36 оноо, Р.Уэстбрүүк трибл-дабль хийж 29 оноо, 11 самбар, 14 оновчтой дамжуулалт өгсөн ч баг нь хожил авч чадсангүй.
Үүнээс гадна энэ өдөр Торонто 115-96 харьцаатай Орландог, Фили 122-100 харьцаатай Брүүклиныг хожиж плэй-оффын дараагийн шатанд шалгарсан бол Денвер 108-90 харьцаатай Сан-Антониог хожин цувралыг 3-2 болгоод байна.
Б.БЯМБАБАЯР