НББСШУБХ: Хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2019.04.24-нд нийтлэгдсэн

НББСШУБХ: Хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

НББСШУБХ: Хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2019.04.24/ хуралдаан 11.15 цагт 52.6 хувийн ирцтэй эхэлж, Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн  хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг танилцуулав.

Эрдэм шинжилгээний байгууллагууд өөрийн судалгааны үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж чадахгүй байгаагаас эрдэм шинжилгээ, судалгааны ажлын онол, арга зүйн хүрсэн түвшин буурах, оюуны болон материаллаг нөөц хомсдох, улмаар байгууллагын чадавхи, судалгаа боловсруулалтын ажлын чанар, эдийн засаг, нийгмийн үр өгөөжийг бууруулахад хүргээд буйг сайд мэдээллийнхээ эхэнд дурдсан.

Тиймээс улс орны болон салбарын хөгжлийн бодлого, эрх зүйн шинэчлэл, дэлхийн улс орнуудын шинжлэх ухаан, технологийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулан дээрх хуульд зарим нэмэлт, өөрчлөлтийг оруулах хэрэгцээ, шаардлага үүссэн гэлээ.

Хуулийн төсөлд “Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаа”, “судалгаа хөгжүүлэлтийн ажил”, “шинжлэх ухаан, технологийн үйлчилгээ”, “судалгааны ажлын үндсэн чиглэл” гэсэн нэр томьёоллыг олон улсын жишигт нийцүүлэн шинээр тодорхойлж, хуулийн төслийн холбогдох заалтуудад тусгажээ.

Ингэснээр шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааг зөвхөн тус салбарт ажиллаж байгаа эрдэмтэн, судлаачдын үйл ажиллагаагаар хязгаарлаж байсан хуулийн агуулгын хүрээг тэлж, шинжлэх ухаан, технологийн судалгаа хөгжүүлэлтийн ажил гүйцэтгэх, боловсрол олгох болон үйлчилгээ үзүүлэх гэсэн цогц үйл ажиллагааны нэгдэл болон хэрэгжихээр зохицуулсан байна.

Үүнтэй уялдан нэмэгдэж байгаа чиг үүргийг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхэд шинээр хамааруулсан аж.

Мөн шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлэх, төрөөс баримтлах бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангах ажлыг эрчимжүүлэх зорилгоор яам, аймаг, нийслэл Шинжлэх ухаан, технологийн зөвлөлтэй байхаар хуулийн төсөлд тусгаж, яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийг шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны удирдлагын тогтолцооны бүрэлдэхүүнд оруулжээ.

Захиргааны ерөнхий хуультай уялдуулан салбарын үйл ажиллагаатай холбоотой зарим эрх зүйн баримт бичгийг батлан хэрэгжүүлэх чиг үүргийг Шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхэд тусгасан байна.

Эрдэм шинжилгээний байгууллагын санхүүгийн чадавхийг бэхжүүлэх зорилгоор үйл ажиллагааны үндсэн чиглэлээрээ гэрээт ажил гүйцэтгэх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх, шинжлэх ухаан, технологийн тусгай мэдлэг шаардлагатай эрүү, иргэн, захиргааны хэрэгт эрх бүхий байгууллагын шийдвэрээр шинжээчээр ажиллахаар хуулийн төсөлд тусгасан байна.

Түүнчлэн шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны санхүүжилтийн зарчмыг шинэчилж, судалгаа хөгжүүлэлтийн ажлыг санхүүжүүлэх журмыг тогтоож өгчээ. Ингэхдээ судалгаа хөгжүүлэлтийн ажлыг Засгийн газрын баталсан журмын дагуу дараах хэлбэрээр санхүүжүүлэхээр, эрдэм шинжилгээний байгууллагад судалгааны үндсэн чиглэлээ хэрэгжүүлэхэд нь улсын төсвөөс санхүүжилт олгох, шинжлэх ухаан, технологийн төсөл сонгон шалгаруулж санхүүжүүлэхээр тусгасан аж.

Шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн эрдэм шинжилгээний байгууллагын судалгааны үндсэн чиглэлийг тэдгээрийн шууд харьяалах дээд байгууллагатай нь хамтран тогтоож, санхүүжилт олгохоор зохицуулжээ.

Мөн шинжлэх ухаан, технологийн төслийн захиалагч, гүйцэтгэгчийн үүрэг хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр зарим зохицуулалтыг төсөлд тусгажээ.

Эрдэм шинжилгээний ажилтны зэрэг дэвийг тогтоох зорилгоор аттестатчиллыг явуулж байх, хүндэтгэн үзэх шалтгаанаар ээлжит аттестатчилалд хугацаандаа хамрагдаж чадаагүй эрдэм шинжилгээний ажилтныг нөхөн хамруулж байх зохицуулалтыг тусгасан бөгөөд энэхүү заалт батлагдан хэрэгжсэнээр аттестатчиллын үндсэн агуулга өөрчлөгдөн, тухайн хугацаанд хийж бүтээсэн ажил, ур чадвараа үнэлүүлэх, түүндээ тохирсон зэрэг дэвийн нэмэгдлийг хүртэх боломж бүрдэнэ гэж тооцжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Тухайлбал, судалгаа хөгжүүлэлтийг хуульд тодорхой тусгах, эрдэм шинжилгээний ажиллагааг зөвхөн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан хийхгүй, хүрээ нь өргөн байх ёстой учир энэ асуудлыг эргэн хараач гэсэн санал хэлж байлаа. Их сургуулийн доктор, профессоруудыг энэ ажилд илүүтэй татан оролцуулах асуудлыг тусгах, санхүүжилтийн асуудлыг нарийвчлан тусгах, эрдэм шинжилгээний ажилтан бэлтгэх асуудлыг тусгахдаа үйлдвэрлэл, практик руу ойртуулах, туслийг бусад хуультай уялдуулах асуудлыг хөндсөн.

Ингээд хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаан оролцсон гишүүдийн 84.6 хувь нь дэмжсэн учир Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Дараа нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон, нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаагаар ахлуулан байгуулав.

Түүнчлэн Эрүүл мэндийн тухай болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон, нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчийг томиллоо. Тус Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн М.Билэгт өөрийн хүсэлтээр Ажлын хэсэгт ажиллахаас татгалзсан учир хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүг томиллоо хэмээн УИХын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж