“Сант Марал”-ын хамгийн сүүлийн судалгаагаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх рейтингээрээ топ 10 улстөрчдийн нэгд жагссан. Бас УИХ-ын гишүүн асан, сайд асан М.Зоригтоор Ерөнхий сайдад “дайсан үг”-нээс харвал Хэнтийн 42 дугаар тойргийнхон У.Хүрэлсүхийг захиалж байгаа бололтой.
УИХ-ын гишүүн асан, парламентын түүхэнд байгаагүй дуулиант асуудлаар гишүүнийхээ бүрэн эрхээсээ 2018 оны долдугаар сард татгалзсан Д.Гантулгаас хойш бүтэн жил Хэнтийн 12 мянган сонгогч төрд төлөөлөлгүй явж ирсэн. Түүний оронд УИХ-д Хэнтийн 42 дугаар тойргийнхнийг төлөөлөх нөхөн сонгууль ирэх зургадугаар сард болох бөгөөд лавтайяа МАН, АН, МАХН өрсөлдөхөөр болсон. Ерөнхийдөө гол тулаан парламентад суудалтай гурван намын дунд өрнөнө.
Яг ганц жил УИХ-д суух хүний хувьд хэн байх нь Хэнтийн сонгогчдод онцын ялгаагүй. Энэ нэг жилд улстөрчид ажил хийхээсээ илүү амаа уралдуулдаг. Харин намуудын хувьд Хэнтийн нөхөн сонгууль 2020 оны сонгуулийн урьдчилсан том сорилт болох нь дамжиггүй. Өөрөөр хэлбэл, аль намын рейтинг ямар байгааг харуулах их сорилго явагдана гэсэн үг.
Эрх барьж байгаа намын даргын рейтинг унадаг бол эсрэгээрээ Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өөрийнх нь рейтинг өндөр боловч намынх нь рейтинг АН-тай нийлээд ч дөнгөж 24 хувь. Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүхээс өөр хүн МАН-аас мандат аваад очлоо гэхэд “бандаашны” асуудлаас болж төрд төлөөлөлгүй хоцорсон хэнтийчүүд тус намд дахин итгэл хүлээлгэх нь юу л бол. Тэр тусмаа УИХ-ын 2016 оны сонгуулиар Д.Гантулга сохор азаар гарч ирсэн болохоос МАН-ын болоод хүний сайнд сонгогдоогүй.
Тэгээд ч МАН-ын дарга У.Хүрэлсүх нөхөөсний энэ тойрогт өрсөлдөхгүй гэдгээ аль эрт зарласан, тэгэхээр улаан талаас ерөнхийдөө нөлөө багатай хүн очих шинжтэй. УИХ-д 64-үүлээ үлдсэн МАН-ын хувьд нэг кноп онцын ялгаагүй. Өмнө нь 32 ба 33, М.Энхболдын ба У.Хүрэлсүхийн гэж хуваагдсан үед МАН-ынханд нэг кноп ч амин чухал байсан юм.
Гэхдээ энэ сонгуульд МАН ялагдал хүлээвэл У.Хүрэлсүх ч ялагдал хүлээнэ гэсэн үг. Хувь рейтинг нь хичнээн өндөр байлаа ч нутагтаа, тэр тусмаа хуурай дүүгийнхээ тойрогт ялагдал хүлээнэ гэдэг ирэх 2020 оны сонгуулийн удирдагч байж чадах эсэхэд эргэлзээ үүсгэх юм. Намынхаа Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа 2012 оны УИХ-ын сонгуульд ялагдал хүлээж, МАН-ыг цөөнх болгож байсан У.Хүрэлсүхэд Хэнтийн 42 дугаар тойргийн ганц суудал улс төрийн хувьд онц ач холбогдолгүй ч нэр төрийн хувьд ялалт байгуулахаас өөр замгүй.
Ардчилсан нам өмнө нь энэ тойрогт өрсөлдөж байсан хуучин кандидатаа сойх бодолтой байгаа бөгөөд Ж.Батзандан, Л.Болд хоёрыг явуулснаар бүлэггүй болж, зөвлөлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй тус нам нэг суудал маш чухал. Долоон хүнтэй зөвлөлөө бүлэг болгохын тулд Ардчилсан нам Хэнтийн 42 дугаар тойрогт багагүй ач холбогдол өгөх болов уу?
Харин МАХН-д ялангуяа бандаашны хэрэг мандсанаас хойш Хэнтийд өвөлжиж, хаваржсан Н.Энхбаярын хувьд энэ бол их улс төрд эргэж ирэх ганц гарц нь юм. Н.Энхбаяр Монголын парламентад орж ирвэл МАН-д ч, АН-д ч аюултай. Ялангуяа “Алим модноосоо хол унадаггүй” гэх өнцгөөр харах юм бол Н.Энхбаярын эргэн ирэлт У.Хүрэлсүхийн намд “гай” дагуулж мэднэ. У.Хүрэлсүх өнөөдөртөө Ерөнхийлөгчийн нөхөр, маргааш дайсан нь болох хамгийн магадлал өндөртэй хүн гэж харвал Н.Энхбаярыг улс төрд эргэж оруулах нь Ерөнхийлөгчид ашигтай хувилбар байж болно.
Харин энэ тойрогт бие даан өрсөлдөхөөр эртнээс бэлтгэсэн хүмүүс нэг хоёроор тогтохгүй байгаа нь нэг жилийн хугацаанд танигдах цаашлаад дараагийн сонгуульд өрсөлдөх бие халаалт нь болох юм. Өөрөөр хэлбэл, УИХ-ын 2020 оны сонгуулиас яг нэг жилийн өмнө болж буй Хэнтийн 42 дугаар тойрог С.Эрдэнэ, У.Хүрэлсүх, Н.Энхбаяр нарын чансааг жинхнээсээ тогтоож өгнө. "Сант Марал"-ын судалгаанаас шал өөр гэдгийг тодотгоё.
Ж.ЭРХЭС
Холбоотой мэдээ