Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва БНСУ-ын элчин сайд Жон Жэ Намыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол, БНСУ-ын найрсаг харилцаа өргөжин, хамтын ажиллагаа олон салбарт идэвхижин хөгжиж байгааг тэмдэглэж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов. БНСУ-ын элчин сайд Жон Жэ Нам БНСУ-ын Сөүл хот болон бусад хотуудтай Улаанбаатар хот найрсаг харилцаатай хамтран ажиллаж ирсэн. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх тал дээр тусламж үзүүлэхээр ажиллаж байгааг онцоллоо. Мөн Улаанбаатар хотын захиргааны хүсэлтээр БНСУ-руу Монгол улсаас түр ажиллах хүч авах асуудлыг анхааран ажиллаж байгааг тодотгон дурдав.
Харин нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва уулзалтын үеэр Улаанбаатар хотод эдийн засгийн чөлөөт бүс байгуулах томоохон ажил эхэлснийг танилцуулж, энэ тал дээр БНСУ-тай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Цаашдаа Улаанбаатар хотыг аялал жуулчлал, өндөр технологи гэсэн үндсэн хоёр салбарт тулгуурлан хөгжүүлэхээр зорин ажиллаж байгааг уламжиллаа. Энэ хүрээнд Улаанбаатар хотод томоохон ITPark байгуулах тал дээр талууд хамтран ажиллана гэдгээ илэрхийлээд хоёр байгууллагын цаашдын хамтын ажиллагаа улам бүр дэвжин хөгжинө гэж итгэж байна гэдгээ илэрхийлснээр уулзалт өндөрлөв.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Холбоотой мэдээ