"Дэлхийн зах зээлтэй уялдуулж олборлолтоо нэмэгдүүл"

Хуучирсан мэдээ: 2019.04.24-нд нийтлэгдсэн

"Дэлхийн зах зээлтэй уялдуулж олборлолтоо нэмэгдүүл"

"Дэлхийн зах зээлтэй уялдуулж олборлолтоо нэмэгдүүл"

“Эрдэс баялгийн салбарын ил тод байдал” хэлэлцүүлэг өнөөдөр /2019.4.24/ боллоо. Тус салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдлийн талаар мэргэжилтнүүдийн байр суурийг сонслоо.

ЛИЦЕНЗИЙГ АРИЛЖААНЫ ХЭРЭГСЭЛ БОЛГООД БАЙНА

Уул уурхайн олборлолтоос хангалттай ашиг хүртэж чадахгүй байгаа шалтгааныг Гавьяат эдийн засагч, Сангийн сайд асан Э.Бямбажаваас тодрууллаа.


-Баялагийг олборлож ашиглаж байж, үр дүнгээ өгнө. Олборлолт санасан хэмжээнд биш байгаа нь үнэн. Уул уурхайн ашигт малтмалын хэлбэлзлийг харахад, зэсийн баяжмал, сэргээгдэх эрчим хүчинд ирээдүй байгаа. Тэгэхээр түүн рүү тэмүүлэх, түүн рүү чиглэсэн олборлолтыг нэмэх хэрэгтэй байна. Жишээ нь, дэлхийд жилд 22 сая тонн зэсийн баяжмал ашиглаж байгаа. Харин 2022 онд зэсийн баяжмалын үйлдвэрлэл 11 сая тонн болж буурна. Харин хэрэгцээ нь 30 сая тонн болж өснө. Гэтэл манайд 20-иод газар зэсийн баяжмалын орд бий. Үүнээс 4-5 газарт олборлолт хийж байгаа.  Зах зээлтэй уялдуулж олборлолтоо нэмснээр өгөөжөө өгнө. Мөн манайд сэргээгдэх эрчим хүчний нөөц бий. Салхины эрчим хүч гэхэд, Хятадын эрчим хүчийг хангахуйц хэмжээний нөөц манайд бий. Хятадын зүүн хойд муж 2023 оноос эхлэн эрчим хүчний хомсдолд орж байгаа. Ийм нөөц байсаар байхад энэ чиглэл рүү олборлолтоо нэмэхгүй бол олон чиглэл рүү, их юм цацаад лицензийг арилжааны хэрэгсэл болгоод байна. Ийм учраас манайд олборлолт олигтой явахгүй байна. Тиймээс Засгийн газар олборлолтоо бодлогоор чиглүүлэх хэрэгтэй. Үүнд хөрөнгө, хүчээ зарцуулах хэрэгтэй.

МОНГОЛЫН ТЭРГҮҮЛЭХ КОМПАНИЙН МЭДЭЭЛЭЛ ИЛ ТОД БОЛСОН

Эрдэс баялгийн салбар хэр ил тод байгааг Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын ажлын албаны санаачлагч Ш.Цолмонгоос тодруулсан юм.


-Бид ил тод байдлын талаар тайлан гаргадаг. Тайлан гаргаснаар тухайн компанийн уул уурхайтай холбоотой мэдээлэл ил тод болж байгаа юм.  Энэ мэдээллийг тухайн орон нутаг ч хүлээн авч болно. Ил тод байдлын хүрээнд тайлан гаргаад зогсохгүй харилцан зөвлөлддөг. Учир нь энэ санаачилгад Засгийн газар, иргэний нийгэм, компани гэсэн гурван тал оролцож, нэгнээсээ лавлаж, мэдээлэл авч, хүргэж, хамтран ажиллаж байгаа. Бүх аймаг, нийслэл, 12 сум, нэг дүүрэгт Олдворлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (ОҮИТБС) дэд зөвлөл байгаа.  Зөвлөлөөр дамжуулан иргэд мэдээлэл авах боломжтой.

Уул уурхай, газрын тосны салбарт 3000 гаруй тусгай зөвшөөрлийг 2000 орчим компани эзэмшиж байна. Үүний 10 орчим хувь нь улсын болон орон нутагт төвлөрүүлж байгаа татвар хураамжаар тэргүүлэх зэрэгт багтаж байгаа. Тэргүүлэх компанийн 20 нь улс, орон нутгийн төслийн 90 хувийг бүрдүүлж байгаа. Эдгээр компанийн мэдээлэл ил тод болсон байгаа.  Төр бодлоготойгоор хийж ёстой.

ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ЭЦСИЙН ЭЗЭМШИГЧИЙН ИЛ ТОД БАЙДАЛ ЧУХАЛ БАЙНА

Эрдэс баялгийн салбарын мэдээллийг ил тод болгоход ямар асуудал тулгамддаг талаар Нээлттэй нийгэм форумын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Эрдэнэчимэгээс тодруулсан юм.

-Уул уурхай, газрын тосны салбар буюу эрдэс баялгийн салбарт ил тод байдлыг хангах санаачилгыг 2006 оноос Монгол Улсад хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд компаниудад олгосон тусгай зөвшөөрлөөс эхлээд, байгуулсан гэрээ, олборлож байгаа бүтээгдэхүүний хэмжээ, борлуулж байгаа бүтээгдэхүүний хэмжээ,байгаль орчныг хамгаалахад зарцуулж байгаа хөрөнгийн хэмжээ, орон нутгийн төсөвт цугларч байгаа орлог зэрэг маш олон мэдээллийг ил тод болгосон. Энэ утгаараа бусад салбараас хамгийн ил тод салбар гэж хэлж болно. Гэхдээ хариуцлага бий болгоход ил тод байдлыг хэрхэн ашиглах вэ гэсэн асуудал тавигдаж байгаа. Ил тод байдлыг хэвлэл мэдээлэл, судлаачид хэрхэн ашиглаж байн вэ гэдэг дээр анхаарал хандуулах шаардлагатай байна. Нөгөө талаас төр уул уурхайн салбарын 10 гаруй жилийн түүхийг өгүүлэх мэдээллийн сан бий болсон байхад үүн дээр анализ хийж, шийдвэр гаргахдаа илүү мэдээлэлтэй, датанд суурилсан мэдээлэл гаргахад төрийн байгууллага анхаарах шаардлагатай байна. Мөн эрдэс баялгийн салбарын ил тод байдалд эцсийн өмчлөгчийн асуудал тулгамдаж байгаа.

Тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа компаниудыг өмчилж байгаа удирдлага, гол шийдвэрт нөлөөлөх боломжтой, хувь хөрөнгө эзэмшдэг, үр шимийг нь хүртэж байгаа хүнийг Уул уурхай,газрын тосны газар ил тод болгох шаардлагатай байгаа. Ингэснээр улст төрд нөлөө бүхий эдгээд уул уурхайн салбарт хөрөнгө удирдлагын эрхийг хэрэгжүүлдэг, төрд давхар албан тушаал хашдаг этгээдийн шийдвэр гаргалтыг хувийн ашиг сонирхлоос ялгаж зааглах юм. Үүнд эцсийн эзэмшигчийн ил тод байдал чухал.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж