Осол, гэмтлээс сэргийлэх улсын зөвлөгөөн болно

Хуучирсан мэдээ: 2019.04.24-нд нийтлэгдсэн

Осол, гэмтлээс сэргийлэх улсын зөвлөгөөн болно

Осол, гэмтлээс сэргийлэх улсын зөвлөгөөн болно

Улсын хэмжээнд 2018 онд осол, гэмтлийн өвчлөл 142,665 хүн, нас баралт 2920 бүртгэгдсэн нь өмнөх онтой харьцуулахад өвчлөл 28 хувиар, нас баралт 11 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна. Монголд өдөр бүр дунджаар найман хүн осол гэмтлийн шалтгаанаар амь нас нь эрсдэж байгаа бөгөөд нас барсан нийт тохиолдлын 80% нь эрэгтэйчүүд байна.

Осол, гэмтлийн нас баралтын тэргүүлэх шалтгааны нэгдүгээрт санамсаргүй хордох, хорт бодист өртөх тохиолдол эзэлж үүний 88 хувь буюу 726 нь согтууруулах ундаа хэрэглэсний улмаас нас баржээ. Манай улсын хүн амын 38 хувийг 18 хүртэлх насны хүүхэд эзэлж байгаа нь ирээдүйн манай улсын хөгжлийн гол нөөц тулгуур билээ. Гэтэл 2018 онд  осол, гэмтлээр 375 хүүхэд нас барсан нь нийт нас баралтын 14 хувийг эзэлж, жилд 52 хүүхэд нас барж байна. Энэ нь нэг ангийн хүүхдээс их тоо юм.

Тиймээс “Осол, гэмтлээс сэргийлэх тогтвортой хөгжлийн зорилт 2030” салбар хоорондын шийдвэр гаргагчдын улсын зөвлөгөөнийг энэ сарын 26-нд Төрийн ордоны Сүхбаатар танхимд зохион байгуулах гэж байна.  Уг зөвлөгөөнөөр осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд салбаруудын үүрэг оролцоог тодорхой болгон, хамтдаа асуудлыг шийдэх шийдэлд хүрч, Осол, гэмтлээс сэргийлэх, аюулгүй байдлыг хангах талаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх захирамж гаргаж, Засгийн газрын гишүүд, Бүх шатны Засаг дарга нарт даалгалаа. Захирамжид Осол, гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, аюулгүй байдлыг хангах салбар хоорондын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах Үндэсний Зөвлөлийг байгуулж ажиллахаар болжээ.

Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн мэдээллээр улсын хэмжээнд энэ оны эхний улирлын байдлаар хүүхэд өртсөн осол 145 бүртгэгдэж, долоон хүүхдийн амь нас хохирч, 33 хүүхэд хүнд, хүндэвтэр байдлаар гэмтсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад амь насаа алдсан хүүхэд хоёр дахин өссөн байна.

Гэмтэл согог судлалын үндэсний төвд 2018 онд зөвхөн түлэгдлийн улмаас хэвтэн эмчлүүлсэн 868 хүүхдийн эмчилгээний зардалд хоёр тэрбум орчим төгрөг, нас барсан есөн хүүхдэд 469 сая төгрөг буюу нэг хүүхдэд ойролцоогоор 50 гаруй сая төгрөг зарцуулсан тооцоолол байна. Хэрэв энэхүү зардлыг осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангахад зарцуулсан бол ирээдүйд гарах эрсдэлт нөхцөлд амьдарч буй 90 гаруй мянган хүүхдийг осол, гэмтлийн эрсдэлээс хамгаалах боломжтой. Мөн зам тээврийн ослоос үүдэлтэй нас баралтын дийлэнх хувийг 5-29 насны хүүхэд, залуучууд эзэлж байна.

             А.СҮРЭН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж