Одоогоос хоёр жилийн өмнө Сүхбаатарын талбайн урд хэсэгт 200 авто машины багтаамжтай авто зогсоол нээлтээ хийж байсан. Уг зогсоол нь анх иргэдэд үнэгүй үйлчилнэ гэж байсан ч яваандаа тус газар нь нийтийн эзэмшлийн талбай бус хувийн өмч байж таарчээ. Ингээд авто зогсоол иргэдэд төлбөртэйгөөр үйлчлэх болсон юм. Тэгвэл уржигдар /2019.04.23/ Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тус авто зогсоолыг эзэмшдэг “Ю Би констракшн” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосноо мэдэгдэхийн сацуу газраа чөлөөлсний дараа тохижилт үйлчилгээг нийслэл өөрийн хөрөнгөөр тохижуулж, амарч зугаалахад тохиромжтой усан оргилуур барина” гэдгээ төв талбайгаас мэдэгдэв.
Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2006 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн хуралдаанаар Нийслэлийн тухайн үеийн Засаг дарга байсан Ц.Батбаяр “Ю Би констракшн” ХХК-д Сүхбаатарын хөшөөний урд талын цэцэрлэг бүхий 2,5 га газрыг олгожээ.
Цаасан дээр гаргасан захирамж, тогтоолоор бол “Ю Би констракшн” ХХК нь “Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулан орчин үеийн шинэ технологи бүхий усан оргилуур, газар доорх үйлчилгээний барилга баригдана" гэж тунхагласан ч бүтэн 13 жилийн дараа бөртийх ч бүтээн байгуулалт хийгдсэнгүй. Одоо байгаа төлбөртэй авто зогсоол бол бүтээн байгуулалт гэхээсээ илүү ашиг орлого хайгчдын талбар болсон гэдэгтэй хэн ч санал нийлнэ.
Мөн уг газрыг 2017 онд 9.5 сая ам.доллар буюу өнөөдрийн ханшаар 22.5 тэрбум төгрөгийн барьцаанд тавьжээ. Улсаа аврах үндэсний хөдөлгөөнийхөн "Ю Би констракшн" ХХК буюу Худалдаа хөгжлийн банкны захирал Б.Эрдэнэбилэгийн мэдлийх бөгөөд Сүхбаатарын талбайн урт талын хэсгийг Улаанбаатар хотын банканд хууль бусаар барьцаалан их хэмжээний мөнгө зээлсэн” хэмээн мэдэгдэж байсан удаатай.
Хуульд зааснаар хоёр жилийн дотор зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулаагүй бол тухайн газрын эрхийг түдгэлзүүлэх ёстой. Үүнээс гадна автомашины зогсоолын ашгаас 30 хувийг Улаанбаатар хотын захиргаанд төлөх ёстой байсан ч өдийг хүртэл нэг ч төгрөг төлөлгүй иржээ. “Ашиг олохгүй бол мөнгө өгөхгүй” гэдэг заалтыг ч гэрээнд оруулсан байсныг Засаг дарга дарга онцлов.
Тэгвэл Хотын даргын гаргасан автомашины зогсоолын оронд орчин үеийн шийдэл бүхий усан оргилуур барих шийдвэрийг иргэд дэмжиж байгаа эсэхийг тодрууллаа.
ТӨЛБӨРГҮЙ, ТӨЛБӨРТЭЙ АЛЬ Ч ЗОГСООЛ НЬ ОЛДОХГҮЙ ЮМ
Иргэн “С.Эрдэнэтунгалаг “Би 40 гаруй жил жолоо барьж байна. Ер нь зогсох газар олдохоо больчхоод байна. Төлбөргүй, төлбөртэй аль ч зогсоол нь олдохгүй юм. Иргэдэд нэн тулгамдаад байгаа зүйлсээс эхэлж л цэгцэлмээр байх юм. Би хувьдаа усан оргилуур барихыг дэмжихгүй байна. Улаанбаатар хотод зай завсаргүй шамбааралдан баригдсан барилгууд их болж байна. Үүнээс болж л орон сууц нь ч тэр, албан газруудын хувьд ч иргэд машинаа зогсоолд тавихад бэрх болоод байна. Сүхбаатарын талбайд иргэддээ зориулаад төлбөргүй зогсоол байгууллаа гээд л сайхан, сайхан яриад байсан. Удсан ч үгүй нөгөөх нь төлбөртэй болчихсон байгаа байхгүй юу. Үүнийг нь мөнгө олох гэсэн нэг арга гэж л харж байгаа. Ер нь төлбөртэй зогсоол бол ашигтай хэрнээ эрсдэлгүй бизнес болчихлоо шүү дээ. Үүнийг шийдвэр гаргах түвшний байгууллагууд анхааралдаа авч цэгцлэх л хэрэгтэй"
ТООСЖИЛТЫН ХЭМЖЭЭГ БАГАСГАХ АРГА НЬ УСАН ОРГИЛУУР
Иргэн Ц.Даваахүү “Нийслэлийнхээ төв талбайг төлбөртэй зогсоол болгочихдог манайх шиг улс хаана ч байхгүй. Би хотын даргын шийдвэрийг дэмжиж байгаа. Өвөл цас ороогүйгээс болоод нийслэл хотын хэмжээнд тоосжилт хуурайшилт тулгамдсан асуудал болоод байна. Харин тоосжилтын хэмжээг багасгах арга нь усан оргилуур. Хэрэв нийслэлийн гудамж талбайн усан оргилуур цаг тутамд ажилладаг бол гутал өлөн тоосонд дарагдаж машинаа ойр ойрхон угаалгах шаардлагагүй”
ОДОО БАЙГАА УСАН ОРГИЛУУРУУДЫНХАА ТООГ НЭМЭГДҮҮЛЭХЭД АНХААРАХ ХЭРЭГТЭЙ
Иргэн Д.Чулуунхүү “Усан оргилуур үнэндээ манай хотын хувьд зөвхөн өнгө үзэмж нэмэх зүйл бус эрүүл орчин, алжаал ядаргаагаа тайлах газар. Хүн амын төвлөрөл их, агаарын бохирдол, тоосжилт зөвшөөрөгдөх хэмжээнээс хэд дахин хэтэрсэн манай хотод усан оргилуур шиг чухал зүйл байхгүй. Бид хот төлөвлөлтийн асуудалд ногоон байгууламжийг чухалчилж ярьдаг ч үүнийг ойшоодоггүй. Хэрэг дээрээ энэ нь ногоон байгууламжаас дутахааргүй ач холбогдолтой. Утаа бууруулах нэрийдлээр гадаадаас үнэтэй, элдэв тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн зөөхийн оронд одоо байгаа усан оргилууруудынхаа тоог нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй”
ТӨВ ТАЛБАЙГААС ТАСЛААД ЗАРЧИХСАН НЬ АРАЙ Л ДЭНДМЭЭР
Иргэн О.Алтанцэцэг “Үе, үеийн нийслэлийн удирдлагууд газрын наймааны хэрэгтэй холбогдож байсан удаатай. Гэхдээ Ц.Батбаяр улсынхаа нийслэлийн төв талбайгаас таслаад зарчихсан нь арай л дэндмээр. Харин нийслэлд авсан гэдгийг өчигдөр мэдээгээр үзээд баярласан. Миний хувьд автомашины зогсоолын оронд усан оргилуур барихыг дэмжиж байгаа. Хүүхэд, залуус төв талбай дээрээ хонхны баяр, төгсөлтийн баяраар ганц очдог. Харин орчин үеийн шийдэлт бүхий усан оргилуур, тухтай орчинтой болчихвол залуус үргэлж очдог болох байх”
Э.БУРАМ
Холбоотой мэдээ