Фэйсбүүкт регистрийн дугаараар нэвтрэхэд ямар ч аюулгүй гэв

Хуучирсан мэдээ: 2019.04.24-нд нийтлэгдсэн

Фэйсбүүкт регистрийн дугаараар нэвтрэхэд ямар ч аюулгүй гэв

Фэйсбүүкт регистрийн дугаараар нэвтрэхэд ямар ч аюулгүй гэв

Монгол Улс нийт 1,5 сая гаруй фэйсбүүк хэрэглэгчтэй. Фэйсбүүк нь олон нийтийн сүлжээний хэрэглэгчдийн үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй хуваалцах талбар болсон билээ. Гэвч хуурамч хаяг, худал мэдээ мэдээлэл нь нийгмийн сэтгэл зүйг эвдэх, ялангуяа хүүхэд, залуучуудын хүмүүжил төлөвшилд сөргөөр нөлөөлж, тэднийг хуурч залилан, цахим гэмт хэргийн хохирогч болгох эрсдэл өндөртэй юм.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн /2019.04.23/ хуралдаанаар Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.

Энэхүү хуулийн төсөлд нэрээ нуусан хаягаас бусдын нэрээр орохыг болиулах, хориглох арга хэмжээ авах зорилгоор харилцаа холбооны үйлчлэгч нь хэрэглэгчийг регистрийн дугаараар нь бүртгэх, зах зээлд давамгай хуулийн этгээд хамаарал бүхий этгээдэд хөнгөлөлттэй нөхцөл олгож, өрсөлдөөний тэгш бус байдал үүсгэж байгааг хязгаарлах зохицуулалт нэмж тусгажээ.

Энэ асуудал “Фэйсбүүк” компаний төлөөлөл Монголд ирж, холбогдох байгууллагуудын төлөөллүүдтэй уулзалт хийсэн цагаас яригдсан байна. Өнгөрсөн 2018 оны есдүгээр сарын эхээр “Фэйсбүүк” компаний төлөөлөл Монгол Улсад ирж, фэйсбүүкээр бусдын эрхэнд халдсан иргэний шинжтэй зөрчлийн үйлдлийг ирлүүлэх, хаах бол Харилцаа холбооны зохицуулах газартай, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илрүүлэх бол цагдаагийн байгууллагатай, үндэсний аюулгүй байдалтай холбоотой бол тагнуулын байгууллагатай хамтран ажиллахаар тохиролцжээ. Харин “Фэйсбүүк” компаниас Монголын эрх баригчдад хууль эрх зүйн орчноо боловсронгуй болгох шаардлага тавьсан байна.

Регистрийн дугаараар фэйсбүүкт нэвтрэх нь хэр зөв зохицуулалт болох талаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын мэргэжилтнээс тодруулахад "Фэйсбүүк нийгмийн сүлжээнд регистрийн дугаараар нэвтрэх нь ямар ч аюулгүй. Утасны дугаараараа нэвтэрч байгаатай ижил. Тиймээс хувь хүний нууцтай холбоотой мэдээлэл алдагдана гэж айх зүйлгүй. Хуулийн төсөлд тусгасан энэхүү зохицуулалт нь хуурамч хаягууд болон түүнээс үүдэн нийгэмд учрах сөрөг нөлөөллийг арилгахад чиглэгдэж байна" гэв.

Дэлхийн хэд хэдэн орны нийгмийн сүлжээний хэрэглэгчид хаяг нээхдээ өөрийн регистрийн дугаарыг оруулан буух хаяг, буцах эзэнтэйгээр нийгмийн сүлжээнд байр сууриа илэрхийлдэг болжээ.

ИРЭХ ЗУРГАДУГААР САРААС БҮРТГЭЛГҮЙ УТАСНЫ ДУГААР ГЭЖ БАЙХГҮЙ БОЛНО

Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн ажлын хэсгийнхний мэдээлснээр, Цахим мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төслийг боловсруулж, яамдаас санал авах шатанд яваа юм байна. Мөн хуулийн төсөлд Цахим халдлагатай тэмцэх үндэсний төв байгуулах талаар тусгажээ. Тус төв байгуулагдсанаар цахим мэдээллийн аюулгүй байдлыг хангах ажил сайжирна гэж үзсэн байна.

Нийгмийн сүлжээтэй холбоотойгоор гар утасны дугаарыг бүртгэлжүүлэх ажлыг холбогдох үүрэн холбооны компаниудтай хамтран хийж эхэлжээ. Монгол Улсад 2016 онд бүртгэлгүй 650 мянган дугаар иргэдийн гар дээр байсан бол өнөөдрийн байдлаар 42 мянга болж буурсан байна. Ирэх зургадугаар сар гэхэд бүртгэлгүй дугаар гэж байхгүй болж, үүний дүнд төрийн үйлчилгээг иргэд бүртгэлтэй гар утсаараа авах, сошиал орчинд бүгд бүртгэлтэй болох асуудал шийдэгдэнэ гэж үзжээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж