13.50 цагт:
Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Баатархүү дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тэрбээр "АТГ дээр 2002 оны Эрүүгийн хуулийн 133 дугаар зүйл гүйцэтгэх ажиллагаа хууль бусаар зөрчих гэдэг заалтаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан хэргийг Улсын ерөнхий прокуророос харьяалал тогтоож өнгөрсөн Баасан гаригт /2019.04.19/ Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах албанд шилжүүлсэн байгаа. Үүний дагуу хэрэгтэй холбоотой /С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэг/ мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байна. Уг хэрэгтэй холбогдуулан өчигдөр Б.Хурцыг хойшлуулшгүйгээр саатуулсан. Үргэлжлүүлэн цагдан хорих саналыг прокурорын газарт хүргүүлсэн. Одоо үргэлжлүүлэн цагдан хорих асуудлыг шүүх шийдвэрлэнэ" гэлээ.
12.30 цагт:
Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг өнгөрсөн шөнө цагдан хорьжээ. Түүнийг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хэрэг хүлээлгэсэн байж болзошгүй гэх үндэслэлээр Эрүүгийн цагдаагийн газрынхан баривчилсан байна. Түүнийг Урьдчилан саатуулах 461 дүгээр ангид хорьжээ. Мөн энэ хэрэгтэй холбогдуулж, энэ сарын 18-нд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоос бас тайлбар авсан байна.
С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгтнүүдийг илрүүлэх ажиллагааг Тагнуулын байгууллага хариуцан явуулж байсан юм. Энэ үед тус байгууллагыг Б.Хурц удирдаж байсан билээ.
Тагнуулын ерөнхий газрын дэд дарга Б.Энхсүх өнгөрсөн долоо хоногт хэвлэлийнхэнд С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбоотой асуудлаар мэдээлэл өгөх үеэрээ "Энэ хэрэг дөрөвдүгээр сарын 19-нд Цагдаагийн байгууллагад шилжсэн. Авлигатай тэмцэх газар хүн хүчний нөөц муутай тул шилжүүлсэн" гэж мэдэгдсэн билээ.
Сарын өмнө дээрх хэрэгтэй холбоотойгоор Тагнуулын ерөнхий газрын хоёр мөрдөн байцаагч, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын нэг ажилтныг тус, тус хориод байсан юм.
С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулж Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж "С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар үйлдээгүй, тэдэнд хэрэг хүлээлгэсэн" гэж мэдэгдсэн бол энэ хэрэгт хяналт тавьж ажилласан Улсын ерөнхий прокурорын орлогч асан Д.Эрдэнэбат "Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Б.Амгаланбаатар нар нь энэ хэргийг үйлдсэн болохыг нотлох баримтад тулгуурлан, тогтоосон. Эрүүдэн шүүсэн алдаа гарсан байхыг үгүйсгэхгүй. Харин сайд Ц.Нямдорж энэ хэрэгтэй холбоотой зарим нууцыг задалснаар захиалагчийг тодруулах ажиллагаанд саад учруулж болзошгүй байна" гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдаж байв.
Б.ХУРЦ ГЭЖ ХЭН БЭ?
БОЛОВСРОЛ:
1987-1990 онд ОХУ-ын Эрхүү хотын Барилгын техникум
1997-1999 онд Москвагийн эдийн засаг, статистик мэдээллийн сургууль
1999-2000 онд- ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын академи
2012-2013 онд Удирдлагын академи
2014-2016 онд Эрхүү хотын Байгалийн их сургуулийг төгссөн
Орос хэлний мэдлэгтэй
Төрийн удирдлага, эрхзүйн магистр
Хошууч генерал цолтой
МЭРГЭЖИЛ:
Техник архитектор
Эдийн засагч
Эрхзүйч мэргэжилтэй
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
1992-2000 онд “Торгоны зам” ХХК-д менежер
Москва хотод төлөөлөгч
2000-2002 онд Тагнуулын ерөнхий газарт ажилтан
2004-2006 онд ТЕГ-ын хэлтэс, газрын дарга
2003-2004 онд Унгарт суугаа Монгол Улсын ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга
2003-2004 онд Турк улсад суугаа Монгол Улсын ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга
2006-2009 онд Сөүл дэх МИАТ компанийн салбарт Ерөнхий төлөөлөгч
2009-2011 онд ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга
2011-2014 онд Авлигатай тэмцэх газрын дэд дарга
2014-2017 онд Тагнуулын ерөнхий газрын дарга
Э.АРИУН
Холбоотой мэдээ