У.Хүрэлсүх: Гамшгийн эрсдэлээс хамгаалах мэдлэг, чадвартай иргэдтэй байх нь хамгаас чухал

Хуучирсан мэдээ: 2019.04.24-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүх: Гамшгийн эрсдэлээс хамгаалах мэдлэг, чадвартай иргэдтэй байх нь хамгаас чухал

У.Хүрэлсүх: Гамшгийн эрсдэлээс хамгаалах мэдлэг, чадвартай иргэдтэй байх нь хамгаас чухал

Нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн нээлтийн ажиллагаанд  Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, үг хэллээ.  Түүний хэлсэн үгийг хүргэж байна.

“Өнөөдөр Засгийн газрын 2019 оны 116 дугаар тогтоолын дагуу нийслэл Улаанбаатар хотын гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль эхэлж байна. Нийслэлийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль нь нийслэлийг бүхэлд нь хамарч, 1990 оноос хойш 29 жилийн дараа анх удаа хийгдэж байгаагаараа онцлог юм.   Энэ удаагийн иж бүрэн сургуулийн зорилго нь газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэхэд бүх шатны төрийн захиргааны болон аж ахуйн нэгж, байгууллагын бэлэн байдлыг дээшлүүлэх, байгууллага хоорондын ажлын уялдаа, хамтын ажиллагааг сайжруулах, ард иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, тэднийг сургаж бэлтгэх замаар байгууллага, иргэдийн үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэхэд чиглэж байна.

Газар хөдлөлт бол гэнэт тохиолдож, хормын төдийд хүн ам, нийгэм, эдийн засагт асар их хор хөнөөл учруулдаг байгалийн аюулт үзэгдэл юм.  Сүүлийн жилүүдэд Монгол орны газар хөдлөлтийн идэвхжил ихээхэн нэмэгдэж, өнгөрсөн 10 жилийн хугацаанд нийт 260 мянган удаа газар хөдлөлт болсон байна. Улаанбаатар хот орчимд 2005 он хүртэл жилд дунджаар 200 орчим газар хөдлөлт бүртгэгддэг байсан бол 2013 онд энэ тоо 10 дахин өссөн бөгөөд 2019 оны эхний гурван сарын байдлаар 261 удаа газар хөдлөлт болсон нь 2018 оны эхний гурван сартай харьцуулахад 70 удаагийн тохиолдлоор нэмэгдсэн байгаа юм.

Энэ сургуулийн явцад уг асуудлыг дахин нягтлан судалж, үе шаттай шийдвэрлэх арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Төсөв, хөрөнгийн асуудал дээр хүндрэл байгааг би ойлгож байна. Гэхдээ хүмүүсийн амь, амьдралтай холбоотой энэ чухал асуудлыг шийдэхийн төлөө бид бүх шатандаа хүчин чармайлт гаргаж, идэвхтэй ажиллах хэрэгтэй байна. Цаашдаа бид Гамшгаас хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд тухайн жилийн төсвийн нэг хувийг гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд төсөвлөн, зориулалтын дагуу зарцуулж хэвших ёстой.

Монгол Улсын Засгийн газрын өмнө тулгарч байгаа олон чухал асуудлын дотор газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ онцгой анхаарлын төвд байх болно. Энэ ч үүднээс Засгийн газар иж бүрэн сургууль хийх шийдвэр гаргаж, гамшгаас хамгаалах улсын алба, яам, агентлагууд, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагууд, төрийн цэргийн байгууллагуудыг сургуульд оролцуулахаар шийдвэрлэсэн юм. Гамшгийн эрсдэлийг бууруулна гэдэг нь гарахаас нь өмнө урьдчилан сэргийлэх тухай яриа болохоос биш, нэгэнт гамшиг тохиолдсоны дараа эрсдэлийг бууруулна гэж ярихад оройтсон байдаг. Иймд иргэн бүр газар хөдлөлтийн аюулаас өөрийн амь нас, эд хөрөнгө төдийгүй бусдын амь насыг авран хамгаалах арга техникт суралцах шаардлагатай байна.

Эцэст нь хэлэхэд, хууль, дүрэм журам, стандарт гаргах нэг хэрэг. Түүнийг бүх шатанд хэрэгжүүлдэг, ажил амьдралдаа мөрддөг, өөрийгөө болон бусдыг гамшгийн эрсдэлээс хамгаалах мэдлэг, чадвартай иргэдтэй байх нь хамгаас чухал гэдгийг дахин сануулж байна. Хүний амь наснаас илүү үнэтэй зүйл гэж энэ дэлхийд үгүй. Иргэдийнхээ амь нас, эд хөрөнгийг аливаа аюулаас хамгаалах нь төр засгийн үндсэн үүрэг учраас Засгийн газар энэхүү сургуульд өндөр ач холбогдол өгч байгаа юм.

Гамшгаас хамгаалах сургуулийн үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье.

Улс орны аюулгүй байдал, иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалж буй Та бүхний ажил үйлс мөнхөд бадарч, эх орон минь гамшгийн аюулгүй, ард иргэд минь амар амгалан байх болтугай” гэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж