Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар Агаарын харилцааны тухай хэлэлцээрийг 36 улсын Засгийн газартай байгуулсан бөгөөд 37 дахь хэлэлцээрийг Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газартай байгуулахаар тогтлоо. Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхий сайд М.В.Мясниковичийн манай оронд хийсэн айлчлалын үеэр хоёр улсын Засгийн газар хооронд “Агаарын харилцааны тухай хэлэлцээр”-ийг байгуулахаар тохирч, 2013 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан юм.
Хэлэлцээрийн хүрээнд тал тус бүрээс нэг агаарын тээвэрлэгч томилох, нислэг гүйцэтгэх цэг нь Улаанбаатар, Минск хот байх, бусад улсын нутаг дэвсгэр дэх цэгийг нислэг гүйцэтгэх үед сонгож тохиролцох, борлуулалтын орлого болон нислэгийн үед хэрэглэх агаарын хөлгийн бүхээг дэх нөөц, сэлбэг, шатахууныг татвараас чөлөөлөх зэрэг зохицуулалтыг тусгасан байна. Хэлэлцээрээр олон улсын хуваарьт нислэг гүйцэтгэхэд тавигдах нийтлэг шаардлага, зохицуулалтыг тодорхойлж аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын хангалтын шаардлагыг тохиролцжээ.
Т.АНУ