УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг нийгмийг 2016 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар асуулт тавьж, эдийн засгийн хүндрэл 2016 онд дамнаад үргэлжилнэ. Тэр үед хүндрэл хямралыг хэрхэн даван туулахаар төсөлд тусгав гэдэгт хариулт хүсэв.
Сангийн сайд Ж.Эрдэнэбатын хариултаар бол Монгол Улсын эдийн засаг нийгмийг 2016 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл, төсвийн хүрээний мэдэгдэл нь эдийн засгийн нөхцөл, байдалтайгаа уялдаж байгаа аж. Гэхдээ томоохон бүтээн байгуулалтыг төсвийн хөрөнгөөр хийх бололцоо хумигдана. Мөн дотоод зах зээлээс өндөр хүүтэй бонд гаргаж, төсвийн орлого бүрдүүлдэг байдлаа зогсоох юм байна.
Хэлэлцсэн асуудалтай холбогдуулж, гишүүд саналаа хэлж дууссаны дараа санал хураалт явуулсан юм. Мөн энэ өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2016 оны Төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо. Төсвийн хүрээний мэдэгдэлд тусгаснаар УИХ ирэх оны төсвийг алдагдалгүй батлахыг зорих аж. Энэ жилийн төсвийн алдагдал ДНБ-ний таван хувьтай тэнцэж байна.
Г.ДАРЬ