Сураггүй болсон охидыг хайх ажиллагаа мухардсан уу?

Хуучирсан мэдээ: 2019.04.24-нд нийтлэгдсэн

Сураггүй болсон охидыг хайх ажиллагаа мухардсан уу?

Сураггүй болсон охидыг хайх ажиллагаа мухардсан уу?

Бага насны хүүхэд эцэг эхээсээ төөрөх, сураггүй алга болох, осол эндэгдэлд өртсөн тохиолдлууд тасралтгүй гарсаар байна. Одоогоос арав хоногийн өмнө буюу энэ сарын 14-нд Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд есөн настай Б.Ундармаа алга болсон бол 2018 онд Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд хонио хариулахаар гэрээсээ гараад сураггүй болсон Б.Мөнгөнцэцэг, 2017 онд Дорнговь аймгийн Замын-Үүд суманд сургуульруугаа яваад сураггүй болсон Д.Сэржмядаг нарыг өнөөг болтол олж чадаагүй байгаа юм. Тэднийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа эсэхийг бид тодруулж, дараах мэдээллийг бэлтгэлээ.

ЕСӨН НАСТАЙ Б.УНДАРМАА ОХИНЫГ ОРОН ДАЯАР ХАЙЖ БАЙНА

ДАХИН НЭГ ОХИН СУРАГГҮЙ БОЛООД 9 ХОНОЖ БАЙНА

Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд эцэг эхийнхээ хамтаар амьдардаг байсан Б.Ундармаа охиныг алга болсон мэдээллийн мөрөөр сумын хамтарсан багийн өргөтгөсөн бүрэлдэхүүн арав гаруй  хэсэгт гарч сумын төв болон ойр орчмын бүх айл өрхийн өвөлжөө, амбаар, бохирын цооног, гуу жалгад эрлийн ажиллагааг явуулж байна.

Эцэг эхийнх нь хэлснээр охин тухайн өдөр гэрийнхээ ойролцоох тоглоомын талбайд тоглож байгаад 18:00 цагаас хойш сураггүй болжээ. Өнөөдрийн байдлаар охиныг хайх эрлийн ажил үргэлжилж байна. Аймгийн Цагдаагийн газраас 35 гаруй хүнтэй нэмэлт бүрэлдэхүүн Жавхлант суманд очин ажиллаж байгаа бөгөөд одоогоор ямар нэгэн сэжүүр гараагүй байгаа юм.

Ээж нь гэртээ хоолоо хийж байхдаа хамгийн сүүлд 18:00 цагийн орчимд түүнийг гэрийнхээ хойд талын тоглоомын талбайд тоглож байхыг харсан ажээ. Харин аав нь гэртээ ирээд охиноо дуудахаар очиход талбай дээр харагдаагүй тул ойр хавийн айлуудаас сураглаж эхэлсэн юм байна. Ингээд охины талаар ямар нэгэн сэжүүр гарч ирээгүй учраас хуулийн байгууллагад хандаж, эрлийн ажиллагааг орон даяар явуулж эхэлсэн нь энэ юм. Б.Ундармаа охин айлын бага хүүхэд бөгөөд түүнийг алга болсноос хойш сум даяараа хүч нэмэгдүүлэн хайж байна. Түүнийг гуу жалга, голд унасан байж болзошгүй хэмээн самналт хийхэд сэжүүр олдоогүй аж. Тиймээс охиныг харсан, үзсэн хүн байвал Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын 7036101 утсанд мэдээлэл өгөхийг хүслээ.

Д.СЭРЖМЯДАГ ОХИНЫГ ХАЙСААР БАЙНА

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд найман настай Д.Сэржмядаг охин алга болоод хоёр жил болж байна. Охин 2017 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдрийн 12.00 цагийн орчимд гэрээсээ гарч яваад одоог хүртэл сураггүй хэвээр байна. Цагдаагийн байгууллагаас уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг тасралтгүй явуулсан боловч одоог хүртэл Д.Сэржмядаг охин олдоогүй. Иймээс хэргийг илрүүлэхэд чухал ач холбогдол бүхий баримт мэдээ өгсөн иргэний мэдээллийг үнэлж авна гэж цагдаагийн байгууллагаас мэдэгдлээ.

Мөн охиныг эрэн хайх эрлийн багийнхан татан буугдаагүй бөгөөд энэ хугацаанд дээрх хэрэгт холбогдуулан гурван хүнийг сэжигтнээр татан шалгасан ч ямар нэг сэжүүр олоогүй юм. Охин айлын бага хүүхэд бөгөөд алга болсон тухайн өдөр ээж рүү гээ дөрвөн удаа залгаад утас нь холбогдохоо больсон гэдэг. Өнгөрсөн хугацаанд тус суманд эрлийн өргөн хүрээтэйгээр нэгжлэг хийсэн ч охины талаар сураг гараагүй байгаа юм. Эрлийн ажиллагаа зогсоогүй үргэлжилж байгаа ажээ.

ХОНИНД ЯВСАН ОХИНОО ЭХ НЬ ХАЙСААР НАЙМАН  САР ӨНГӨРЧЭЭ

Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Далайн зах багийн Товог уул гэх газраас 13 настай охин 2018 оны наймдугаар сарын 7-ны өдөр 11.00 цагийн орчимд хонио хариулахаар  яваад одоог хүртэл ор сураггүй болжээ.

Охин алга болохынхоо өмнөх хоёр өдөр малдаа яваад ирэхдээ чихэр печень авч ирсэн тухай ч мэдээлэл цацагдаад байгаа. Тодруулбал, хониноос ирэхдээ тэрбээр “Олсон юм” хэмээн гар утас, амттан авчирсан талаар эх сурвалж мэдээлсэн байна. Охин ээжтэйгээ хоёулаа амьдардаг байсан гэнэ. Охиныг алга болсон өдрөөс хойш зургаан сарын хугацаанд ямар ч сураггүй байсаар өдийг хүрчээ. Мөн охиныг алга болсон даруйд Онцгой байдлын аврагч, нутгийн иргэд нийлсэн 60 гаруй хүн хоёр хоног хайсан аж.

Цагдаагийн байгууллагаас нийт гурван удаа эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан ч охины сургийг гаргаж чадаагүй. Энэ асуудлаар Цагдаагийн ерөнхий газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгаас тодруулахад “эрлийн ажиллагаа татан буугдаагүй үргэлжилж байна” гэх мэдээллийг өглөө.

АЛГА БОЛСОН ЭЭЖИЙГЭЭ ГУРВАН ЖИЛИЙН ТУРШ ХАЙЖ БАЙНА

Зөвхөн бага насны хүүхдүүд гэлтгүй насанд хүрэгчид ч сураггүй алга болох тохиолдлууд цагдаагийн байгууллаллагад бүртгэгддэг ажээ.

Тухайлбал, хүү охин хоёртойгоо хамт амьдарч байсан 48 настай А.Дуламсүрэн нь 2016 оны тавдугаар сарын 27-ны өдөр гэрээсээ гарч яваад одоог хүртэл сураггүй байна. Тэрбээр охин хүү хоёртойгоо хамт амьдардаг байсан ч алга болсон тухайн өдөр хүүгээ хичээлдээ явсан хойгуур гэрээсээ гарч яваад гурван жилийн турш сураггүй байгаа юм. А.Дуламсүрэн нь хавар намартаа сэтгэцийн олдмол өвчин нь сэдэрдэг, зарим зүйлээ мартаж санах байдал ажиглагддаг байж. Өнгөрсөн хугацаанд түүнийг байж болох бүхий л газраар хайсан ч олдоогүй.

Дуламсүрэн нь элдэв муу зуршилгүй өөрийн сонирхлоор бие даан төвд хэл сурсан зэрэг төлөв төвшин зантай байсан учраас ямар нэгэн муу зуршилд хөтлөгдөж гэрээсээ явах хүн биш гэж гэр бүлийнхэн нь ярьж байна. Тэрбээр сураггүй алга болсноос хойш иргэний үнэмлэх, тэтгэврийн дэвтрээ авч гарсан ч огт ашиглаагүй болох нь бүртгэлийн байгууллага, даатгалын газрын бүртгэлээр баталгаажжээ.

80 ГАРУЙ НАСТАЙ БУУРАЙ ГЭРИЙНХЭЭ ОЙРОЛЦООХ ГАЗРААС  ОЛДЖЭЭ 

2019 оны дөрөвдүгээр сарын 23-ны өглөө 80 орчим настай буурай Баянзүрх дүүргийн Дарь-Эхийн хуучин эцсээс гэрээсээ гарахдаа төөрсөн талаарх мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Тухайн үед өндөр настай эмэгтэй гэрээсээ гарахдаа торгон дээл, ногоон бүстэй гарсан байна. Тэгвэл түүний ар гэрийн мэдээлснээр эмээг өчигдөр оройн 18.00 цагийн орчимд гэрийнхээ ойролцоох газраас эсэн мэнд олджээ. Одоогоор эмээгийн биеийн байдал хэвийн гэртээ байгаа талаар ар гэрийнхэн хэллээ.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж