ЗГХЭГ-аас санаачлан 21 аймаг, нийслэлийн удирдлагуудтай хийдэг ээлжит цахим хурлыг өчигдөр /04.23/ зохион байгуулав.
Энэ удаагийн хуралд ХНХ-ын сайд С.Чинзориг, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч С.Баатаржав болон холбогдох яам, агентлагийн төлөөлөл оролцсон юм.
Үүний өмнөх цахим хурлын үеэр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг дараагийн цахим хурлаар тусгайлан хэлэлцэх чиглэлийг аймаг, нийслэлийн удирдлагуудад үүрэг болгосон юм.
Тиймээс энэ удаагийн цахим хурлаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн байдал хөдөө, орон нутагт ямар байгаа, энэ чиглэлд тулгамдаж байгаа асуудлуудын талаар орон нутгийн удирдлагууд холбогдох албаны хүмүүсээс сонирхсон асуултандаа хариулт авч, Засгийн газар, орон нутгийн түвшинд яаралтай шийдвэрлүүлэх ямар асуудал байгааг хөндсөн юм.
Засгийн газар, ХНХЯ-ны зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн дэмжих чиглэлээр ямар ажил, санал санаачилга гарган ажиллаж байгаа талаар ХНХ-ын сайд С.Чинзориг цахим хурлын эхэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.
НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хорооны зөвлөмжийн дагуу УИХ-аас 2016 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг баталсан юм. Хуулийг хэрэгжүүлэх хүрээнд “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих” үндэсний хөтөлбөрийг 2017 онд Засгийн газрын тогтоолоор, үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг 2018 онд ХНХ-ын, БСШУС-ын, ЭМ-ийн сайдын хамтарсан тушаалаар батлуулан хэрэгжүүлж байгаа юм.
Түүнчлэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай, Нийгмийн халамжийн тухай, Нийгмийн даатгалын тухай зэрэг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахад төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог бүх талаар хангаж, хамтран ажиллаж байгаа юм.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, эрхийг хамгаалах чиглэлээр Засгийн газраас олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байгааг ХНХ-ын сайд С.Чинзориг онцолсон. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудалд тусгайлан анхаарал хандуулж Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг шинээр байгуулсан. Хэдхэн хоногийн өмнө Засгийн газрын хуралдаанаар БНХАУ-ын буцалтгүй тусламжаар баригдах “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв”-ийг дээрх агентлагийн дэргэд ажиллуулах шийдвэрийг гаргасан.
Мөн Засгийн газраас Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээл, Японы ядуурлыг бууруулах сангийн буцалтгүй тусламжаар 27 сая ам.долларын өртөгтэй “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог дэмжих, үйлчилгээг сайжруулах төсөл”-ийг өнгөрсөн оноос хэрэгжүүлж эхэлсэн юм.
Орон нутгийн удирдлагуудын хувьд хэд хэдэн асуудлыг төр, засгийн түвшинд анхаарах шаардлагатай байгааг хэлж байлаа. Азийн хөгжлийн банк, Засгийн газартай хамтарсан төслийн хүрээнд 6 аймгийг сонгож Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих төв байгуулахаар болсон, энэ ажил хэзээ эхлэх вэ гэдгийг асууж байлаа. Энэхүү сонгогдсон 6 аймагт баригдах Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийг дэмжих төвийн барилгын зураг төслийг энэ зургадугаар сард багтаан дуусгаж гүйцэтгэгчийг сонгон шалгаруулаад барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн байгааг ХНХ-ын сайд С.Чинзориг тайлбарласан юм.
Хөдөлмөрийн тухай хуулийн 111-д 25 ба түүнээс дээш ажилтантай ААН, байгууллага ажилтан, албан хаагчдынхаа 4 ба түүнээс дээш хувийн орон тоонд хөдөлмөрийн бэрхшээлтэй иргэн авч ажиллуулахаар хуульчилсан байдаг. Гэвч энэ хуулийн хэрэгжилт хот, хөдөөд хангалтгүй байгааг С.Чинзориг сайд тодотгоод хуулийн энэ заалтыг орон нутагт хэрэгжүүлэхэд, ялангуяа төсвийн байгууллагуудад ажлын байрны төлбөр төлөх санхүү, төсвийн боломж байхгүй байна гэсэн зарим аймгийн дарга нарыг тайлбарыг үгүйсгэсэн юм. Учир нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн авч ажиллуулахаас татгалзаж, ажлын байрны төлбөр төлөхөд анхаарах биш, харин аливаа байгууллага өөрт байгаа орон тоондоо тохируулаад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулах ёстой гэсэн юм.
Мөн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд Засгийн газар анхаарал хандуулж байгаа, тэднийг асарч халамжилж байгаа ар гэрийнх нь хүмүүсийг ажилтай болгоход орон нутгийн удирдлагууд анхаарах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг, эхийн аль нэг нь заавал хажууд нь байх шаардлагатай учраас орон нутгийн боломжид тулгуурлаж дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг тусгаарлах бус харин ч нийгэм, хамт олон дунд нь байлгахыг дэлхий нийтээр чухалчилж байгаа учраас энэ жишгийг дагах, харин тусгай анги, танхим нээж, ялгаварлан гадуурхахгүй байхад анхаарал хандуулахыг орон нутгийн удирдлагуудад үүрэг, чиглэл болголоо.
2018 оны байдлаар улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 105,691 иргэн байгаа бөгөөд үүний 30748 нь хөдөлмөр эрхэлдэг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 44 хувь нь төрөлхийн, 56 хувь нь олдмол, 20,4 хувь нь хөдөлгөөний, 19,3 хувь нь сэтгэцийн, 12,1 хувь нь хэл, яриа, сонсголын, 10,9 хувь нь харааны бэрхшээлтэй иргэд байна гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Холбоотой мэдээ