Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2015.05.12/ хуралдаанаар Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Ирэх оны Үндсэн чиглэлд Хууль зүйн яам харьяа 11 агентлагаас санал авч нэгтгэн, ирэх жил 33 арга хэмжээг хэрэгжүүлэх саналаа Засгийн газарт хүргүүлсэн ч нийт дөрвөн арга хэмжээ тусгагдсан хэмээн Хууль зүйн сайд Д.Дорлигжав гишүүдэд танилцуулсан. Ял шийтгүүлсэн этгээдийг ажлын байраар хангах зорилгоор жишиг бүхий үйлдвэрийн байр төсөл хэрэгжүүлэх, ял шийтгүүлсэн этгээдийг мэргэжлийн сургалтад хамруулах, улмаар суллагдан гарахад ажил хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх арга хэмжээ ирэх жилийн үндсэн чиглэлд туссан байна. Түүнчлэн гадаад орнуудын архивт хадгалагдаж байгаа Монгол Улсын түүх соёлтой холбогдох баримтыг илрүүлэх, тэдгээрийг хуулбарлах, худалдан авах замаар сан хөмрөгийг баяжуулах, аймгуудын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн архивын баримтыг цахимжуулах арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгажээ.
Энэ асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, ажил нь зогсоод байгаа Архивын барилгын ажлыг дуусгах, шинээр баригдсан Төрийн албан хаагчдын эмнэлгийн ажлыг дуусгахад шаардагдах хөрөнгө оруулалтын асуудлыг ирэх оны үндсэн чиглэлд тусгах нь зүйтэй гэсэн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, шүүх, прокурорын байрны барилгын ажлын санхүүжилтийг 2016 оны төсөвт суулгах нь зүйтэй гэсэн санал гаргасныг гишүүд мөн дэмжсэн юм. Ингээд Байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.
Үүний дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Төслүүдийн талаар Хууль зүйн сайд Д.Дорлигжав танилцуулсан юм.
Улсын Их Хурлын 2012 оны 37 дугаар тогтоолоор батлагдсан Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “эрүүгийн хэргийн болон иргэний хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийг ялгавартай зохион байгуулах”, “ялын бодлогыг оновчтой, үр нөлөөтэй, олон сонголттой болгох” зорилтыг дэвшүүлсэн бөгөөд Засгийн газрын 2012 оны 193 дугаар тогтоолоор “Хорих ангийн төрөл, дэглэмийг нээлттэй болон хаалттай тогтолцоонд шилжүүлэх хөтөлбөр”-ийг баталсан.
Дээрх зорилтыг хэрэгжүүлэхээр Засгийн газраас Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан бөгөөд уг хуулийн төсөлд хорихоос өөр төрлийн ялыг торгох, нийтэд тустай ажил хийлгэх, гэрийн хорионд байлгах, хорих, эрх хасах гэж шинээр тодорхойлж, хорих ялыг нээлттэй, хаалттай хорих байгууллагад, өсвөр насны хүнд оногдуулсан хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэх, хуулийн этгээдэд ял оногдуулахаар тусгасныг харгалзан эрүүгийн хэргийн талаар гарсан шүүхийн шийтгэх тогтоол гүйцэтгэх ажиллагааг тухайн ялын онцлогт тохируулан хэрэгжүүлэх, хяналт тавих асуудлыг шинээр хуульчлахаар боловсрууллаа хэмээн танилцуулгадаа дурдсан. Мөн Тахарын албаны яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, хуяглан харгалзах, оргон зайлсан яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах чиг үүрэг нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүрэгтэй давхардсан, түүнчлэн шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах ажлыг агентлагийн хэмжээнд зохион байгуулах шаардлагагүй гэж үзсэн тул эдгээр чиг үүргийг хэрэгжүүлэх Тахарын газрыг шийдвэр гүйцэтгэх төв байгууллагын харьяа байхаар хуулийн төсөлд тусгасан гэж сайд Д.Дорлигжав танилцуулсан юм. Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, саналаа хэлсэн.
УИХ-ын гишүүн З.Энхболд, Тахарын албыг татан буулгах гэж байгаа юмуу, энэ алба байгуулагдаад жил гаруйн хугацаан өнгөрөхөд хэчнээн гэрч, хохирогчийг хамгаалсан бэ хэмээн лавласан. Хууль зүйн сайдын тайлбарласнаар, Тахарын албыг татан буулгахгүй бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяанд ажиллуулахаар төсөлд тусгасан юм байна. Тахарын ерөнхий газарт он гарсаар гэрч, хохирогчийг хамгаалах асуудлаар хандсан 34 тохиолдол бүртгэгдсэн ажээ. Тахарын ерөнхий газрын дарга Ц.Азбаярын мэдээлснээр, Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийн хүрээнд 44 шүүхийн байрыг 24 цагийн турш хамгаалж байгаа аж. Яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, яллагдагч, гэрчийг албадан ирүүлэх, ялтан шилжүүлэх, оргон зайлсан яллагдагч, ялтныг эрэн сурвалжлахаас гадна гэрч, хохирогчийг хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлж буй бөгөөд хүн амины гэмт хэргийн, хар тамхитай холбоотой гэмт хэргийн гэрчүүд, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдыг хамгаалах 34 өргөдлийг хүлээн авч хамгаалах арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна. 2015 онд Тахарын албанд хөрөнгө оруулалтын зардал гэж төсөвт тусгаагүй, яамны дэмжлэгээр ажиллаж ирсэн гэж тэрбээр нэмж хэлсэн.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Тахарын албаны тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөлтэй хамт өргөн барьсан атлаа энэ хууль хүчин төгөлдөр үйлчлэх хэвээрээ байгаа гэж буйгаа тайлбарлахыг Хууль зүйн сайдаас хүссэн. Эрхэм гишүүн Тахарын албыг ШШГЕГ-ын харьяанд оруулснаараа гэрч, хохирогчийг хамгаалах тогтолцоог үгүй хийх гэж байна хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн бөгөөд хоригдол, ялтантай харилцдаг хүмүүс яг тэр харилцаагаараа гэрч, хохирогчид хандаад байдаг. Энэ байдал өөрчлөгдөхгүй гэж шүүмжилсэн. Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Тахарын албыг татан буулгах тухай шинэ Засгийн газар байгуулагдсаны дараа яригдаж байсан. Энэ алба байх ёстой ч төсөв мөнгөний зардалтай холбоотой асуудал гарч ирсэн учир ШШГЕГ-ын харьяанд авч үлдэхээр шийдсэн хэмээгээд Тахарын албаны тухай хуулиар заасан үндсэн чиг үүргүүд тэр чигээрээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд туссан байгааг онцолсон. Хууль зүйн сайд, Тахарын алба хуулиа барьж ажиллана, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, Тахарын алба тус тусын үүргээ гүйцэтгээд явах болно гэж хэлсэн юм. Тэрбээр, тахарын албанд ажиллаж буй хүмүүсийг цомхотгох уу гэж асуусан УИХ-ын гишүүн Р.Гончигдоржийн асуултад, Захиргааны зардлын хувьд өөр тийшээ шилжинэ. Харин хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгээд явж байгаа ажилтнуудын хувьд цомхотголд орохгүй гэсэн хариултыг өгсөн. Гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжлээ.
Энэ өдрийн хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх тухай байлаа.
Согтууруулах ундааны хэрэглээнээс үүссэн сөрөг нөлөөллийг багасгах чиглэлээр эх орны үйлдвэрийн болон импортын бүх төрлийн архи, 2 хувиас дээш этилийн спирт агуулсан дарсанд ногдуулж буй онцгой албан татварт харгалзах хатуулгийн хэмжээг бууруулах, төрийн өмчит хуулийн этгээд төсвийн хөрөнгөөр согтууруулах ундаа худалдан авах болон нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох, бүх нийтийн ерөнхий боловсролын агуулгад согтууруулах ундааны хор уршиг, хэрэглээний эсрэг эзэмшвэл зохих мэдлэгийг заавал тусгах, аж ахуйн нэгж, байгууллага нь архидан согтуурахтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор холбогдох хууль тогтоомжийг мэдээлэх, сурталчлах үүрэгтэй байх зохицуулалтыг шинээр бий болгохоор хуулийн төсөлд тусгасан гэж Хууль зүйн сайд Д.Дорлигжав танилцуулсан юм.
Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг тухайн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох журмын дагуу аймаг, нийслэлийн Засаг дарга, чөлөөт бүсэд тухайн чөлөөт бүсийн захирагч олгодог байхаар тусгажээ.
Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг хуулиар тогтоосноор нууцаар ажиллах, улмаар гар дээрээс согтууруулах ундаа худалдах, сүлжээ бүлэглэл үүсгэх, гудамж талбай, зочид буудал, ахуйн хүрээний архидалт нэмэгдэх, гэмт хэрэг, зөрчлийн гаралтад тодорхой хэмжээгээр нөлөөлөх сөрөг хандлага гарч буй аж.
Тиймээс аймаг, нийслэлийн Засаг дарга, чөлөөт бүсийн захирагч нь нийгэм, эдийн засгийн хөгжлийн байдал, худалдааны болон үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны онцлогийг харгалзан харьяалах нутаг дэвсгэрийн согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг бие даан шийдвэрлэхээр төсөлд тусгасан аж. Хуулийн төслийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
Түүнчлэн Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 05 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулан Шүүхийн захиргааны тухай болон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв. Хуулийн төслүүдтэй холбоотой асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулахаар тогтлоо хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.