Барилга дээр ажилладаг таван хүн тутмын нэг бэртэж байна

Хуучирсан мэдээ: 2019.04.24-нд нийтлэгдсэн

Барилга дээр ажилладаг таван хүн тутмын нэг бэртэж байна

Гар, хөл нь хугарсан, толгой хагарсан гээд бэртэж, гэмтсэн цөөнгүй хүмүүс Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хүлээн авахын яаралтай түргэн тусламжийн тасгийн үүдэнд дараалал үүсгэжээ. Тэдний ихэнх нь залуус байх аж. Урин дулаан цаг ирж, барилгын ажлууд эхэлсэнтэй холбоотойгоор нэлээдгүй хувийг барилгын осол эзэлж байгааг эмч мэргэжилтнүүд онцолсон юм. Ингээд барилгын ажлаас шалтгаалсан осол гэмтлийн талаар сурвалжиллаа.


“ТАВАН ХҮН ТУТМЫН НЭГ НЬ БАРИЛГА ДЭЭР АЖИЛЛАЖ БАЙГААД ГЭМТДЭГ”

ГССҮТ /2019.04.22/

Гуч эргэм насны залуу хоёр давхар байшингийнхаа дээврийн төмрийг сольж байгаад унаж, хүзүүгээ бэртээжээ. Тэрбээр “Хоёр давхар байшин дээрээс уначихлаа. Хүзүүгээ эгцэлж, чадахгүй болчихлоо. Одоо яах вэ эмчээ” хэмээн тусламж хүслээ.

Түүний араас нэг залуу барилгын ажил хийж байгаад тасдагчны ирэнд хуруугаа тасалчихлаа гэсээр орж ирэв. Энэ мэт санамсар болгоомжгүй байдлаас болж, бэртэж гэмтсэн хүмүүс “Гэмтлийн” гэх тодотголтой төв эмнэлгийн Хүлээн авахын яаралтай түргэн тусламжийн тасагт хандана.

ГССҮТ-ийн Хүлээн авахын яаралтай түргэн тусламжийн тасгийн эмч Ч.Түмэнбаяр

Сурвалжлах групп тус төвд очиход үдийн цайны цаг болж байсан ч эмнэлгийн ачаалал их байлаа. “Урин дулаан цаг ирж, барилгын ажил эхэлсэнтэй холбоотойгоор барилгаас шалтгаалсан осол, гэмтэл ихээр гардаг. Манай эмнэлэгт барилга дээр ажиллаж байгаад бэртэж, гэмтсэн хүн олноор ханддаг. Дөнгөж сая үзүүлсэн хүн гэхэд хоёр давхар байшин дээрээс унаж, хүзүүгээ гэмтээсэн байна. Мөн ихэнх хүмүүс барилга дээр ажиллаж байгаад нуруугаа гэмтээх тохиолдол их гардаг. Манай төвд хандаж буй таван хүн тутмын нэг нь барилга дээр ажиллаж байгаад бэртэж, гэмтсэн байдаг” тухай  тус төвийн Хүлээн авахын яаралтай түргэн тусламжийн тасгийн эмч Ч.Түмэнбаяр хэллээ.

Энд нэгэн тоо дурдвал, Гэмтэл согог судлалын үндэсний төвд 2019 оны эхний улиралд нийт 26 мянга гаруй осол, гэмтэл бүртгэгдсэнээс барилга байгууламжаас унасан 145 хүн ханджээ. Эдгээр хүмүүсийн 20 нь ажлаа хийж байгаад гэмтсэн байна. Хүйсийн хувьд авч үзвэл 17 эрэгтэй, гурван эмэгтэй бүртгэгдсэн бөгөөд насны ангилалаар 30-39 насныхан барилгаас шалтгаалсан осолд илүүтэй өртсөн байх юм. Дараагаар нь 20-29 насныхан олноор бэртэж, гэмтэж байна гэсэн тоон үзүүлэлт гарчээ.

НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД 79 БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ЗӨВШӨӨРӨЛ ОЛГООД БАЙНА

Өнгөрсөн жилүүдтэй харьцуулбал энэ жил барилгын ажил шинээр эхэлж буй барилга байгууламжийн тоо нэмэгдсэн гэдгийг албаныхан онцолж байсан юм. Энэ талаар нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас тодруулахад өнгөрөгч 2018 онд нийслэлийн хэмжээнд нийт 674 барилга, байгууламж барих зөвшөөрөл олгосон. Харин 2019 он гараад нийслэлийн хэмжээнд 79 зөвшөөрөл олгоод байгаа гэдгийг мэргэжилтэн хэллээ.

Мөн нийслэлийн болон төсвийн хөрөнгөөр баригдаж буй барилга байгууламжийн талаар Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат мэдээлэл өглөө. Тэрбээр “Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтсан ерөнхий боловсролын сургуулийг хоёр ээлжинд оруулах ажлын хүрээнд нийслэлийн сургууль, цэцэрлэггүй хороодод шинээр сургууль, цэцэрлэг барих, гурван ээлжээр хичээллэж буй сургуулиудыг хоёр ээлжинд оруулах зэрэг асуудалд анхаарч ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд өнгөрсөн жил нэлээдгүй сургууль, цэцэрлэг баригдаж эхэлсэн. Энэ жил он дамжсан сургуулийн өргөтгөлийн ажил гэхэд нийт 12, цэцэрлэгийн барилга болон өргөтгөлийн ажил 18 байгаа бол бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор хоёр, сургуулийн спорт заал дөрөв, хорооны цогцолбор барилга хоёр, бусад барилга байгууламж 24 баригдах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэ жилийн тухайд Улсын төсвийн тухай хууль батлагдаж, нийслэлийн худалдан авах ажлаар 99 төсөл хөтөлбөрийг худалдан авахаар бэлтгэл ажлаа хангаад байгаа” тухай ярилаа.

ӨНГӨРСӨН ОНД ДОЛООН ХҮН АМЬ НАСАА АЛДЖЭЭ

Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн хяналт шалгалт, барилгын болоод үйлдвэрлэлийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх талаар дөрөвдүгээр сарын 8-ны өдөр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээлэл хийсэн. Энэ үеэр өнгөрсөн онд барилгын салбарт нийт 17 осол гарч, 24 хүн өртсөн байна. Үүний найман осол нь өндрөөс кран унасан осол гарч, долоон хүн амь насаа алдсан харамсалтай тохиолдол бүртгэгдсэн гэдэг мэдээллийг өгсөн.

НМХГ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, тусгай хяналтын хэлтсийн дарга И.Баттөгс

“Аж ахуйн нэгж, байгууллагууд барилга болоод үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх буюу хөдөлмөрийн аюулгүй ажлыг хангахтай холбоотой нийт төсвийн 1.5 хувьтай тэнцэх хэмжээний зардлыг гаргаж, хөдөлмөрийн аюулгүй ажлыг хангах үүрэгтэй. Гэтэл энэ үүргээ биелүүлэхгүй байснаар осол гэмтэл гарч, хүний амь нас эрсдэх тохиолдол гарсаар байна. Тиймээс нийслэлийн Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2019 оны дөрөвдүгээр сараас эхлэн хамгаалалтын тор хэрэглэх урьдчилан сэргийлэх аян зохион байгуулж байна.

Нийт гарч буй ослын 80 хувь нь өндрөөс унах, дээрээс юм унах гэсэн шалтгаанаар осол гэмтэл гарч байна. Барилгын ажил эхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад хамгаалалтын тор татах мэдэгдлийг хүргүүлээд байна. Үйлдвэрлэлийн осол гарахад зөвхөн аж ахуйн нэгж, байгууллагаас шалтгаалахаас гадна тухайн ажилтан, мэргэжилтэн гээд бүх хүний хичээл зүтгэлээр хамтдаа урьдчилан сэргийлдэг” талаар НМХГ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, тусгай хяналтын хэлтсийн дарга И.Баттөгс ярьж байсан юм.

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж