УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Ирэх оны Үндсэн чиглэлд Хууль зүйн яам харьяа 11 агентлагаас санал авч нэгтгэн, ирэх жил 33 арга хэмжээг хэрэгжүүлэх саналаа Засгийн газарт хүргүүлсэн ч нийт дөрвөн арга хэмжээ тусгагдсан болохыг Хууль зүйн сайд Д.Дорлигжав танилцуулсан. Ял шийтгүүлсэн этгээдийг ажлын байраар хангах зорилгоор жишиг бүхий үйлдвэрийн байр төсөл хэрэгжүүлэх, ял шийтгүүлсэн этгээдийг мэргэжлийн сургалтад хамруулах, улмаар суллагдан гарахад ажил хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх арга хэмжээ ирэх жилийн үндсэн чиглэлд туссан байна. Түүнчлэн гадаад орнуудын архивт хадгалагдаж байгаа Монгол Улсын түүх соёлтой холбогдох баримтыг илрүүлэх, тэдгээрийг хуулбарлах, худалдан авах замаар сан хөмрөгийг баяжуулах, аймгуудын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн архивын баримтыг цахимжуулах арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгажээ.
Энэ асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, ажил нь зогсоод байгаа Архивын барилгын ажлыг дуусгах, шинээр баригдсан Төрийн албан хаагчдын эмнэлгийн ажлыг дуусгахад шаардагдах хөрөнгө оруулалтын асуудлыг ирэх оны үндсэн чиглэлд тусгах нь зүйтэй гэсэн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, шүүх, прокурорын байрны барилгын ажлын санхүүжилтийг 2016 оны төсөвт суулгах нь зүйтэй гэсэн санал гаргасныг гишүүд мөн дэмжсэн юм. Ингээд Байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.
Г.ДАРЬ