Авлигатай тэмцэх газраас УИХ-ын гишүүн асан Кёкүшюзан Д.Батбаяр нарыг 32 тэрбум төгрөгийн залилангийн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ.
Албаны эх сурвалжийн мэдээлснээр, Кёкүшюзан Д.Батбаяр болон Замын-Үүд чөлөөт бүсийн захирагч гэх Н.Болормаа, "Сайхан ордос туурь" ХХК-ийн захирал Б.Цэрэндорж нар нь гадны хөрөнгө оруулагчдад хэд хэдэн төсөлд хамтран ажиллах санал тавьсан байна.
Тэднийг 2009-2014 оны хооронд БНХАУ-ын хуулийн этгээд "Евроази интернэшнл инвестмент групп"-ээс тухайн төслүүдийн урьдчилгаа төлбөрт их хэмжээний мөнгө авсан ч бичгээр өгсөн амлалт, баталгаануудаас нь өнөөдрийг хүртэл нэг нь ч хэрэгжээгүй гэж үзжээ. Иймд дээрх нэр бүхий хүмүүсийг зохион байгуулалттайгаар бусдыг залилан мэхэлж, тус компанид 32,713,190,850 төгрөгийн хохирол учруулсан эсэхийг тогтоохоор шалгаж эхэлсэн байна.
Авлигатай тэмцэх газраас энэ талаар тодруулахад "Шалгаж байгаа нь үнэн" гэв. Тус газраас дөрөвдүгээр сарын 23-ны өдөр хэвлэлийн хурал хийж, энэ талаар мэдээлэл хийх аж.
Холбоотой мэдээ