БНХАУ-ын компанид 50 га газар олгосон уу?

Хуучирсан мэдээ: 2019.04.24-нд нийтлэгдсэн

VS

БНХАУ-ын компанид 50 га газар олгосон уу?

Улаанбаатар хотын 50 га газарт хүлэмжийн аж ахуй эрхлэх зөвшөөрлийг БНХАУ-ын компанид олгосон эсэх талаарх маргаантай асуудлыг  энэ долоо хоногийн “VS” буландаа онцоллоо. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, НИТХ-ын Тэргүүлэгч С.Мөнхчулуун нарын дунд эл асуудал маргаан дагуулах болсон билээ. 

С.Мөнхчулуун
НИТХ-ын Тэргүүлэгч

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны гуравдугаар сарын 27-ны өдрийн хурлаар ЗГХЭГ-аас өгсөн чиглэлийн дагуу БНХАУ-ын Засгийн газрын хөрөнгө оруулалттай компани болох "Тяньжин Фүүдс" ХХК-д Улаанбаатар хотын 50 га газар нутагт хүлэмжийн аж ахуй эрхлүүлэх тухай асуудал орж ирсэн.

Улаанбаатар хотын 50 га газар гэдэг нь Монгол Улсад буй нийт хүлэмжийн аж ахуй эрхэлж буй газрын 90 хувьтай тэнцэхүйц том газар гэсэн үг юм. Тийм учраас Монголын хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаанд төдийгүй улсын хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй гэх үндэслэлээр НИТХ-ын Тэргүүлэгчийн зүгээс энэхүү асуудлыг зөвшөөрөөгүй юм.

Гэвч хурлын дараа, тус өдөр Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өөр компаниар дамжуулан энэхүү ажлыг зохион байгуулж, хийх болсон тухай тэмдэглэсэн албан бичгийг өөрөө ЗГХЭГ-т хүргүүлсэн нь тус ажил цааш биеллээ олж, хэрэгжихээр болсныг илэрхийлж байгаа. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын 50 га нутаг дэвсгэр дээр БНХАУ-ын 40 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай компани хүлэмжийн аж ахуй эрхлэх болж байна.

Энэ асуудлаар хүлэмжийн аж ахуй эрхлэгч зарим иргэн надтай холбогдож, санал солилцсоны үндсэн дээр бид Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Хөдөө, аж ахуйн салбар хариуцсан сайд Ч.Улаан, нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нарт шаардлага хүргүүлэхээр боллоо. Хэрэв тус ажлыг зогсоож, шаардлагыг хүлээж авахгүй тохиолдолд бид дараа дараагийн тэмцлээ эхлүүлэх болно.

С.Амарсайхан
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч

Сүүлийн үед намайг “Хятадын компанид 50 га газар олгох гэж байна” гэсэн гүтгэх боллоо. Засгийн газрын хэмжээнд хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтран ажиллах хэлэлцээр хийж, тодорхой ажил хэрэгжүүлэхээр болсон юм билээ. Энэ дагуу Ерөнхий сайдын захирамж гарч судалгааны ажлын баг байгуулсан юм байна. Дараа нь ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Г.Баясгалангаас Тяньжин хотын захиргаатай хамтран хүлэмж, ногоо тариалах асуудлыг судлах ажил хийх шаардлагатай байгаа тухай албан бичиг өнгөрсөн сарын 27-нд надад ирсэн. Тухайн өдөр миний бие ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд холбогдох тооцоо судалгааг хийх ААН, нийслэлийн өмчит 100 компанийн нэрийг албан бичгээр хүргүүлсэн. Ямар нэгэн газар олгоогүй, газар олгох шийдвэр гараагүй. Харин дотоодын хүнсний ногоо тариаланчдаа ямар байдлаар дэмжиж, дөрвөн улирлын хүлэмж байгуулах, хүнсний аюулгүй байдлаа хангах асуудлыг судлах зорилгоор дээрх нэрсийг хүргүүлсэн. Гэвч НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун үүнийг улс төрийн зорилгоор мушгин гуйвуулж, намайг хятадуудад 50 га газар олгож байна гэсэн мэдээлэл түгээсэн. Ийм мэдээ түгээж байгаа нь түүний ашиг сонирхолтой холбоотой. Тэрбээр өөрийн хадам ээжийн нэр дээрх ААН-д нийслэлийн өмчит байрыг хувьчилж өгөх асуудлыг НИТХ-д санал оруулж байсан. Энэ асуудлыг би хууль бус шийдвэр гээд  НИТХ-аас буцааж байсан. Үүнээс болж намайг гүтгэх, доромжлох, хууль бус ажиллагаагаа эрчимтэй явуулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж