Өмнөговь аймгийн Даланзадгад суманд эрчим хүч тасарч дөрөв хонож байгаагаас эмнэлгүүдийг хондо мотор асааж, цахилгаанаар хангах болсон гэсэн мэдээллийн дагуу холбогдох хүмүүсээс асуудлын шалтгааныг тодрууллаа.
Эрчим хүчний яамны Говийн бүсийн салбарын дарга С.Намжилцэрэнгээс энэ асуудлыг тодруулахад “Эрчим хүчний шугамын өргөтгөлтэй холбоотойгоор төлөвлөгөөний дагуу Өмнөговь болон Дундговь аймгийн цахилгааныг энэ амралтын өдрүүдэд буюу дөрөвдүгээр сарын 20, 21-нд 08.00-20.00 цаг хүртэл түр тасалсан. Манай зүгээс төлөвлөгөөний дагуу цахилгааныг хоёр хоног түр тасалсан. Түүнээс олон хоног цахилгаан тасарсан бол манайхтай холбоотой зүйл биш” гэлээ.
Мөн бид "Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн техникч Т.Хоролмаагаас тайлбар авсан юм. Тэрбээр “Шугамын өргөтгөлтэй холбоотойгоор энэ сарын 20, 21-нд хуваарийн дагуу цахилгаан тасарсан. Харин өнөөдөр /2019.4.23/ аянгын улирлаас хамгаалах үйлчилгээ хийж, 09.00-14.50 цагт цахилгааныг түр тасалсан. Түүнээс өөр хугацаанд цахилгаан тасраагүй. Цахилгаан тасалсан бүх ажил төлөвлөгөөний дагуу явсан болохоор ямар нэгэн асуудал үүсээгүй” гэсэн юм.