Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиев энэ сарын 10-ны өдөр Монгол Улсад газардсан. Болгар улстай дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойтой давхацсан энэхүү төрийн айчлалын албан ёсны арга хэмжээнүүд өнөөдөр өндөрлөлөө. Монгол Улс Болгар улстай олон жилийн уламжлалт харилцаатай ч эдийн засаг, бизнесийн салбарт төдийлөн ахиц гаралгүй явж иржээ. Энэ удаагийн айлчлал хоёр улсын улстөрийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээс гадна эдийн засгийн харилцааг сэргээх ач холбогдолтой гэж талууд дүгнэсэн юм. Айлчлалын хүрээнд хоёр улсын төрийн тэргүүний ганцаарчилсан болон, өргөтгөсөн уулзалт хэлэлцээ, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын бараалхал, Монгол-Болгарын бизнес форум боллоо. Мөн Хамтран ажиллах тухай Монгол Улсын Гадаад хэргийн яам, БНБУ-ын Гадаад хэргийн яам хоорондын харилцан ойлголцлын Санамж бичиг, Хөдөө аж ахуйн салбарт техникийн туслалцаа үзүүлэх тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн яам, БНБУ-ын Хөдөө аж ахуй, хүнсний яам хоорондын Хэлэлцээр, БНБУ-ын Дээд боловсролын сургалтын байгууллагуудад монгол оюутнуудыг сургах тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, БНБУ-ын Боловсрол, шинжлэх ухааны яам хоорондын Хэлэлцээр, Монгол Улсын ШУА, БНБУ-ын ШУА хоорондын Хамтын ажиллагааны протоколд тус тус гарын үсэг зурлаа.
Ингээд Болгар улсын Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд яригдсан асуудлыг тоймлон хүргэж байна.
Унтаа эдийн засгийг сэргээж чадна
Айлчлалын хүрээнд хоёр улсын Төрийн тэргүүн ганцаарчилсан болон өргөтгөсөн уулзалт хэлэлцээ хийсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр орны харилцааны эхлэлийг бидний өмнөх үеийнхэн тавьж, урлаг, спорт, эрүүл мэндийн чиглэлэээр олон хүн Болгарт боловсрол эзэмшнийг онцолсон юм. Хоёр улсын харилцааны түүхэнд нийтдээ 5000 гаруй хүн Болгарт суралцсан байдаг аж. Тэрбээр “Бид богино хугацаанд тодорхой баримт бичгүүдэд гарын үсэг зурж чадлаа. Энэ бүхэн бас манай хоёр орны баримт бичиг зурсан салбаруудын харилцааг бэхжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой байх болно” гэсэн бол Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиев” “Энэхүү айлчлалын уулзалтын үеэр хоёр орны харилцааг эмийн үйлдвэрлэл эрчим хүч, газар тариалан, хүнсний болон арьс ширний үйлдвэрлэлийн салбарт мөн өндөр технологи болон дэд бүтэц байгуулах зээрг бусад салбарт бидний яриа хэлэлцээ үргэлжилнэ. Болгар улсын их хурал Монгол, Европын холбоо хоёрын хоорон дахь гэрээг баталсан бөгөөд ингэснээр Болгар Монгол болон, Болгар Европын холбооны харилцаа өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.
Айлчлалын хүрээнд яригдсан гол асуудал нь мэдээллийн технологи, сэргээгдэх эрчим хүч, хүнсний салбарт хамтран ажиллах байв. Социализмын үеэс мэдээллийн технологийн салбар өндөр хөгжсөн тус улсын мэргэжилтнүүд дэлхийд нэр хүндтэй "Microsoft" компанид ажиллаж байна. Тиймээс энэ чиглэлд Монгол Улстай хамтран ажиллах бүрэн боломжтойг аж. Тухайлбал хотын ухаалаг тээврийн үйлчилгээ нэвтрүүлэх чиглэлд хэдийн хамтран ажиллаад эхэлжээ. Цаашдаа ойрын хугацаанд Болгарын Гадаад явдлын яам Консулын газар байгуулахаар ярьжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зүгээс Болгар улстай бизнесийн салбарт хамтран ажиллах шаардлага, айлчлалын ач холбогдлын талаар дурдсан. Тэрбээр “Хоёр улсын эдийн засгийн харилцаа олон жил унтаа явж ирлээ. Энэ унтаа харилцааг сэрээхэд энэ удаагийн айлчлал ихээхэн түлхэц болно. Болгар улсын Ерөнхийлөгчийн айчлал унтаа харилцааг сэрээж чадна гэдэгт бүрэн итгэлтэй байна. Дээрээс нь манай хоёр улсад хоёуланд нь төрд мөнгө бага байгаа. Хувийн хэвшлийнхэнд мөнгө байгаа. Бас хамтран ажиллах сонирхол бий. Тиймээс энэ хоёрыг уулзуулж өгөх нь бидний үүрэг. Уулзуулснаар эндээс хамтарсан үйлдвэр, бизнесийн харилцаа үүснэ гэдэгт итгэж байгаа. Тийм боломж бий. Хоёрдугаарт Болгарын улсаас европын зах зээлд гарсан олон төрлийн бизнесийг Монголд хөгжүүлэх, хамтарч ажиллах боломж харагдаж байна. Удахгүй байнаа Хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Хотын Засаг дарга Э.Бат-Үүлийг Болгарт айлчлуулах талаар ярьж байна” хэмээн тодотгосон. Болгар улсын хувьд хотын метрог харьцангуй хожуу нэвтрүүлсэн ч технологийн хувьд европ стандартыг хангасан, олон улын жишгээс даруй 3 дахин бага өртгөөр, богино хугацаанд барьж байгуулсан гэдгээрээ онцлогтой аж. Тиймээс Хотын дарга Болгарын энэхүү туршлагыг судалж, метротой болох Монгол мөрөөдлийг биелүүлэх бололтой.
Монголын ардчиллаас суралцана
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын дарга З.Энхболд нар манай улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиевт өчигдөр бараалхсан. Монгол Болгарын Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын хамтарсан комиссын VI хуралдаан энэ онд Болгарын Софи хотноо болох бөгөөд тус хуралдаан нь хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэхэд чухал арга хэмжээ болно гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд илэрхийлсэн. Уулзалтын үеэр хөдөө аж ахуй болон мэдээллийн технологийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр орны газар зүйн байршлын давуу талыг ашиглан өөрсдийн орны эдийн засгийн боломжийн талаар санал солилцсон юм.
Дараа нь түүнд УИХ-ын дарга З.Энхболд бараалхсан. Энэ үеэр Болгарын Ерөнхийлөгч “Монгол Улс бол бүс нутагтаа ардчиллыг хөгжүүлсэн туршлагаараа үлгэр дуурайлал болохуйц улс. Танай улсын иргэд өөрсдийн сонгосон ардчиллын замдаа сэтгэл хангалуун байдаг нь надад анзаарагдсан. Ардчиллыг тайван замаар хөгжүүлсэн танай улсын туршлагаас суралцах хэрэгтэй гэж бодож байна” гэсэн юм. Тэрбээр УИХ-ын даргыг өөрийн улсдаа айлчлахыг урьсан юм. УИХ-ын дарга З.Энхболд Болгар Улсын Ардын Их Хурал дахь Болгар-Монголын парламентын бүлэг шинэчлэгдэн байгуулагдсаныг онцлоод харилцааг тогтмолжуулаж, туршлага, мэдээлэл солилцох, харилцан айлчлал зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллахын төлөө байгаагаа илэрхийллээ. Мөн тэрээр Монгол, Болгарын худалдаа, эдийн засгийн уламжлалт хамтын ажиллагааг сэргээж, хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, дэд бүтэц зэрэг салбарт хамтран ажиллах, улс төр, хөдөө аж ахуй, боловсрол, шинжлх ухааны салбарын харилцаанд ахиц гаргах баримт бичгүүд байгуулсанд талархал илэрхийлсэн юм.
Болгарын Ерөнхийлөгчийн хувьд гурван өдөр Монгол Улсад саатахдаа Болгарт боловсрол эзэмшсэн иргэдийн төлөөлөлтэй уулзсан. 1957 оноос хойш манай улсын 500 гаруй иргэн Болгар улсад эм зүй, электроникс, хөдөө аж ахуй, соёл урлагийн мэргэжлээр их, дээд сургууль төгсчээ.
“Монголын газар нутаг, байгалийн баялгийг сонирхоогүй”
Айлчлалын хоёр дахь өдөр болсон гол үйл явдал нь Монгол Болгарын бизнес форум байв. Хоёр улсын бизнесийн салбарын хамтын ажиллагаанд чухал нөлөөтэй форумын нээлтэд хэлсэн Болгарын Ерөнхийлөгчийн “Монгол Улсын өргөн уудам газар нутаг, асар их байгалийн баялагийг бид сонирхоогүй. Харин хоёр улсын байршлын хувьд стратегийн ач холбогдолтой гэдэг талаас нь цаашдын боломжуудаа харж байна” гэх үг анхаарал татсан.
Болгар улс нар, салхи, усны сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр 2020, 2030 он гэхэд нэг хүнд ногдох эрчим хүч үйлдвэрлэлтээрээ дэлхийд давамгайлах зорилт тавьжээ. Мөн цаашдаа мэдээллийн технологийн салбарт хоёр улсын Засгийн газар хамтран ажиллах, бага өртгөөр метро байгуулах боломжийн талаар ярилцлаа. Өнөөдөр Софи хотод байрлах метрогоор 500 мянган хүн зорчиж, онгоцны буудлуудыг холбож чаджээ. Энэ нь олон улсын жишгээс гурав дахин бага өртгөөр метро барьсан тод жишээ юм байна. Тус форумд Болгарын талаас “Ажил олгогч эздийн холбоо”, “Мэдээлэл, программ хангамжийн холбоо”, 30 орчим бизнес эрхлэгч компаниудын төлөөлөл, Монголын талаас Уул уурхайн яам, Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газар, Хөрөнгө оруулалтын газар, 50 гаруй бизнесийн салбарын төлөөлөл оролцлоо.
Болгарын талаас ирсэн төлөөлөгчдийн олонх нь мэдээллийн технологийн салбарынхан байсан юм. Мөн газар тариалан, хүнсний технологи, уул уурхайн салбарын төлөөллүүд ирсэн байна.Өнөөдрийн байдлаар, Монгол Улсад Болгарын хөрөнгө оруулалттай 20 гаруй компани идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг аж. 1990-ээд оны дундаас хойш өнөөг хүртэл 30 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Дээрх тоон үзүүлэлтийг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний чанарт анхаарах, Монголд хөрөнгө оруулах боломжтой салбарыг судлах, туршлага солилцох нь энэ удаагийн форумын зорилго байлаа. Цаашлаад Монголоор дамжуулж Хятад, Оросын томоохон зах зээлд бүтээгдэхүүн экспортлох боломжийг эрэлхийлжээ.
Цаашдаа санамж бичгийн хүрээнд бодит ажлыг урагшлуулах зорилгоор Болгарын Эдийн засгийн сайд, Гадаад хэргийн сайд нар Монгол Улсад айлчлах бол Монголын талаас Хотын дарга Э.Бат-Үүл, Хүнс хөдөө аж ахуйн сайд нар айлчлах гэнэ. Айлчлалын хүрээнд яригдсан санал санаачлагыг бодит ажил болгох процесс амаргүй гэдгийг Болгарын Ерөнхийлөгч сануулсан. Тиймээс хоёр улсын Засгийн газрын түвшинд санаачлагатай ажиллаж, дэмжихээ талууд илэрхийлсэн юм.
Болгарын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийх гурван өдрийн айлчлалын албан ёсны арга хэмжээнүүд ийнхүү өндөрлөлөө. Тэрбээр маргааш нутаг буцна. Айлчлалын ач холбогдол үр дүн санал санаачлагуудаа бодит ажил болгохоос хамаарна.
С.ОТГОНСҮРЭН