Б.Дэлгэрмааг Элчин сайдаас нь эгүүлэн татахыг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2019.04.23-нд нийтлэгдсэн

Б.Дэлгэрмааг Элчин сайдаас нь эгүүлэн татахыг дэмжлээ

Б.Дэлгэрмааг Элчин сайдаас нь эгүүлэн татахыг дэмжлээ

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2019.04.23/  хуралдаанаар гурван асуудал хэлэлцлээ. Тус хуралдааны эхэнд Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх байсан боловч хэлэлцэхээс хойшлуулав.

Ажлын хэсгийн бүрдэл дутуугаас тус хуулийн төслийг буцаах саналыг байнгын хорооны дарга О.Содбилэг гаргасан юм. Харин УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан хэлэлцэхээс хойшлуулъя гэсэн санал гаргасныг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр дэмжиж,  тэрбээр "Ажлын хэсгийг өргөтгөн шаардлагатай бол байнгын хорооны гишүүд ажлын хэсэгт орж ажиллуулъя. Мөн Жанжин штаб, ТЕГ-ынхантай уулзаж, өнгөрсөн хугацаанд Монгол Улсын хэмжээнд импортолсон тэсэрч дэлбэрэх бодисын хадгалалт , хамгаалалт, ашиглалт, ААН-үүдийн өнөөгийн байдал зэрэгтэй танилцсан нь дээр. Ажлын хэсэг уг дүгнэлтийг гаргах хүртэл нь уг хуулийн төслийг  хэлэлцэхээс түр хойшлуулах горимын санал гаргаж байна" гэснийг байнгын хорооны гишүүдийн олонхи дэмжсэн юм.

Үргэлжлүүлэн  Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээний төслийг хэлэлцлээ. Тус төслийн талаар ГХ-ны сайд Д.Цогтбаатар танилцуулав. Тэрбээр "Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээний төслийг 2019 оны дөрөвдүгээр сарын 03-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжиж УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөхөөр тогтсон билээ.

Энэхүү гэрээнд талууд улс төр, худалдаа, эдийн засаг, боловсрол, зам тээвэр, шинжлэх ухаан, техник, нийгэм соёл, хүмүүнлэг, хөдөө аж ахуйн салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тусгасан бөгөөд тус  гэрээг байгуулснаар хоёр улсын Засгийн газрын цаашдын хамтын ажиллагааны  эрхзүйн үндэс бий болно гэж үзэж байна. Хоёр улсын хооронд 1992 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэ жил дипломат харилцаа тогтоосонд 27 жилийн ой тохиож байна. Хоёр улсын харилцаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа” гэв.

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЛҮНДЭЭЖАНЦАН:

-Дэмжиж байна. Манай улс Украинтай найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ байгуулж байсныг би санаж байна. Тодорхой хугацааны дараа хоёр тал тодорхой саналгүй бол сунгагдаад явдаг жишигтэй. Бүгд Найрамдах Беларусь улсын хувьд манайд Элчин сайдын яамаа нээж хамтын ажиллагаа сүүлийн үед харьцангуй идэвхжиж байгаа. Бусад улсуудтай байгуулсан өмнөх гэрээнүүдэд хоёр талын санал тавигдахгүй бол автоматаар сунгагдаж байгаа юу. Мөн Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээний энэхүү төсөл нь бусад гэрээнээс ялгагдах онцлог бий юу.

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАР:

-Ялангуяа найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ олон улсын харилцааны практикт сунгагдах механизмтай байдаг. Өөрөөр хэлбэл хэлэлцэн тохирох талуудаас аль нэг нь гэрээнд заагдсан хугацаанаас өмнө дуусгавар болгох мэдэгдэл өгөөгүй тохиолдолд гэрээ автоматаар сунгагддаг. Энэ нь тогтсон жишиг.

АЖЛЫН ХЭСЭГ:

-Өнөөдрийн байдлаар манай улс 14 оронтой найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Харилцааны үндэс суурь болсон гэрээ тав таван жилээр сунгагддаг. Өнөөдрийг хүртэл гэрээний хугацаа дууссан, нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг асуудал гараагүй.

АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ГАДААД БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА, УИХ-ЫН ГИШҮҮН О.СОДБИЛЭГ:

-Бүгд Найрамдах Беларусь улстай зээлийн гэрээний асуудлаар зөвшилцөх асуудал байнгын хороогоор дэмжигдсэн. Уг асуудал өнөөдөр ямар шатандаа яваа вэ, гарын үсэг нь зурагдсан уу.

АЖЛЫН ХЭСЭГ:

-Бүгд Найрамдах Беларусь улстай байгуулсан зээлийн гэрээний хэлэлцээрт 2019 оны дөрөвдүгээр сарын 19-нд гарын үсэг зурагдсан.

Ингээд уг төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж байнгын хорооны гишүүдийн 70 хувь нь дэмжив.

Үүний дараа  Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмааг эгүүлэн татах саналыг зөвшилцөв. Уг саналыг байнгын хорооны гишүүдийн 80 хувь дэмжсэнээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж