“Шонхор”-ынхон “хагарав”

Хуучирсан мэдээ: 2015.05.12-нд нийтлэгдсэн

“Шонхор”-ынхон “хагарав”

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан дээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай болон холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцэх үеэр Ардчилсан намын “Шонхор” фракцид харъяалалтай хоёр гишүүн “чи, би”-дээ тулжээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Ганбатыг үг хэлэх үед Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ асуудлаа нуршилгүй ярихыг анхааруулснаас болоод хэрүүл үүссэн байна.

Дараагийн байнгын хорооны хурал болох гэж байгаа тул “хурдан ярь” гэсэн С.Эрдэнийн үгэнд Д.Ганбат гишүүн уурлаж, “УИХ-ын гишүүнийг загнадаг чи хэн юм бэ. Ер нь чамайг огцруулах асуудалыг хөндөнө. Надад эрх нь бий” гэж “агсарсан” бол Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ “ Хачин царайтай чам шиг юмнаас айхгүй. Огцруулах асуудлаа тавь. Чи бол жижиг хүн” хэмээн “томорсон” байна.

УИХ-ын гишүүн Д.Ганбат, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ хоёр бол Ардчилсан намын “Шонхор” фракцийн гишүүд. Д.Ганбат хамгийн сүүлд тус фракцид элсэхэд нь УИХ-ын дарга З.Энхболд хадаг, сүүтэй угтаж байсан явдал бий. Гэхдээ одоо бол УИХ-ын дарга Ардчилсан намын даргаар сонгогдсон учраас “Шонхор” фракциасаа албан ёсоор гарч, орыг нь Д.Ганхуяг гишүүн залгамжилж буй.

Ийнхүү УИХ-ын гишүүн Д.Ганбат “Шонхор” фракцийнхаа нэгэн сайдыг огцруулах асуудлыг өргөн баривал асуудал хурцадаж магадгүй нь. Гэхдээ нээрэн “Шонхор” фракцидаа З.Энхболдтой эн зэрэгцэх С.Эрдэнийг Д.Ганбат гишүүн огцруулж чадах болов уу. Хэрэв огцруулж чадвал Д.Ганбат “жижиг хүн” биш гэдгээ С.Эрдэнэ харуулна шүү дээ.

М.ЯЛАЛТ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж