Л.Эрдэнэчимэг: ТТ-д дахин тендер зарлах хэрэгтэй байх

Хуучирсан мэдээ: 2015.05.12-нд нийтлэгдсэн

Л.Эрдэнэчимэг: ТТ-д дахин тендер зарлах хэрэгтэй байх

Тавантолгойн гэрээний төсөл хийгээд холбогдох бусад хуулийн төслүүд хуульд нийцэж байгаа эсэхийг судлахаар УИХ-аас ажлын хэсэг байгуулагдан ажиллаад 10 гаруй хоногийн хугацаа өнгөрч байна. Тус ажлын хэсгийг ахалж буй УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгээс дараах асуултад хариулт авлаа.


-Ажлын хэсгийн дүгнэлт хэзээ гарах вэ, 14 хоногт багтаж, ажлын хэсгийн дүгнэлт гарна гэсэн ч одоо хэр нь тодорхой мэдээлэл гарсангүй?

-Хөрөнгө оруулагч талд хандаж, ажлын хэсгийн зүгээс илгээсэн албан бичгийн хариу, материалууд хэр хурдан ирнэ, түүнээс шалтгаална.

-Консерциумд багтсан “Энержи ресурс” компани өртэй байгаа тухай та өмнө нь ярьсан. Тийм их эрсдэл дагуулахаар байгаа юм уу. Ажлын хэсэг энэ асуудлыг юу гэж үзэж байна вэ. Олон улсын зах зээлээс хөрөнгө босгож чадах нь чухал болохоос өр бол байдаг л зүйл гэдэг зүйлийг зарим гишүүн хэлж байна?  

-Нэмж мэдээлэл өгөхөд “Энержи ресурс” компанийн Тавантолгойн дээрх бүтээн байгуулалт, баяжуулах үйлдвэр, цахилгаан станц, бэлэн мөнгө бараа материал энэ бүхэн нь 570 сая ам.долларын барьцаанд байгаа. Дээр нь 600 сая ам.долларын бондод ММС, Люксенбург болон Хонгконг дахь охин компаниудын хувьцаа тэр чигтээ барьцаанд байгаа.

Өнөөдөр нүүрсний үнэ хямд, 80 ам.доллараас доогуур байгаа нөхцөлд тухайн компани дараачийн 2-3 жилийн хугацаанд ашгаа олж, барьцаанаас гарах ямар ч боломжгүй байгаа. Өөрөөр хэлбэл, нүүрсний үнэ нэг тонн нь 150 ам.долларт хүрч байж л эднийх ашигтай ажиллаж, эхний өр төлбөрөө гүйцээх юм билээ. Гэтэл 2017 онд буюу 2 жилийн хугацаанд бүх өрөө төлж дуусгасан байх ёстой ч боломжгүй. Тэгэхээр энэ хугацаанд  компани бүх зүйлээ алдаад дампуурах эрсдэлтэй гэж ажлын хэсгийн гишүүд харж байгаа. Гэхдээ бид санхүүчид биш учраас ийм байдалд хүрч магадгүй юм байна гэдгийг шинжээчдийн баг баталгаажуулах шаардлагатай гэж харж байна.

Эрсдлийн тухайд, бид гэрээ зураад явуулчихдаг, 1-2 жилийн дараа энэ компани дампуурах байдалд хүрэх юм бол нөгөө олон банкуудад энэ компанийн бүтээн байгуулалтын үл хөдлөх хөрөнгүүд болон барьцаа шилжинэ гэдэг Монгол Улсын 51 хувь гадаадын банкууд дээр болон гадаадын хөрөнгө оруулалттай компанид очиж, Монголд юу ч үлдэхгүй болох 100 хувь нөгөө талд шилжих нөхцөл байдал үүснэ.

Миний хувийн бодлоор, магадгүй Тавантолгойд дахин тендэр зарлаад, олон улс орны компаниудыг оролцуулаад үзэх шаардлагатай болов уу гэж харж байгаа.

-УИХ дахь МАН-ын бүлгийн зүгээс “Тавантолгойн гэрээний төслийг УИХ-аар эхэлж хэлэлцэх эсэхийг нь шийдээд, дараа нь сайжруулаад явах боломжтой. Ажлын хэсэг нэртэй 10 хэдэн хүний төвшинд Тавантолгойн хэлэлцэх эсэхийг  шийдэх нь учир дутагдалтай” гэсэн асуудлыг тавьж байгаа. Процедурынх нь хувьд хөөгөөд үзсэн ч УИХ-д өргөн барьсан хуулийн төсөл, тогтоолыг эхэлж УИХ-аар хэлэлцэх эсэхийг нь шийддэг. Гэтэл Тавантолгойн гэрээний төсөл өөр зарямаар хэлэлцэгдээд байна?

-УИХ-ын даргын гаргасан захирамж, УИХ-ын Дэгийн тухай хуулийн тодорхой заалтуудад нийцүүлэн гаргасан гэж үзэж байгаа. Тийм учраас энэ талаарх мэдээллийг УИХ-ын дарга болон УИХ-ын Тамгын газраас авах боломжтой.

-Хаврын чуулганы хугацаанд багтаад Тавантолгойн асуудлыг шийдэх бололцоотой юу?

-Тавантолгойн асуудлыг 2010 онд анх тендэр шалгаруулах замаар шийдэх гээд компаниуд оролцоод тэндээс зургаан компани шалгараад явж байсан. Гэвч 2012, 2013 онд энэ ажил бүрэн зогсож, 2014 оноос маш богино хугацаанд шалгаруулалт хийсэн. Долоон төрлийн шаардлага гаргаж тавьсан нь 2010 онд тавьж байсан шаардлагаас эрс өөрчлөгдсөн байгаа. Гол нь оролцогч компаниудыг маш богино хугацаанд ажиллах шахуу даалгавар өгөгдсөн учраас ихэнхи компаниуд татгалзсан хариу өгсөн байсан. Эндээс харахад ийм том гэрээн дээр яагаад богино хугацаанд шалгаруулалт хийх гэж оролдсон бэ гэдэг нь өөрөө их асуудалтай байгаа. Магадгүй энэ нь өнөөдөр шалгарчихсан байгаа компаниудад зориулж тавьсан шалгаруулалт байх магадлалтай. Зургаа, долоо дахь шалгарууллат дээр бичигдсэн байгаа, тухайлбал, таван жилээс доошгүй Монгол Улсад үйл ажиллагаа явуулсан байх ёстой гэдэг ч юм уу, төмөр замыг 30 жилийн дараа 51 хувийг төрд өгөх гэх мэт. Тухайн шалгарч байгаа компанид зориулсан шалгуур тавьж өгсөн юм шиг харагдаад байгаа. Тэгэхээр 200 гаад жил ашиглах боломжтой ийм том төслийг гурав, дөрвөн сарын хугацаанд шахуу байдлаар нэг компанид зориулан хийсэн нь өөрөө хардлага төрүүлж байгаа болов уу.

Миний хувийн бодол бол магадгүй дахин тендэр зарлаад, олон улс орны компаниудыг оролцуулаад үзэх шаардлагатай болов уу гэж харж байгаа.

-Дүгнэлт гарсан тохиолдолд нөхцөл байдал яах бол, төмөр зам дээр ажлын хэсэг ямар байр суурь барьж байна вэ?

-Ухаа худагаас Гашуун сухайт хүртэлх төмөр замыг хөрөнгө оруулагчдаа өгөх нь хэр зохимжтой вэ гэдгийг бодох ёстой. Монголын төмөр замынхны өгч байгаа мэдээллээр бол 950 сая орчим ам.доллараар төмөр зам босох боломжтой байсан, өмнө нь. Үүнээс 450 орчим сая ам.долларыг “Чингис бондоос” гаргаад 600 орчим сая ам.долларыг Солонгосын болон Америкийн хэд хэдэн компанийн зүгээс удаан хугацааны зээл олгох тохиролцоо хийгээд явж байсан юм билээ. Өөрөөр хэлбэл, Монголын төмөр зам буюу төрийн өмчит компани төмөр замаа бариад 12 жилийн хугацаанд хөрөнгө оруулалтаа нөхөөд үлдсэн 20 жилийн хугацаанд цэвэр ашгаа аваад тэр нь 1.2 тэрбум ам.долларын ногдол ашиг Монгол Улсын Засгийн газарт оноогдохоор байгаа. Ийм байдлаар төмөр замаа барих боломж байж, одоо ч ийм боломж байна гэж ажлын хэсэг үзсэн.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж