Жилдээ ганц удаа Монголын төр татвар төлөгчдөдөө талархдаг. Тэр нь тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт тохиодог юм. “Татвар төлөгч танд баярлалаа” өдрүүдийн хүрээнд Үндэсний татварын алба татварын хууль, тогтоомжийг сурталчилах, татвар төлөгчдөд зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах зэргээр арван зургаан жилийг өнгөрөөжээ.
Энэ жилийн талархах өдрүүд ч урьд өмнөх шигээ мэдээлэл өгөх, сургалт, сурталчилгаа явуулахаас хэтрэхгүй нь.
2015 онд улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх татварын орлогыг 2.5 их наяд төгрөгт хүргэх, үүнээс улсын төсөвт 1.7 их наяд, орон нутгийн төсөвт 776.1 тэрбум төгрөг төвлөрүүлэх зорилго тавьж байгаагаа Үндсэний татварын албаныхан хэлж байна.
Баялаг бүтээгчдээ гэмт хэрэгтэн болгож байгаа хуулийг тогтолцоогоо өөрчлөх нь татвар төлөгчдөдөө илэрхийлж буй жинхэнэ талархал тэр байх болов уу
Экспортын орлого багасч, хөрөнгө оруулалт царцсан хүнд хэцүү үеийг нуруун дээрээ үүрч яваа татвар төлөгчдөдөө чин сэтгэлээсээ талархаж байгаа бол уг нь хүлээсэн хуулийг нь батлаад өгчихмөөр. Хошин шогийнхны хэлдэг “Хоосон баярлалаагаар хоол хийх биш дээ” гэдэг хоосонгүй л үг.
Ноднин зунаас компаниуд татварын өршөөл үзүүлэхийг хүлээж байгаа. Засгийн газар Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих, Эдийн засгийн өршөөлийн гэх хоёр хуулийн төслийг боловсруулаад УИХ-д өргөн барьсан. Энэ хаврын чуулганаар батлагдах болов уу гэсэн горьдлого бий. Эдгээр хуулийн төсөл батлагдвал сүүдрийн эдийн засагт эргэлдэж байгаа 7-8 их наяд төгрөг ил болох боломжтой аж. Гэвч, энэ хууль хаврын чуулганаар батлагдах эсэх нь эргэлзээтэй. Учир нь захиалгат хууль батлагдах нь гэж улстөрчид бас л эсэргүүцэх болсон.
Хуулийн төсөлд “….Хувь хүн, хуулийн этгээд бусдын нэр дээр бүртгүүлсэн, нуун дарагдуулсан өөрийн өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, түүнтэй адилтгах бусад хөрөнгө, олсон орлого, үзүүлсэн үйлчилгээгээ ил тод болгон үнэн зөв, шударгаар санхүү, татварын болон нийгмийн даатгалын тайланд тусгаж, шинээр тайлагнасан, хөрөнгө орлогын мэдүүлэгт тусгаж шинээр мэдүүлсэн, гаалийн байгууллагад нөхөн мэдүүлсэн, улсын бүртгэлд шинээр бүртгүүлсэн байх ба эдгээр үйл ажиллагаа нь хувь хүн, хуулийн этгээдийн зүгээс сайн дурын үндсэн дээр хийгдсэн тохиолдолд тэдгээрийг хуульд заасан хариуцлага болон албан татвараас нэг удаа чөлөөлөх”-ийг заасан нь парламентад суугаа цөөнгүй гишүүдэд, ялангуяа сөрөг хүчнийхэнд огтхон ч таалагдахгүй байгаа юм.
Өөрөөр хэлбэл, улстөрчид өөрсдөдөө зориулсан захиалгат хууль батлах нь гэсэн эсэргүүцэл, нөгөө талаасаа тодорхой хэмжээний улс төрийн эрх мэдэлтэй, төрийн удирдах албан тушаалтнуудад хамааралтай энэ заалт хуулийг хүлээсэн хувийн хэвшлийнхэнд том тээг болж байна.
Хууль өргөн баригчийн зүгээс Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай, Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төслийг баталж хэрэгжүүлсний үр дүнд илрээгүй байсан орлого, хөрөнгө ил гарч, тэдгээрийг хууль ёсны бүртгэл хяналтад оруулж, цаашид хууль тогтоомжийн дагуу татвар ногдох боломжтой болж, татварын суурь өргөсөх, санхүүгийн болон татварын хуурамч тайлангуудыг аливаа хүү торгуульгүйгээр залруулж, зөв гольдрилд оруулах чиглэлээр бодитой үр дүн гарна гэсэн тайлбар өгдөг.
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих хүрээнд улс орнуудын хамгийн хамгийн өргөн хэрэглэдэг арга нь татварын өршөөл. Манайх 2007 онд энэ аргыг хэрэглэснээр 2009 оны хямралыг харьцангуй хохирол багатай давсан удаатай.
Татварын өршөөлийг татварын бааз сууриа өргөтгөх, далд эдийн засгийг бууруулах зорилгоор хэрэглэж буй арга хэмжээ бөгөөд төрөөс татвар төлөгчдөд төлөх ёстой татвараа тодорхой хугацаанд багтаан сайн дурын үндсэн дээр үнэн зөв мэдүүлж, төлсний үндсэн дээр эрүүгийн хэрэг үүсгэж, хариуцлага тооцохгүй байхаар өгч буй амлалт гэж бас ойлгож болно.
Сүүлийн гурван жилийн хугацаанд 11 мянган бизнес эрхлэгч татварын маргаантай асуудлаар цагдаад очиж мэдүүлэг өгсөн тоо баримт бий. Цагдаагийн байгууллагад татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн тоо 2012 оноос хойш 254 бүртгэгджээ. Үүнээс 107 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, 91-ийг нь хэрэгсэхгүй болгуулах саналыг прокурорын хяналтад шилжүүлсэн бол одоо 548 аж ахуйн нэгжид холбогдох 29 хэргийг хууль, хүчнийхэн шалгаж байгаа юм байна.
Татварын систем, хуулийн дарамтаар айлгаж, бүртгэлгүй мөнгөнөөс хөлжсөн бүхэл бүтэн төрийн арми бий болсон.
Татварын хурган даргын данснаас тэрбум, тэрбумын хөрөнгө илэрсэн нь олон нийтэд ил болсон, шүүхээр шийтгүүлсэн цөөн жишээний нэг. Түүний цаана бусдад мэдэгдэхгүйгээр хичнээн хүнийг дарамталж, орон байр, унах унаатай болсон татварын байцаагч, хуулийн байгууллагынхны тоог гаргахад тун хэцүү.
Чухам энэ шалтгаанаар хэн нэгэн цагдаа, татварын байцаагчийн “гахай”, эсвэл үнээ / хуулийнхны хэллэгээр шүү дээ/ болоод явж байгаа бизнесүүдийгөө өршөөх нь "нэг сумаар хоёр туулай" буудаж болохоор. Өөрөөр хэлбэл, санхүүгийн өршөөл үзүүлэх нь нэгдүгээрт, гудсанд байгаа их мөнгийг ил гаргана, хоёрдугаарт эдийн засагт эргэлдэж буй төгрөг нэг бүр бүртгэлтэй болно. Ингэж чадах юм бол ямар ч эрх мэдэлтэн хуулийн цоорхойг ашиглаж чадахгүй гэсэн үг.
Тэгэхээр баялаг бүтээгчдээ гэмт хэрэгтэн болгож байгаа хуулийг тогтолцоогоо өөрчлөх нь татвар төлөгчдөдөө илэрхийлж буй жинхэнэ талархал тэр байх болов уу?
Дашрамд хэлэхэд, хэрэв Монголын төр татвар төлөгчдөдөө санхүүгийн өршөөл үзүүлж чадахгүй бол түүнийгээ шулуухан хэлэх цаг болжээ. Буруу зөрүү ойлголт өгч, цаг алдсан хүлээлт үүсгэснээс болоод, олон арван бизнес эрхлэгчид дахиад хууль, хүчнийхний барьцаанд орж болзошгүй байгаа болохоор тэр шүү дээ.
Ж.ЭРХЭС