Ерөнхийлөгчид хятадууд, Ерөнхийлөгч Хятадад юу амлах бол!

Хуучирсан мэдээ: 2019.04.23-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчид хятадууд, Ерөнхийлөгч Хятадад юу амлах бол!

Ерөнхийлөгчид хятадууд, Ерөнхийлөгч Хятадад юу амлах бол!

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга маргааш /2019.04.24/ Хятадыг зорино. Тэрбээр Төрийн тэргүүнээр сонгогдсоноос хойших хоёр жилийн хугацаанд хийж буй албан ёсны анхны айлчлал нь энэ юм. Хэдийгээр гадаад дахь анхны “зүг мөр”-өө Оросоос эхэлсэн ч Ерөнхийлөгчийн өмнөх айлчлалууд албан ёсных биш ажлын гэх тодотголтой байсан.

БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар Бээжинд энэ сарын 28-ныг хүртэл саатах Ерөнхийлөгч Х.Баттулгын албан ёсны айлчлалын хөтөлбөрт  БНХАУ-ын даргатай албан ёсны хэлэлцээ хийх, “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн чуулга уулзалтын төлөөлөгчдийн тэргүүн нарын дугуй ширээний уулзалтад оролцож, үг хэлэх асуудал багтжээ.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд голдуу “хашааны” улс төр хийж, гадаад бодлогоо орхигдуулсан Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 онд онд Хятад, Орос, Энэтхэг, АНУ-д айлчлахаар болсон мэдээлэл оны эхэнд цацагдаж байсан билээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга бол “анти чайна” үзэлтнүүдийн гол төлөөлөгч. Ерөнхийлөгчийн сонгуулийн “Монгол ялна” уриа ч ийм ойлголт төрүүлэхүйц. Төмөр замын бодлого дээр Ерөнхийлөгчийн байр суурь Хятадын эсрэг мэт харагддаг ч сүүлийн үед түүний амнаас бүс нутгийн интерацийн тухай үгс илүүтэй унах болсон бөгөөд үүний ард ШХАБ-д Монголыг элсүүлэх асуудлыг хөндөх болсон нь худлаа биш.

Ийнхүү 2014 онд Ши Жиньпин Монголд төрийн айлчлал хийх үеэр жүдогийн аварга Н.Түвшинбаярын хамт хамгаалалтын урсгал сөрөн гүйж, эсэргүүцлээ илэрхийлж байсан Ерөнхийлөгч Х.Баттулга Хятадын даргын урилгаар Бээжинд албан ёсоор уригдаж байна.

Бээжинд айлчлал хийсэн монгол дарга болгон нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, Монголоос мах импортлох асуудлыг байнга хөнддөг. БНХАУ-ын Чиндао хотноо өнгөрсөн 2018 оны зургадугаар сард болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 18 дахь удаагийн өргөтгөсөн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцох үеэр мах нийлүүлэх тухай асуудал яригдаад өнгөрснийг З.Энхболд хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байсан.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын хэлснээр өнгөрсөн жил Чиндаод уулзсан Ши болон Х.Баттулга нарын дунд “Мах төдийгүй  хөдөө аж ахуйн маш олон төрлийн бүтээгдэхүүн байна. Манайх хонь олонтой. Хонины мах нийлүүлье” гэсэн. “Шүлхий өвчингүй газраас хүнсний эрүүл ахуйн шаардлага хангасан махыг жил бүр авч болно” гэсэн яриа болоод өнгөрсөн гэх.

Тэгэхээр ямар ч байсан Ерөнхийлөгчийн албан ёсны айлчлалаар энэ асуудал хөндөгдөх нь ойлгомжтой.

Нүүрсний гарцыг нэмэгдүүлэх, экспортыг сайжруулах тал дээр “нөхөн үржихүйн төмөр зам” байгуулах байр суурь нь өөрчлөгдөөгүй яваа Х.Баттулга Ерөнхийлөгчөөс энэ тал дээр эерэг үр дүн хүлээх хэрэггүй мэт. Ерөнхийдөө, нүүрсний экспортоо нэмэгдүүлэх ганц гарц нь Гашуунсухайтын 267 км төмөр зам бөгөөд ҮАБЗ-ийн дарга Х.Баттулга хүсвэл нүүрсээ төмөр замаар зөөнө, хүсэхгүй бол том тэргээр тээвэрлэнэ. Ахиад хэлэхэд Гашуунсухайтын төмөр замыг барих, эс барих нь Ерөнхийлөгчийн ашиг сонирхлоос шалтгаална.

Юутай ч үе, үе “анти Чайна” үзлийг хөөрөгдөж, иргэдээ хоёр талцуулдаг Ерөнхийлөгч Х.Баттулгын энэ удаагийн албан ёсны айлчлал анхаарал татаж байна. Ерөнхийлөгчид хятадууд, Ерөнхийлөгч Хятадад юу амлах бол!

Учир нь, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д төрийн айлчлал хийх гэж байгаатай холбогдуулан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин албан захидал гаргасан бөгөөд үүндээ “Нэг бүс нэг зам” санаачилга нь бусдыг өрийн дарамтад оруулдаг “харанхуй нүх” биш харин “шалбан” болох бөгөөд геополитикийн багаж хэрэгсэл биш харин хамтдаа хөгжих боломж мөн гэсэн байна. “Нэг бүс нэг зам” нь эдийн засгийн хамтын ажиллагааны санаачилга, бид бүгд эрх тэгш оролцогч, хувь нэмэр оруулагч, үр ашгийг нь хүртэгч болно. “Нэг бүс нэг зам” нь нээлттэй, хүртээмжтэй байдаг. Геополитикийн мөрийцлийн талбар биш, хэн нэгнийг гадуурхах бүлэг эвсэл ч биш. Бусдын дургүй зүйлийг түүнд хүчээр тулгах үйлдэл хийхгүй. Үнэн хэрэг уран хоншоорыг ялна гэдэгчлэн “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтын үр ашгийг оролцогч нар л сайн мэдэрнэ. Хятад, Монгол хоёр улс нь уул усаараа холболдсон сайн хөрш, сайн найз, сайн түнш. “Нэг бүс нэг зам” санаачилга нь хөрш орнуудын хооронд харилцан ашигтай хамтдаа хожих, чин сэтгэлээсээ харилцан туслалцах, хамтдаа хөгжихөд чухал ач холбогдол өгдөг хөгжлийн өргөн зам болно. “Нэг бүс нэг зам” санаачилга нь Монгол Улсын хөгжилд алтан жигүүр ургуулж өгөх болно” гэдгийг онцолжээ.

Тэгэхээр Ерөнхийлөгч Х.Баттулгын оролцох  “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь уулзалтаар ШХАБ-д элсэх тухай яриа дахиад өдөлж мэдэх нь. Ингэж хардах шалтгаан нь “Ерөнхийлөгч Х.Баттулга Хятадад төрийн айлчлал хийж, “Нэг бүс нэг зам” олон улсын хамтын ажиллагааны хоёр дахь удаагийн дээд хэмжээний форумд оролцсоноор Монгол Улс “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтад гүнзгий оролцоход илүү сайхан боломж бүрдүүлэх болно гэдэгт итгэж байна. Мөн “Нэг бүс нэг зам” гэх алтан жигүүр нь Хятад, Монгол хоёр орны хамтын хөгжилд эрч хүчээ нэмэрлэн, алсын зорилт аугаа хүслийг биелүүлэн хоёр ард түмэнд үр өгөөжөө өгсөөр байх болно гэдэгт итгэл дүүрэн байна” гэсэн нь Элчин сайд Шин Хайминийн ил захидлын төгсгөлийн үг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж