Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
Тогтоолын төслийн агуулга нь есөн аймгийн 22 газрыг улсын тусгай хамгаалалтад нэмж авах тухай юм. Эдгээр 22 газар нь нийтдээ есөн аймгийн 29 сумын 3.4 сая га талбайг хамарч байгаа ажээ. Эдгээр газрыг улсын тусгай хамгаалалтад авснаар байгалийн өвөрмөц тогтоц, унаган төрх, түүх, соёлын дурсгалууд болон 350 орчим зүйлийн ховор амьтан, ургамал, гол мөрний урсац бүрэлдэх эхийн 3.7, ойн сан бүхий газрын 3.2 хувь хамгаалагдах тухай судалгааны дүн гарчээ.
Мөн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн талбайн хэмжээ 3.4 сая га буюу 2.1 хувиар нэмэгдэж, нийт нутаг дэвсгэрийн 19.8 хувь нь улсын тусгай хамгаалалттай болох юм байна. Тус тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж байна.
УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТ-ЭРДЭНЭ:
-Хаваржилтийн нөхцөл байдалд байнгын хорооны гишүүд анхаарал хандуулмаар байна. Зарим газар хэт хүйтэн өвөл болсноос мал зутарч байна. Өлийн цагаан оготны аюул нүүрлээд байна. Мөн хуурайшилт их байгаагаас ойн түймэр их гарч байна. Хөдөө аж ахуйн чиглэлээр авч хэрэгжүүлж буй холбогдох мэдээллийг яамнаас сонсмоор байна гэсэн юм.
Гишүүдийн зүгээс тус хуулийн төслийн өмнөх хэлэлцүүлгийн үеэр иргэдийн суурьшлын бүсийг тэлэхтэй холбогдуулан тусгай хамгаалалттай газраас зарим хэсгийг гаргах асуудлыг хэрхэн шийдвэрлэх, тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хамгаалалтын талаар илүүтэй лавлаж, мөн тусгай хамгаалалтад байгаа газар нутагт байгаа өвөлжөө хаваржааны талаарх судалгаа, тухайн бүс нутагт мал аж ахуй эрхлэх боломжийн талаар тодруулсан.
Одоогийн байдлаар тусгай хамгаалалтад авсан газар нутагт нийтдээ 3500 орчим өвөлжөө, хаваржаа байгааг дурдаад, дархан цаазат газрын онгон бүсэд малын тоо толгойг хязгаарласнаас бусад газар, байгалийн цогцолбор, дурсгалт газруудад мал аж ахуй эрхлэх боломжтой гэдгийг ажлын хэсэг хэллээ.
Өнөөдрийн байдлаар тусгай хамгаалалттай газар нутаг нийтдээ 365 байгаль хамгаалагч ажиллаж байна. Гэвч 80 байгаль хамгаалагчийн орон тоо дутуу. 2018 оны судалгаанаас харахад зөрчлийн илрүүлэлт болон зөрчил арилгах хувь өнгөрсөн жилүүдээс 20 хувиар өссөн гэдгийг яамнаас өгсөн. Цаашид нэмж авсан тусгай хамгаалалтын газруудад байгаль хамгаалагчийн орон тоо, төсвийг баталж өгөх шаардлагатай байгаа гэдгийг албаныхан хэлж буй.
Холбоотой мэдээ