Бакугийн татамид С.Ням-Очир мөнгөн медаль хүртжээ

Хуучирсан мэдээ: 2015.05.12-нд нийтлэгдсэн

Бакугийн татамид С.Ням-Очир мөнгөн медаль хүртжээ

Азербайжаны нийслэл Баку хотноо өнгөрөгч амралтын өдрүүдэд буюу тавдугаар сарын 8-10-нд жүдо бөхийн “Их дуулга” тэмцээнээс Гавьяат тамирчин С.Ням-Очир мөнгөн медаль хүртжээ.

Тус тэмцээнд 48 орны 354 жүдоч барилдсанаас манайхаас эрэгтэй зургаа, эмэгтэй хоёр бөх зодоглосон юм.

Эрэгтэйчүүдийн 73 кг-д 40 бөх барилдсанаас С.Ням-Очир нэгдүгээр тойрогт Узбекстаны  Шарипов, Туркийн Хасан нарыг дараалан цэвэр, Украины Дреботыг хоёр юүкогоор буулган авч их шөвөгт шалгарав. Улмаар Германы Игор Вандткег торгуулиар ялан финалд шалгарсан бөгөөд талбайн эзэн орны тамирчин Рустам Оружовт торгуулиар ялагдаж, мөнгөн медаль хүртжээ. Энэ жинд Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар барилдсан ч Беларус, Бразилийн бөхчүүдийг ялж, Унгарын М.Унгварид торгуулиар, дагах барилдаанд ОХУ-ын Зелимхан Оздоевт ялагдан, VII байр эзлэв.

Мөн эрэгтэйчүүдийн 60 кг-д Д.Амартүвшин V, Гавьяат тамирчин, дэлхийн аварга Г.Болдбаатар VII, 81 кг-д Н.Дагвасүрэн VII байрт оров.

Багийн дүнгээр Азербайжан улс хоёр алт, нэг мөнгө медаль хүртэж тэргүүлсэн бол Румын, ОХУ, Нидерланд, Их Британи улс II-V байрт бичигдэв. Монголын баг тамирчид нэг мөнгө, V байр нэг, VII байр гурав эзэлсэн амжилтаар XV байрт жагсжээ. 21 улс ямар нэгэн медаль хүртсэн байна.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж