Даян дэлхийн байгаль орчны сангийн Азийн бүсийн өргөтгөсөн хуралдаан “Blue Sky” зочид болж байна. Энэ удаагийн долдугаар хурал нь манай улсад анх удаа болж буйгаараа онцлогтой.
Хуралд 14 орны 130 гаруй төлөөлөгч оролцож, 2018-2021 онд хэрэгжих долдугаар санхүүжилтийн хүрээнд дээрх сангаас баримталж буй бодлого, олон улсын байгаль орчны тулгараад буй асуудлуудыг шийдвэрлэхэд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэхэд улс орнуудын анхаарах стратеги болон үйл ажиллагааны чиглэлүүдийг хэлэлцэж, талууд нэгдсэн шийдэлд хүрэх юм.
Дөрвөн өдөр хуралдаж, энэ сарын 26-нд өндөрлөх энэ хурлаар улс орнуудын байгаль орчны салбарынхан уур амьсгалын өөрчлөлт, хөрсний бохирдол, бэлчээрийн доройтлын эсрэг дуу хоолойгоо нэгтгэн мэдлэг туршлагаа солилцоно гэж холбогдох албаны хүмүүс хэлэв.
БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлт, Гадаад хамтын ажиллагааны газрын ахлах мэргэжилтэн Д.Ариунтуяа:
-Өнөөдөр олон улсын хэмжээнд байгаль орчны өмнө тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхэд санхүүгийн механизмыг шийдвэрлэх Даян дэлхийн байгаль орчны сангийн уулзалт болж байна. Манай улсад оногдсон есөн сая ам.долларын хүрээнд одоогоор дөрвөн төсөл хэрэгжүүлэхээр тодорхойлсон байгаа. Засгийн газрын зүгээс Монгол Улсын байгаль орчинд тулгамдаж буй асуудлуудыг эрэмбэлж, алс ирээдүйд үр дүнтэй, өндөр ач холбогдолтой гэсэн төслүүдийг хэрэгжүүлэх юм. Одоогоор манай улсад оногдсон есөн сая ам.доллараас дөрвөн саяын өртгөөр бүтэх нэг төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Бид сайн төсөл хэрэгжүүлж, бүс нутгийн хэмжээнд болон олон улсад хувь нэмэр оруулах тусам нэмэлт санхүүжилтийн эх үүсвэр татах боломжтой юм. Үүнд манай яамны зүгээс маш баяртай байгаа.
Дэлхийн байгаль орчны сангийн Стратеги болон үйл ажиллагааны газрын хэлтсийн дарга Прансэйс Клоут /Francoise Clottes/:
-Монгол Улсад анх удаа ирж байна. Франц улсаас гурав дахин том нутаг дэвсгэртэй энэ өргөн уудам газар нутгийн иргэд өнөөдөр тусгаар тогтносон улс үндэстэн байна гэдгээр бахархахгүй байхын аргагүй юм. Сайхан сэтгэгдэл төрлөө. Мөн өнөөдрийн хурлаар дэлхийн 14 орны төлөөлөгч уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүлж, туршлага солилцож, өөрсдийн туршлагаасаа хуваалцаж байгаа баяртай байна. Хурлаас гарсан шийдвэрийг үндэслэн цаашид үр дүнтэй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байна. Хэдийгээр олон улсын өмнө тулгамдсан уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг асуудлыг хэлэлцэж байгаа ч Монгол орны хувьд бэлчээрийн доройтол, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах чиглэлээр төсөл хэрэгжүүлж, үр дүнгээ өгөх маш өндөр боломжтой юм.
Холбоотой мэдээ