Улаанбаатар хотод Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилт энэ сарын 24-нөөс 26-ны өдрүүдэд болно. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан захирамж гаргаж, энэ сарын 25-ны Пүрэв гаригт Нийслэлийн төр, захиргаа болон аж ахуйн нэгж байгууллагын ажил эхлэх цагийг 10.00 байхаар тусгасан юм.
Мөн захирамжийн дагуу тус өдөр 07.00-10.00 цаг хүртэл Улаанбаатар хотын бүх замын хөдөлгөөнийг хааж, нийслэлээс тээврийн хэрэгсэл гаргахгүй, оруулахгүй байх юм.
Тухайн өдөр нийслэлийн нийтийн тээврийн хөдөлгөөн хэдэн цагт эхлэх талаар Нийслэлийн тээврийн газраас тодруулахад “Энэ сарын 25-нд гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилт болж, 07.00-10.00 цагт замын хөдөлгөөнийг хаана. Үүнтэй холбоотойгоор нийтийн тээврийн хөдөлгөөн 09.30 цагт эхэлж, өмнөх хуваарийн дагуу хэвийн үргэлжилнэ” гэлээ.
Мөн өдрийн 07.00-10.00 цагийн хооронд галын болон түргэний машин зорчиж болох юм байна. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа хэдэн цагт эхлэхийг Нийслэлийн боловсролын газрын дарга Ж.Гантулгаас тодруулахад "Бүх сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа 10.00 цагт эхэлнэ. Замын хөдөлгөөнийг түр хааж байгаатай холбоотойгоор хичээллэхгүй гэсэн асуудал байхгүй" гэлээ.
Холбоотой мэдээ