МАН Засгийн эрх барьснаас хойш хаана, нураана, зогсооно, цуцална л гэх болж… Хотын даргын шийдвэрээр нийслэлчүүд ирэх пүрэв гаригт /2019.04.25/ ажил, сургууль, цэцэрлэгээсээ хоцрох нь хоцорч, таслах нь тасалж, нэг өдрийн ажил цалгардах нь нэгэнтээ тодорхой боллоо.
Улаанбаатар хотын хэмжээнд гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилт хийхийн тулд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 07.00-10.00 цаг хүртэл зогсоохоор болж байна.
Газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж, аюул ойртож байгаа эгзэгтэй үед хүн амаа болзошгүй аюулаас хамгаалахын тулд урьдчилан сэргийлэх сургуулилалт хийх нь зүйн хэрэг. Хоёр гараа өргөөд дэмжинэ. Гагцхүү ажил 10.00 цагаас эхлэх юм бол ядаж нийтийн тээврийн үйлчилгээгээ 08.30 цагт эхлүүлж байж, ажил цагтаа эхлэх боломжтой болохгүй юу, хотын дарга аа.
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 10.00 цаг хүртэл хязгаарлачихаад 10.00 цагаас ажил эхэлнэ гэж захирамж буулгах нь үнэндээ амьдралтай нийцэхгүй байна. Ажилдаа ойр гэртэй нь алхаад очих байх. Харин ажлаасаа алслагдсан нь яах вэ. Хаа холын Дамбадаржаа, Тахилт, Нарангийн гол, Сонсголон, Зүүн салаанд амьдардаг иргэд 10.00 цагт ажилдаа ирэхийн тулд 08.00 цагт унаанд суух ёстой юм. Сайд дарга нар шиг маяактай машинд суугаад давхиад ирдэг юм биш шүү дээ.
Хотын төв рүү цэцэрлэг, сургуульд явдаг хүүхэд багачууд олон бий. Тэд бас яах вэ. Нийтийн тээвэр нь 09.30 цагаас эцсийн буудлаас хөдлөхөөр 11.00 цагт л сургууль, цэцэрлэгтээ ирэх боломжтой.
Яагаад гэвэл өнөөдрийн ажлын хуваариар нийтийн тээвэрт үйлчилгээнд явдаг том оврын автобус 06.45 цагт эцсийн буудлаас хөдөлдөг. Хичээл, сургууль нь 08.30 цагаас эхэлдэг оюутнуудын хувьд хамгийн эхний автобусанд суулаа ч түгжрэл ихтэй үед хоцрох тохиолдол олонтаа.
Гэтэл ирэх пүрэв гаригт тээврийн хэрэгслийн бүх хөдөлгөөнийг 10.00 цагт эхлүүлэхээр түгжрэл цаашаа гамшиг нүүрлэхгүй гэж үү. Үүнийг хотын дарга, Нийслэлийн Тээврийн газар, Тээврийн цагдаагийн газрынхан тооцоолсон л баймаар.
Ажил хийдэг ухаантай дарга болохын тулд шийдвэр гаргах шиг амархан зүйл үгүй. Харин тэрхүү шийдвэр хөрсөн дээрээ бодитоор хэрэгжихийн тулд амьдралтай ойр байх ёстой юм.
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 10.00 цаг хүртэл хориглочихоод ажил 10.00 цагаас эхлэхээр хуваарь гаргаж байгаа нь товчхондоо бол хөлдүү шийдвэр. Төрийн байгууллагын ажлыг цалгардуулаад зогсохгүй, хувийн хэвшлийнхний ажлыг ч алдуулж, хорлох нь. Ийм байдлаар хотыг удирдана гэвэл бүтэхгүй. Коммунист дэглэмтэй байхад ч ийм мулгуу шийдвэр гарч байгаагүй л байх шүү.
Хотын даргын хоёр дахь "галзуу" шийдвэр нь Сүхбаатарын талбайн автомашины зогсоолыг нурааж, усан оргилуур барих тухай болж хувирч байна. Зүүхэн талд нь Централ таурын өмнө усан оргилуур байхад давхардуулж усан оргилуур барих болсон нь үнэхээр "гайхалтай". Өөр юу хэлэх билээ. Ард иргэдийн дунд санал асуулга явуулбал Сүхбаатарын талбайд усан оргилуураас илүүтэй автомашины зогсоол л хэрэгтэй гэж хариулах болов уу.
Ер нь эрх баригчдын гаргаж байгаа шийдвэрүүд диктатуртай, цаанаа нэг хүчээр асуудлыг шийдвэрлэх гэсэн ардчилсан тогтолцоогоо эвдсэн, үгүйсгэсэн шийдвэрүүд шилээ даран гарах болсныг олон нийт анзаарсан биз.
Хэдэн сарын өмнө Ерөнхий сайд У.Хүрэлсүх Цагаан суваргын ордоос эхлүүлээд хувийн хэвшлийнхэнд очсон уул уурхайн лицензүүдийг хураана гэж баахан сүрдүүлсэн.
Залгуулаад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Цагаан суваргын ордын лицензийг төрийн мэдэлд авах ёстой” гэж мэдэгдсэн. Уг нь З.Энхболд даргыг УИХ-ын дарга байхад л Цагаан суваргын ордыг хувийн хэвшилд өгөх шийдвэр гаргаж, УИХ-ын тогтоол баталсан түүхтэй. Чухам ямар ааш нь хөдөлсөн юм, гаргасан шийдвэрээсээ буцсан байр суурь илэрхийлсэн.
Одоо эрх баригч намын хэдэн нөхдүүд Оюутолгой төслийг зогсоох ёстой гээд балбаад эхэлсэн. Монголыг хөгжүүлье гэвэл Оюутолгой, Цагаан суварга мэтийн долоо, найман төсөл хэрэгжих ёстой юм. Үгүй бол Налайхын уурхайд иргэд дөрөв, таваараа амиа алдаж байгаа шиг хүнийхээ амиар дэнчин тавьсан хариуцлагагүй уул уурхай л Монголд ноёлох болно. Тэр цагт татварт орлого орж ирэхгүй, монголчууд хэдэн мянгаараа Оюутолгой уурхайд ажиллаж байгаа шиг ажлын байртай болж чадахгүй.
“Нинжа” тогтолцоо л Монголд хөгжинө. Эцсийн дүнд нь энд тэндгүй ухсан нүх, овоолсон шороо, ширгэсэн гол горхи, нүхлүүлсэн уултай л хоцорно. Хариуцлагагүй уул уурхайг хөгжүүлсэн орнууд ийм л дүр төрхтэй болдог. Монгол Улс яг энэ ирмэг рүү гулсах уу, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх үү гэдэг торгон агшинд байна.
Дээр нь саяхан Засгийн газраас гаргасан төмөр зам барих шийдвэр бол бүр хачин гайхал төрүүлсэн шийдвэр болж буугаад байгаа.
200 гаруй км төмөр замаа барьж, экспортын гацаагаа арилгах арга хэмжээ авах ёстой атал 430 гаруй км төмөр зам тавьж, нүүрсээ ачина гэх. Яг нүүрсэнд зориулсан төмөр зам уу гэтэл Уул уурхайн сайдынх нь тайлбарласнаар бол арай биш, нөхөн үржихүйн төмөр зам болж, зорилго нь өөрчлөгдсөн.
Ийм нэг эцэс, төгсгөл нь үл харагдах, зорилго нь бүдгэрсэн дутуу дулимаг шийдвэрүүдээс болж, Монгол төрийн бодлого ч унаж гүйцэж байна.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ