Сүхбаатарын талбайн зогсоолын оронд усан оргилуур барина

Хуучирсан мэдээ: 2019.04.23-нд нийтлэгдсэн

Сүхбаатарын талбайн зогсоолын оронд усан оргилуур барина

Сүхбаатарын талбайн зогсоолын оронд усан оргилуур барина

Сүхбаатарын талбайд орчин цагийн усан оргилуур­тай, газар доорх үйлчилгээний төв байгуулна хэмээн 2006 онд “Ю Би констракшн” ХХК 2.5 га газрыг 15 жилийн хугацаатай үйлчилгээний зориулалтаар эзэмшихээр авчээ. Уг газрыг 2006 онд Нийслэлийн газрын албаныхан гэрээ байгуулж, Ц.Батбаяр Улаанбаатар хотын дарга байхдаа 52 тоот захирамжаар “Ю Би констракшн” ХХК-д  өмчлүүлсэн байдаг. Одоо тэр газарт төлбөртэй зогсоол болчихоод буй. Тус компани Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газрыг банкны барьцаанд тавьснаар 9.5 сая ам.доллар буюу өнөөдрийн ханшаар 22.5 тэрбум төгрөг болж байгаа юм.  Өнөөдөр /2019.04.23/хотын захирагч С.Амарсайхан тус компанийн газар эзэмших эрхийг цуцалснаа мэдэгдлээ.

Тэрбээр “Ю Би констракшн” ХХК  нь газар доорх байгууламжтай усан оргилууртай зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулна гэж төсөл сонгон шалгаруулалтад орсон байдаг боловч өнөөдрийн хүртэл төсөлтэй холбоотой ямар ч материал байдаггүй. 2016 онд энэ талбайд автомашины зогсоол хийсэн. Ингэхдээ автомашины зогсоолын ашгаас 30 хувийг Улаанбаатар хотын захиргаанд төлөх ёстой байсан ч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй.

Анхны гэрээгээр хэрэв ашиг олохгүй бол хураамж өгөхгүй гэсэн заалттай гэрээ хийсэн байдаг. Сүхбаатарын  талбайн багахан хэсэгт цэвэр бохирын шугамтай олон нийтийн орчин үеийн бие засах газар барья гэхээр талбай, газар олгодоггүй. Гэтэл төв талбай дээрээ өөрсдөө газраа хувьчилсан, ашиглуулсан бүр банкны өрөнд тавьсан байна. Тиймээс газар эзэмших эрхийг нь өнөөдрөөс эхэлж цуцалж байна" гэв. 

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-“Ю Би констракшн” ХХК нь хуулийн ямар зүйл заалт зөрчсөн бэ?

-Тус компани 2006 онд газар эзэмших эрх авсан. Хуулийн дагуу хоёр жилийн дотор зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулах ёстой. Өөрөөр хэлбэл усан оргилууртай, газар доорх байгууламж барьж байгуулна гэсэн бол энэ ажлаа хоёр жилийн дотор хийх ёстой байсан.

-Та газар эзэмших зөвшөөрлийг нь шууд цуцлах эрхтэй юу?

-Бид хуулийн дагуу эхлээд сонсгох ажиллагаа явуулж мэдэгдсэн. Тухайн компанид мэдэгдлийг хүргүүлсэн. Хууль журмын дагуу энэ газрын газар эзэмших зөвшөөрлийг өнөөдрөөс эхлэн цуцалж байгаа учраас цаашид авто зогсоол байгаа газар усан оргилуур хийнэ.

Авто зогсоолыг буулгах уу?

-Газраа чөлөөлж авна. Цаашид тохижилт үйлчилгээг нийслэлийн хөрөнгөөр хийнэ.

-Анх гэрээ хийхэд нийслэлээс ямар хүмүүс гарын үсэг зурсан юм бэ?

Нийслэлийн ИТХ-ын 2006 оны хоёрду­гаар сарын 8-ны өдрийн хуралдаанаар Сүхбаатар дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэр дэх Сүхбаатарын талбайн урд орчин үеийн шинэ технологи бүхий усан оргилуур, газар доорх үйлчилгээний барилгын зориулалтаар 2.5 га газрыг тухайн үеийн хурлын дарга Н.Болормаа гарын үсэг зурж баталгаажуулан, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулсан. Харин маргааш нь буюу хоёрдугаар сарын 9-ний өдөр “Газар эзэмших эрхийн сонгон шалгаруулалт явуулах тухай” нийслэлийн Засаг дарга асан Ц.Батбаярын 52 дугаар захирамж гаргасан байдаг.

-Дүрэм журам гэж байна уу? Үе үеийн дарга нарын харалган шийдвэрээс болж иргэд аж ахуйн нэгжүүд хохирдог. Энэ байдал хэзээ дуусах вэ? Та энэ асуудалд цэг тавьж чадах уу?

Энэ асуудлыг бид цэгцлэх гэж оролдож байна. Ер нь аль аль талдаа ажил алба хашиж байгаа дарга нар нь ёс зүйтэй байх ёстой.  Хууль бус үйлдэл гэхэд хэцүү эргээд хууль ёсны гэхэд ч ойлгомжгүй. Эцэст нь аж ахуй нэгж нь ч хохирдог. Албан тушаалтан нь ч алга болдог. Өмнө нь ч би энэ талаар ярьж байсан. Энэ явдал хаа сайгүй түгээмэл байна.

-Барьцаанд тавьсан 22.5 тэрбум төгрөгийг хэрхэх вэ?

-Барьцаанд тавьсан мөнгийг нийслэл аваагүй компани авсан учраас компани банк хоёрын хоорондын л асуудал.

“Ю Би констракшн” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох захирамжид дурдсанаар “Нийслэлийн Сүхбаатар дүүргийг зургадугаар хорооны нутаг дэвсгэрт Сүхбаатарын талбайн урд байрлах 2.5 га газрыг орчин үеийн шинэ технологи бүхий усан оргилуур газар доорх үйлчилгээний төвийн барилгын зориулалтаар эрх авсан “Ю Би констракшн” ХХКнь 2006 оноос хойш тухайн газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газар эзэмшүүлэх гэрээнд заасан зориулалтын дагуу эзэмшиж ашиглаагүй. Гэрээний нөхцөл болзлоо зөрчсөн учраас “Ю Би констракшн” ХХК-ийн 0061525 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосугай” хэмээн бичжээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж