Нэн ховор амьтан, ургамлын хууль бус худалдаатай холбоотой асуудлаар Гаалийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээлэл сургалт судалгааны төвийн багш, гаалийн улсын байцаагч, гаалийн зөвлөх Д.Булгантамиртай ярилцлаа.
-Та саяхан БНХАУ-д болсон Ази-Африкийн орны гаальчдын семинарт оролцоод ирсэн гэсэн. Энэ удаа ямар сэдэв сонгож хуралдав, онцлог нь юу байв?
-БНХАУ-ын Сүжоү хотод Хятадын гаалийн байгууллага, Дэлхийн байгаль хамгаалах сан хамтран “Зэрлэг амьтдын ховордсон зүйлийн хууль бус худалдаатай тэмцэх” чиглэлээр олон улсын семинар зохион байгууллаа. Тус семинарт Монгол Улсаа төлөөлөн Замын-Үүд дэх гаалийн газрын зөрчил хариуцсан гаалийн улсын байцаагч болон Улаанбаатар хот дахь гаалийн газрын зөрчил хариуцсан гаалийн улсын байцаагч О.Отгонгэрэл бид гурав оролцоод ирсэн. Энэ удаа зэрлэг амьтдын ховордсон зүйлийн хууль бус худалдааны өнөөгийн нөхцөл байдал, үйлдэгдэж буй хэлбэрийн талаар улс орон бүр өөрийн туршлагыг хуваалцах, хамтран ажиллах санал солилцох нь семинарын гол зорилго байлаа.
-Хятад улс зэрлэг амьтан, ургамлын хууль бус худалдаатай хэрхэн тэмцэж байна вэ?
-Зэрлэг амьтад тэдгээрийн эд эрхтэний хууль бус худалдаанд зонхилж байгаа бараа нь зааны соёо, ясаар хийсэн бэлэг дурсгалын зүйлүүдэд илүү анхаарлаа хандуулан ажиллаж байгааг тэд онцолж байсан. Тухайлбал, 2018 онд энэ төрлийн 218 гэмт хэргийг илрүүлж, 1074 тонн хориотой бараа хураасан байна лээ. Хил нэвтрүүлэхдээ карго, илгээмж, зорчигчийн ачаанд болон биедээ нууж, хилээр нэвтрүүлэх гэсэн дөрвөн арга замаар хууль бус барааг тээвэрлэж байна. Зөрчлийн маршрутын хувьд өмнөд, хойд Америкаас зааны ясан бүтээгдэхүүн, нэн ховор эрвээхий, тоть, мод, Африкаас хирсний эвэр, зааны яс, мод, Европоос ховор төрлийн кактус, Төв Азиас бөхөнгийн эвэр, баавгайн савар, Непалаас ирвэс, Пакистанаас яст мэлхий, Энэтхэгээс мод, Японоос зааны ясан бүтээгдэхүүн болон эд эртхэн, амьд амьтан нэвтрүүлж, Хятадад төвлөрч байгааг тодорхойлсон байна.
ХЯТАД РУУ АМЬТАН, УРГАМЛЫН ХУУЛЬ БУС ХУДАЛДАА ХИЙХ БОЛОМЖГҮЙ БОЛСОН
–Энэ ажлын хүрээнд Хятад улс ямар, ямар байгууллагуудтай хэрхэн хамтран ажиллаж байна вэ?
-Гадаад хамтын ажиллагааны хүрээнд дэлхийн гаалийн байгууллагын гишүүн улс, RILO, UNODC, ICCWC,CITES Secretariat, INTERPOL, ASEAN-WEN, WWF,TRAFFIC, IFAW зэрэг байгууллагууд болон Ази, Африкийн зарим орнуудын Гаалийн байгууллагуудтай хамтран “Бар”, “Мич”, “Кобра” зэрэг хууль бус барааг илрүүлэх үйл ажиллагаа зохион байгуулсан байна.
-Зэрлэг амьтан, ургамлын хууль бус худалдааг цахимаар хийх болсон гэж сонссон. Энэ талаар яригдсан уу. Цахим гэмт хэрэг ямар төвшинд байна вэ?
-БНХАУ цахим худалдааны вэбсайт, нийгмийн сүлжээнд 2012 оноос эхлэн хяналт тавьж эхэлсэн. Тухайлбал, 2017 оноос Хятадын интернэт компаниудын үүргийг хуулиар тодорхойлж өгсөн бөгөөд компаниуд нь хууль бус амьтдын худалдаатай тэмцэхэд туслах үүрэг хүлээсэн. Энэ хүрээнд 2017 оны арваннэгдүгээр сард Хятадын интернэт компаниуд хууль бусаар зэрлэг амьтдын худалдаатай тэмцэх холбоо байгуулсан. АНУ-д 2018 онд “Зэрлэг амьтдын хууль бус худалдааг зогсоох дэлхийн холбоог байгуулсан. Амьтдын хууль бус худалдааны вэб сайтууд, сувгууд өдөр ирэх тусам шинээр нэмэгдсээр л байна. Тус холбоо нь заан, хирс, бар, ирвэс, шувуу, яст мэлхий, панголин, бөхөн, халим зэрэг амьтдыг сонгон авч судалгаа хийсэн байсан. Судалгааг 2012-2017 он хүртэл хийсэн бөгөөд 2012-2016 онд зэрлэг амьтдын шинэ бүтээгдэхүүний зар сурталчилгаа сард 1499 байсан бол 2017-2018 онд 406 болж буурсан. Зэрлэг амьтдын бүтээгдэхүүнийг худалдаалж байгаад 2017-2018 онд дүн шинжилгээ хийж үзэхэд яст мэлхий, хирсний гаралтай бүтээгдэхүүний зар сурталчилгаа өссөн, зааны гаралтай бүтээгдэхүүний тоо буурч байгаа дүнтэй гарсан байна. Хамгийн анхааралд өртсөн бараа нь хирс, заан, барын бүтээгдэхүүн эзэлж байна.
–Тэгэхээр Хятад улс руу зэрлэг амьтан, ургамлын хууль бус худалдаа хийх боломжгүй болсон, хяналт шалгалт чангарсан гэж ойлгож болох нь ээ?
-Тийм ээ. Хятад улс нь эдийн засгийн хөгжил, гадаад худалдаа, бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч боллоо гэхэд хилсдэхгүй. Тиймдээ ч техник технологийн чадамж өндөр, хууль бус худалдаатай тэмцэх боловсон хүчнийг өндөр түвшинд хөрөнгө зарж бэлтгэхийн зэрэгцээ гааль, хууль хяналтын байгууллага дотооддоо төдийгүй бусад улс оронтой хамтран ажиллаад эхэлжээ. Энэ нь тус улсын хилээр хориглосон, хязгаарласан бараа цаашлаад зэрлэг амьтдын худалдааг хууль бусаар нэвтрүүлэх явдалтай тэмцэх чадавх бэхжсэн гэсэн үг. Өөрөөр хэлбэл, ийм бараа нэвтрүүлэхийг завдаад баригдвал гэмт хэрэгтэн болно.
Зорчигчид маань аливаа улс орны хууль тогтоомжоор хориглосон, хязгаарласан барааны талаар мэдлэг дутуу, мөн хэн нэг найз нөхдийн дайвар ачааг тус болох гэж авч явдаг нь тэднийг гэмт хэрэгтэн болгох эрсдэлтэй байдаг. Учир нь, хууль тогтоомжийн хүрээнд гуравдагч этгээдэд дамжуулах бараа нь хил нэвтрэх үед тухайн хүний бараа гэж тооцогддог. Хориглосон хязгаарласан барааг мэдэхгүйгээр дайвар ачаагаар авбал шалгагдах үндэслэл болно гэсэн үг. Тиймээс иргэддээ дайвар ачаа битгий авч байгаарай, мөн бэлэг дурсгалын зүйл худалдан авахдаа нэн ховордсон амьтдын эд эрхтэнээр хийсэн зааны ясан бугуйвч, хүзүүний зүүлт гэх мэт барааг битгий худалдаж аваарай гэж зөвлөе. Энэ нь таныг гэмт хэрэгтэн болгох үндэслэлтэй юм шүү гэдгийг сануулж хэлмээр байна.
ХУУЛЬ БУС АНГИЙН ХУДАЛДАА, МАНСУУРУУЛАХ БОДИСЫГ ДАМЖУУЛАН ЗӨӨВӨРЛӨХ ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ ОРОН
-БНХАУ амьтан, ургамлын хууль бус худалдаатай хэрхэн тэмцдэгийг мэдэж авлаа. Харин Монгол Улс энэ төрлийн хууль бус худалдаатай хэрхэн тэмцдэг вэ. Монгол Улсыг амьтан, ургамлын хууль бус худалдааны дамжин өнгөрөх орон болсон байж болзошгүй гэх боллоо. Ингэж дүгнэж болох уу. Хирсний эвэр илэрсэн талаар ч сонсогдох болсон?
-Монгол Улсын хувьд Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хуулиар хууль бусаар зэрлэг амьтан агнасан, худалдсан, хил нэвтрүүлсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэж байна. Манай улс газар нутгийн байршлын хувьд БНХАУ, ОХУ-тай хиллэдэг нь зөвхөн хууль бус ангийн худалдаа ч биш, мансууруулах бодисыг хүртэл дамжуулан зөөвөрлөх улс байх өндөр эрсдэлтэй гэж үздэг. Манай улс далайд гарцгүй, дээрх халуун орны амьтан байхгүй учраас энэ төрлийн зөрчил гарах эрсдэл Хятадын бусад улстай хиллэдэг боомтуудаас харьцангуй бага гэж ярьж байсан. Гэвч Монгол Улсын гаалийн байгууллага 2018 онд ОХУ-аас Хятад руу зорчиж явсан зорчигчоос хирсний 11 ширхэг эвэр, зааны ясаар хийсэн бугуйвч илрүүлж, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Энэ нь дээрх зөрчлийг манай улсаар дамжуулах эрсдэл байгааг харуулж байна.
Монгол Улсын гаалийн байгууллага нь гаалийн хяналт шалгалтаар чонын соёо, ходоод, хөлдөөсөн чоно, бугын чив, засаа, цусан эвэр, тарваганы арьс, баавгайн савар, гэх мэт амьтдын эд эрхтнийг хууль бусаар нэвтрүүлсэн зөрчлийг илрүүлэн хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, энэ төрлийн амьтдын эд эрхтэнг хууль бусаар нэвтрүүлэх зөрчил гарах эрсдэл өндөр байдаг. Ховордсон, дэлхийд гайхагдсан зэрлэг амьтан, ургамал, байгалиа хамгаалах нь зөвхөн нэг байгууллагын, нэг улсын хэрэг биш болсон. Энэ бол хүн бүхний үүрэг оролцоо, ухамсар, сэтгэл шаардсан асуудлын нэг болсон учраас амьд байгалиа хайрлан хамгаалъя гэж уриалахын зэрэгцээ энэ талын мэдлэг боловсролыг түгээх нь нэн чухал шаардлагатай байгааг онцолмоор байна.
Холбоотой мэдээ