Монголын хүүхдийн ордны хойд талд баригдаж буй барилга дээрээс замын хөдөлгөөнд оролцож байсан “Тоёота Приус 20” маркийн машин дээр том бетон унасан хэрэг /2019.04.19/ гарсан талаар бид мэдээлсэн. Уг ноцтой ослын үеэр машины цонх болон машины доторхи салон эвдэрч хэмхэрсэн ч азаар хүний амь нас эрсдээгүй. Цаашид ийм ноцтой осол, хариуцлагагүй байдал дахин битгий гараасай гэдэг үүднээс тухайн үед машинд зорчиж явсан У.Ганбаяр гэх залуу мэдээлэл өгсөн юм.
-Өндөр барилга дээрээс замын хөдөлгөөнд оролцож байсан машин дээр бетон унасан осол гарсан. Осол гарах үед машинд гурван хүн сууж явсан гэсэн үү?
-Өнгөрөгч баасан гаригийн /2019.04.19/ өдрийн 14.00 цагийн орчимд банк руу явах гээд такси барьсан. Энхтайвны гүүр давах уулзварын гэрлэн дохион дээр зогсож байтал гэнэт барилга дээрээс ялуу унаж ирсэн. Блок бол бутраад унана шүү дээ. Тухайн үед машин дээр ялуу унасан юм билээ.
Машин дотор зорчигч надаас гадна урд суудалд гэр бүлийн хоёр хос явж байсан. Тэгсэн гэнэт л барилга дээрээс асар хүчтэйгээр барилгын ялуу тэр хоёр хүний голд унасан. Хэрвээ машин жаахан урагшаа хөдөлсөн бол над дээр, эсвэл урд суусан хоёр хүний аль нэг дээр унах эрсдэл маш өндөр байлаа.
-"Шок"-нд орсон байх. Хэн цагдаа болон яаралтай тусламжид дуудлага өгөв?
-Тухайн үед бид гурав "шок"-нд орж, тав зургаан минут суусан. Яг юу болсныг ерөөсөө ойлгоогүй. Машин дэлбэрчихлээ л гэж бодсон. Тэгээд хартал машины урд хэсэгт том бетонон ялуу унасан байсан. Бид их гайхсан. Тэгээд 103, 102 тусгай дугаар руу мэдээлэл өгөх гэтэл жолоочийн гар утас голын хайрцагт байсан учраас чулуунд дарагдаж бяцарсан байсан. Би гар утсаараа дуудлага өгсөн. Дуудлагын дагуу 30 минутын дараа яаралтай тусламж болон цагдаагийн албан хаагчид ирсэн.
-Ослын үеэр жолоочийн гар шилэнд зүсэгдсэн гэж дуулсан. Өөр гэмтэл бэртэл авсан уу?
-Урд талын машины шил хагарч, үсэрсэн. Тэгээд жолоочийн гар руу шил шигдэж орсон юм билээ. Жолооч болон хажуугийн зорчигчийн баруун, зүүн талын хөл зөөлөн эдийн гэмтэл авсан. Яг хөл дээр нь бетон унаагүй ч тодорхой хэмжээний шүргэлт авсан юм шиг байна лээ. Сүүлд жолооч залуутай утсаар холбогдоход зөөлөн эдийн гэмтэлтэй, одоогоор хөл нь хөдлөхгүй байна гэж байсан. Эмч нар ослын үеэр яс нь гэмтээгүй ч хэвтрийн дэглэм барих хэрэгтэй гэж зөвлөсөн гэсэн.
-Осол гаргасан барилгын компанийн үйл ажиллагааг зогсоосон гэсэн. Барилгын компанийн зүгээс та бүхэнтэй уулзсан уу?
-Машины жолоочтой барилгын компанийн зүгээс холбогдож, хохирлыг барагдуулах талаар ярьсан гэсэн. Одоогийн байдлаар хохирлыг бүрэн барагдуулсан гэж дуулдаагүй л байна. Харин надтай барилгын компаниас нэг ч удаа холбогдоогүй. Ядаж өөрсдөө ирээд “Уучлаарай” гэж ч хэлээгүй. Би бэртээгүй байж болно. Гэхдээ хариуцлагаа ухамсарлаад ирж болно доо. Нөгөө хоёр маань мэдээлэл өгөх сонирхол байхгүй байсан. Харин миний хувьд тухайн осол гарсан даруйд өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдээлсэн. Учир нь дахин нэг барилга дээрээс юм унаж, хүний амь бүү эрсдээсэй гэж хүссэн юм.
-Энэ удаа азтай ч гэмээр тохиолдол гарлаа. Хэрвээ хүний амь нас хохирсон бол….?
-Ер нь барилга гэлтгүй аль ч салбарт үйлдвэрлэлийн осол ихээр гарч байна. Саяхан гэхэд л Төв цэвэрлэх байгууламж дээр дөрвөн хүн, Налайхын уурхайд гурван хүн нас барлаа. Энэ бол асар хариуцлагагүй, болгоомжгүй байгаагийн нэг илрэл. Тиймээс барилгын компани ч гэлтгүй бүх үйлдвэрлэлийн компани хөдөлмөрийн аюулгүй байдлаа анхаарах хэрэгтэй байна. Таны нэг болчимгүй үйлдлээс болж, хэдэн хүн амь насаараа хохирох юм бэ. Цаашлаад төрийн холбогдох байгууллагуудын зүгээс ч гэсэн хяналт шалгалтуудаа ойр ойрхон хийгээсэй. Өмнө нь барилга дээрээс юм унаж, хүний амь нас нэг биш удаа хохирч байсан шүү дээ. Барилгын осол нэг хэсэг намжиж байснаа энэ жилээс дахин ихэсч байна. Олон хүн амь насаараа хохирсны дараа юу өөрчлөгдсөн юм бэ. Хууль, журамдаа өөрчлөлт хийж, хөдөлмөрийн аюулгүй байдлын тал дээр ахиц гаргах хэрэгтэй байна. Өнөөдөр энэ байдал улам дордсоор байгаа нь харамсалтай. Мөн сэтгүүлчид ч гэсэн байнгын асуудал дэвшүүлсэн нийтлэл бичиж, энэ сэдвийг олон нийтийн анхаарлын төвд аваачих хэрэгтэй байна.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ