Япон улсын эзэн хаан Акихито эрүүл мэндийн шалтгааны улмаас өөрийн хүсэлтээр хаан ширээнээсээ бууж, ууган хүү Нарухитодоо хаан ширээгээ залгамжлуулахаар болсон. Уламжлалын дагуу шинэ хаан залрахад шинэ он тоолол эхэлдэг. Энэ сарын 1-ний өдөр тус улсын Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга шинэ эриний нэрийг Рэйва хэмээн нэрийдэхээр болж байгааг олон нийтэд зарласан. Нарухито тавдугаар сарын 1-ний өдөр хаан ширээнд заларснаар Рэйва он тооллын нэгдүгээр он эхэлнэ.
Эзэн хаан солигдож, шинэ он тоолол эхлэх нь япончуудын хувьд маш их хүндэтгэлтэй зан үйл. Тиймээс орон даяар 10 хоног амарч, огтхон ч чөлөө завгүй хөдөлмөрлөдөг япончууд хэсэг зуур амсхийж, амралтыг гэр бүл, найз нөхдөөрөө хөгжилдөн, аялал зугаалгад явж өнгөрөөнө.
Он тоолол солигдож буй үйл явдал нь Японы жижиг дунд бизнес эрхлэгчдийн хувьд ховорхон олдох аз завшаан болж байна. Ёшихидэ Суга шинэ эриний нэрийг Рэйва хэмээн зарласнаас хойш Рэйва нэртэй маш олон бүтээгдэхүүн үйлчилгээнүүд гарах болжээ.
Хирошима дахь бэлэг дурсгал үйлдвэрлэгч нэгэн компанид шинэ эриний нэрийг зарласнаар ердөө 2 минутын дараа сакэний хундага дээр Рэйва нэрийг сийлүүлэх захиалга ирсэн тухай компанийн ажилчид ярьж байв. Энэ мэтчилэн хувцсан дээр зураг хэвлэдэг газар Рэйва ханзны зурагтай цамцны захиалгад дарагдаж, ресторанууд Рэйва нэрийн шинэ пиццаг цэсэндээ нэмж, хэвлэлийн компаниудад Рэйва ханзтай хуанлины захиалга хэдэн зуугаараа ирэх болжээ.
Мөн Рэйва ханз үсэг бүхий чихрээс авахуулаад, гар утасны гэр, бичиг хэрэгсэл, түлхүүрийн оосор аяган бялуу, кока кола ундаа хүртэл гарсан бол аялал жуулчлалын салбарт зураг зурдаг авьяаслаг заан, далайн арслан жуулчдад Рэйва ханзыг бичиж үзүүлбэр үзүүлэн, аялалын компаниуд улиран өнгөрч буй Хэйсэй эриний сүүлчийн аялал, Рэйва эриний эхний аяллын хөтөлбөрөө танилцуулаад байгаа ажээ.
Энэхүү үйл явдлаас үүдэн хамгийн их ачаалалтай, ашиг орлоготой ажиллах компаниуд бол хуримын үйл ажиллагаа зохион байгуулдаг компаниуд юм. Хуримаа хийх гэж буй залуу хосуудад шинэ эринд хуримаа хийх нь маш их бэлгэшээлтэй, дурсгалтай үйл явдал юм байна. Энэ мэтчилэн гудамж талбай, дэлгүүр хоршоо гээд хаа сайгүй Рэйва гэсэн нэр хаягтай газрууд бий болж, жижиг дунд бизнес эрхлэгчдийн орлого огцом өсөөд байгаа аж.
Холбоотой мэдээ