Ерөнхийлөгч болсон жүжигчид

Хуучирсан мэдээ: 2019.04.23-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч болсон жүжигчид

Украины Ерөнхийлөгчийн хоёрдугаар шатны сонгуулийн санал хураалт өндөрлөж, жүжигчин эр тус улсын төрийн тэргүүнээр сонгогдох нь тодорхой болсон билээ. Тодруулбал, нэр дэвшигч Владимир Зеленьскийд сонгогчдын 73.17 хувь нь итгэл хүлээлгэсэн бол түүний өрсөлдөгч, одоогийн төрийн тэргүүн Петр Порошенкогийн төлөө санал хураалтад оролцсон сонгогчдын 24.5 хувь нь саналаа өгсөн байна.

Ялалт ирэх нь тодорхой болсны дараа Зеленский "Та ямар ч мэргэжилтэй байсан Ерөнхийлөгч болох боломжтой" гэж мэдэгджээ. "Би хараахан албан ёсоор Ерөнхийлөгч болоогүй байгаа ч Украин улсын иргэн гэж бардам хэлнэ. Би бүн бүрт "Биднийг хараарай. Бүх зүйл боломжтой" хэмээн хэлж чадна" гэжээ. Түүний хувьд улс төрийн ямар ч туршлагагүй, гагцхүү шоу бизнес л эрхэлж байсан нэгэн юм.

Украины шоумен, инээдмийн жүжигчин, найруулагч, продюссер Владимир Александрович Зеленский 1978 оны нэгдүгээр сарын 25-нд төрсөн. Түүний эцэг математикч, программист, техникийн ухааны доктор, профессор Александр Семёнович Зеленский Монголд 20 жил ажиллаж амьдран, уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг босголцсон байна.

Зеленский бага насандаа дөрвөн жил Эрдэнэт хотод амьдарч, нэгдүгээр ангиа дүүргэжээ. Дараа нь Украин руу буцан, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай гимназ төгссөн аж. 1995 онд дунд сургуулиа төгссөн тэрбээр Киевийн үндэсний эдийн засгийн их сургуулийн Криворожийн эдийн засгийн дээд сургуульд элсэн орж, хуулийн боловсрол олж авсан ч мэргэжлээрээ хэзээ ч ажиллаж байгаагүй аж.

2003 онд Елена Владимировна гэх бүсгүйтэй гэрлэж, охин, хүү хоёртой болжээ. Хөрөнгийн тухайд өгүүлэхэд, 2017 онд жилийн орлого нь 7.3 сая гривен (664 сая гаруй төгрөг). Тэрбээр банкны дансандаа 434 мянган ам.доллар, 1.2 сая гривентэйгээ мэдүүлжээ.

Зеленский Киев мужийн Иванкович сууринд 29 мянган ам.доллараар худалдаж авсан байшин, 25 мянган ам долларын үнэтэй 1200 квадрат метр эдлэн газартай. Түүнээс гадна Зеленскийн гэр бүл таван байртайгаас дөрөв нь Киевт байдаг, мөн Их Британид хоёр байр түрээслэдэг аж.

РОНАЛЬД РЕЙГАН – АНУ

Роналд Вилсон Рейган – (1911 оны 2 сарын 6 – 2004 оны 6 сарын 5) нь улс төрч, уран илтгэгч, жүжигчин бөгөөд 1987-1989 оны хооронд АНУ-ын 40 дэх Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Түүнээс өмнө 1967-1975 оны хооронд Калифорни мужийн 33 дахь амбан захирагч, Холливуд дахь жүжигчдийн холбооны тэргүүнээр ажиллаж байв.

Рональд Рейган 19 настайдаа Калифорни мужийн Лос Анжелос хот руу шилжиж, тэндээсээ жүжигчин болох гараагаа эхлүүлжээ. 1932 онд тэрээр IOWA радио телевизийн сургуулийг төгсөөд, жижиг хотод радиогийн хөтлөгч, найруулагч хийж байсан юм. Радио станцаар дамжуулан олон түмэнд дуу хоолойгоо таниулсан Рональд Рейганд “Уарнер Бродерс”-ийнхнаас кинонд тоглох санал ирүүлжээ.

1937 онд тэрээр “Уарнер Бродерс” студитэй долоон жилийн гэрээ байгуулж,  нэлээд хэдэн дэлгэцийн бүтээлд дүрээ мөнхлөв. Тэрээр "Теннессигийн хамтрагч", "Энэ бол Арми", "Харанхуй ялалт", "Монтана дахь шилтгээний гүнж", "Эфирийн өрөөний хайр" зэрэг олон кинонд гол дүр бүтээснээс дийлэнх нь кобой залуугийн дүр байлаа. Америк даяараа алдарт жүжигчин Рональд Рейганыг андахгүй таньдаг болсон юм.

Радиогийн хөтлөгчөөс гараагаа эхэлсэн Рональд Рейган SAG телевизийн даргын суудал хүртэл дэвшчээ. Тэрээр SAG-ийн "Цахилгааны ерөнхий теарт" нэртэй телевизийн нэвтрүүлгийг хөтлөх болсноор нэр хүнд нь улам дээшилж халаасан дахь мөнгө нь ч бас тэр хэмжээгээр нэмэгдэж байсан юм. Рональд Рейган тус нэвтрүүлгийг өдөрт дундажаар 14 цаг хөтлөснийхөө хөлсөнд сардаа 125 мянган долларын цалин авдаг байжээ. Энэ мөнгийг 2008 оны ханшаар бодож үзвэл нэг сая гаруй доллар болж байгаа юм.

Түүний хамгийн сүүлд бүтээсэн дэлгэцийн бүтээл бол "Алуурчид" нэртэй кинонд 1964 онд тоглосон байна. Тэр цагаас хойш Рональд Рейган улс төрд хүчээ сорихоор шийджээ.

ВАЦЛАВ ГАВЕЛ – ЧЕХ

Чехийн төрийн зүтгэлтэн, хүмүүнлэгүзэлтэн Вацлав Гавел 1989-1992 онд Чехословакийн сүүлчийн, 1993-2003 онуудад Чех улсын анхны ерөнхийлөгч байжээ. Дэлхийн улс төрийн лидерүүд түүнийг “Хилэн хувьсгалын” баатар, “1989 оны бэлгэдэл” гэж нэрлэдэг.

Тэрээр “Люцернафильм” кинокомпанийг үүсгэн байгуулагчдын үр удам, жүжгийн зохиолч, жүжигчин байв. Тэрбээр гэр бүлийн бизнес болох кино зураглалыг хөгжүүлжээ. 1960-1968 онд Вацлав Гавел "На Забрадли" театрт ажиллаж, тайзны ажилтан, дараа нь найруулагчийн туслах, менежер хийж, мөн кино зураг авдаг болжээ.

1965-2011 онд тэрбээр “Every Young Man” (1965), Inventura (1981), “Stone Bridge” (1996), “Broken Head” (2004), and “Care” (2011) кинонуудад тоглосон байна.

Вацлав Гавел 1965 оноос хойш улс төрд хүчээ сорьж, "Тvarzh" ("Face") сэтгүүлийн редакцийн зөвлөлийн гишүүн болжээ. 1989 онд “хилэн хувьсгал”-ын дараа тэрээр Чехословакийн Ерөнхийлөгчөөр сонгогдож, 1990 оны долдугаар сарын 5-нд анхны чөлөөт сонгуулийн үеэр хоёр жилийн хугацаатай сонгогдсон байна. Түүний Ерөнхийлөгчийн албанд Жавел Зөвлөлтийн Варшавын Пактыг гишүүнээр элсүүлэх, НАТО-д хүргэх ажлыг удирдан зохион байгуулж, Чех улсыг Европын Холбоонд элсүүлэх талаархи шинэчлэлийг эхлүүлжээ.

Чехословакийн 1989 оны “Хилэн хувьсгалын” үеэр сөрөг хүчний нийгэм, улс төрийн “Иргэний форум” байгууллагыг санаачлагчдын нэг нь Гавел байсан бөгөөд 1989 оны арванхоёрдугаар сард ЧССР-ийн Холбооны чуулган түүнийг санал нэгтэйгээр Ерөнхийлөгчөөр сонгожээ.

Вацлав Гавел өөрийн үзэл бодлыг улс төрийн нялуурлаас ямагт дээгүүр тавьдаг байсан аж. Тэрбээр нас барахаасаа хэдхэн хоногийн өмнө Түвдийн лидер Далай ламыг гэртээ хүлээн авахдаа Чех-Хятадын харилцаанд ямар нөлөөтэйг үл анзаарчээ. Мөн өнгөрсөн зургадугаар сард Германы нэр хүнд бүхий “Квадрига” шагналыг ОХУ-ын Ерөнхий сайд Владимир Путинд олгохыг эсэргүүцэж, өөрөө 2009 онд авсан энэхүү шагналаа буцаана гэж байсан аж. Үүнээс үүдэн шагналын шүүгчид Путинд уг шагналыг өгөхөө больжээ.

ЛЕК КАЧИНЬСКИ – ПОЛЬШ

Лех Качиньски болон түүний ихэр Ярославын хамт 13 настайдаа Польшийн "Сар хулгайлсан хүмүүс" (O dwóch takich, co ukradli księżyc) алдартай үлгэрийн кинонд тоглосон ч түүний жүжигчний карьер ахиагүй байна.

Варшавын их сургуулийн хуулийн факультетыг төгссөний дараа Карзыски ажилчдын хамгааллын хороо, эвлэлийн үйлдвэрчний эвлэлийн хороонд улс төрийн ажил эрхэлж эхэлжээ.

Дараа нь тэрээр Сейм болон Сенатын гишүүн болсноор Хууль зүйн сайд, Варшав хотын захирагч болсон байна. 2005 онд тэрбээр Польшид болсон Ерөнхийлөгчийн сонгуульд ялж, "Польшийн ёс суртахууны шинэчлэлт"-ийг санал болгожээ. Тэрбээр ижил хүйстнүүдийн жагсаал, хориотой радикал зах зээлийн шинэчлэлийг эсэргүүцэж, нийгмийн хөтөлбөрийг дэмжсэн байна.

Ерөнхийлөгч Лех Качиньски болон түүний ихэр Ярослав Качиньски хоёр Европод алдартай улс төрчид. Ихрийн нэг нь Ерөнхийлөгч, нөгөө нь Ерөнхий сайдын алба хашиж байжээ. Үүнд дургүйцсэн хүмүүс Качиньскийн ноёрхол тогтлоо хэмээн шүүмжилж байсан аж. Лех Качиньски  төрийн тэргүүний албыг хашиж байхад Ярослав түүний найдвартай ар тал нь болдог байжээ. Барууны үзлийг тууштай баримтлагч Польшийн Ерөнхийлөгчийг үзэл бодлын хувьд зөрчилтэй улс төрч гэж үздэг байсан аж.

1981 онд Польшид үймээн гарч онц байдал тогтоох үед Лех Качиньскийг баривчилж шоронд хорьжээ. Үзэл бодлынхоо төлөө арван нэгэн сар хоригдсон тэрээр эргэлт буцалтгүйгээр улс төрд оржээ. Тэрээр парламентын гишүүн, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл, Польшийн Ерөнхийлөгчийн засаг захиргаанд ажиллаж байгаад, Хууль зүйн яамны сайдаар томилогдсон байна. Удалгүй ихэр Ярославтайгаа хамтран "Эрх зүй ба шударга ёс" нам байгуулж, нэг жилийн дараа Варшав хотын даргаар сонгогджээ.

Хотын даргын албыг хашиж байхдаа бэлгийн гаж буруу зуршилтнуудыг цуглаан хийхийг хоёр ч удаа хориглосон нь нэлээд шуугиан тарьсан байна. Католик шашинтан тэрээр үр хөндөлт, бэлгийн гаж буруу зуршилтнуудад гэр бүл болохыг эсэргүүцдэг, цаазаар авах ялыг сэргээхийг тууштай дэмжигч байжээ.

2005 оны Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээс мөнгө хөрөнгө зэрэгт холбогдоогүй хамгийн цэвэрхэн нь Лех байсан  гэдэг. Ихрүүд үүнийгээ улс төрд овжноор ашигласан аж. "Бид энд  сарнаас өөр хулгайлсан юм байхгүй. Гэхдээ хүүхэд байхдаа кинонд тоглож л сарыг  хулгайлсан" хэмээн хошигнож байжээ.

Лех Качиньскийг Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш Орос, Польшийн харилцаа амаргүй болсон байна. Тэрээр Оросыг  шүүмжлээд зогссонгүй, Европын холбоонд хандан Польшийн мах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг оруулахгүй бол тус улсын эсрэг хориг тавихыг сануулж байсан удаатай аж.  Европын холбоо ОХУ-тай хэлэлцээ хийх гэж байхад  Лех Качиньски хориг тавьж болиулж байжээ. Тэрээр хоёр улсын тулгамдсан асуудал болох гурван зүйлийг даруйхан шийдэхийг байнга шаардаж байсан аж. Энэ нь Катынийн асуудал, дэлхийн II дайны талаарх дүгнэлт болон Балтийн тэнгист хий дамжуулах хоолой тавих асуудал байв. Үүнээс Катынь хамгийн эмзэг нь байжээ.

ЖОЗЕФ ЭСТРАДА – ФИЛИППИН

Жозеф Эжеркито Эрап Эстрада, энэ нэр дэлхийн авлигачдын загалмайлсан эцгийн дайтай дурсагддаг бол сэтгүүл зүйн салбарт бахархам амжилт авчирсан юм. Энэ хүний амьдралаар хийсэн кино, адал явдалт зохиол, гэмт хэргийн ертөнцийн тууль маш олон.

Тэрбээр 1937 онд Филиппинд төрсөн. Тус улсын алдарт жүжигчин, улс төрч, бүр Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан, нэг талаар гайхамшигт замналтай хүн хэдий ч нөгөө талдаа гэмт хэрэгтэн, зандалчин, эх орны дайсан байсан тухай хэвлэлүүд мэдээлдэг.

Жозеф Эстрада жүжигчний карьераар олж авсан нэр хүндээ ашиглан эхлээд Манила хотын захирагч болж, улмаар 1992-1998 онд Филиппиний ес дэх Дэд ерөнхийлөгч болж чаджээ. Түүний амжилт үүгээр зогсоогүй бөгөөд 1998-2001 онд арван гурав дахь төрийн тэргүүнээр сонгогдож, ажилласан байна.

Яг үнэндээ тэрбээр Ерөнхийлөгчөөр ажилласан хугацаандаа улсынхаа эзэн хаан мэт байжээ. Уг нь түүний нийгмийн халамжийн хөтөлбөр олон нийтэд таалагдаж байсан ч түүний өдүүлсэн авлигын хэрэг амжилтаас нь даван гарсан аж.

Гэхдээ тэрбээр жүжигчний хосгүй авьяасаараа бүхэл улсын шүүхийг залилж дөнгөсөн ба түүний хувьдаа завшсан хөрөнгө тэрбум ам.доллараас илүү гарах ч ердөө 80 сая ам.долларын хэргээр 2007 онд шүүхийн өмнө очсон байна.

1997 онд Азийн санхүүгийн хямрал Филиппинийг бүрхэж, энэ улсын эдийн засгийн өсөлт 5.8 хувийн үзүүлэлттэйгээр дэлхийд нэлээд доогуурт жагсаж байж. Гэтэл дараа жил нь энэ өсөлт -0.6 хувь болсон нь урьдчилан таамаглаагүй, гэнэтийн зүйл болжээ. Өөрөөр хэлбэл, Филиппин улс цочролд орсон гэхэд болно. Хамгийн гол нь, улс орон ийнхүү туйлдсан байхад Ерөнхийлөгч Эстрада Морийн Исламийн чөлөөлөх армийн эсрэг дайн зарлаж, тэртэй тэргүй хоосроод байсан сан хөмрөгийг байлдаанд зориулах зарлиг буулгасан юм.

Гэсэн хэдий ч түүний авлигын сүлжээний материалыг Филиппиний сэтгүүлчид хангалттай цуглуулсаны дүнд Сенатад өргөн мэдүүлснээр Эстрадагийн шаардлагагүй дайн, аалзны тор мэт хөвөрсөн луйврын сүлжээг таслан зогсоох боломж олдсон ажээ.

Сэтгүүлчдэд хуримтлагдсан баримт дунд Ерөнхийлөгчийн дотны найз Луй Сингсонд бэлэг болгон илгээсэн 400 сая пессогийн маягт гарч ирсэн байна. Гол нь энэ мөнгийг Эстрада нийгмийн даатгалын сангаас гаргуулсан байжээ. Гэтэл Луй Сингсон энэ мөнгөөр мөрийтэй тоглоом, хар тамхины нууц сүлжээг ивээн тэтгэдэг байсан нь хожим илэрсэн. Үүнээс гадна тамхины үйлдвэрийн эзэд татвараас зайлсхийхийн тулд Эстрадад нэг удаад 180 сая пессогоор таван удаа хахууль өгч байсан гэдгийг баримттайгаар илрүүлжээ. Түүнчлэн газрын наймаагаар л гэхэд 200-гаад сая доллартай тэнцэх хэмжээний мөнгө Эстрадагийн гараар орж алга болсон гэдэг. Тэр ч бүү хэл, ядуусын газрыг чөлөөлүүлэхийн тулд армийг хөдөлгөж байсан түүх ч бий. Тэрчлэн Эстрадагийн нууц амрагууддаа зарцуулсан хөрөнгө Манила хотын хоёр жилийн төсөвтэй тэнцэж байсан ба түүний хүүг төрүүлсэн Гуи Гомез гэгч жүжигчин бүсгүй Флорида, Хавай, Италид үнэтэй харш худалдан авсан байжээ. Харин хууль ёсны хүүхдүүд нь бүгд Парис, Лондон зэрэг өндөр үнэтэй хотуудын баячуудын дүүрэгт амьдардаг.

Энэ мэтчилэнгээр Жозеф Эстрада улсынхаа сан хөмрөгийг хоослосон гэдэг. Түүнийг 2004 онд Дэлхийн ил тод байдлын тайланд бүх цаг үеийн хамгийн том авлигчдын тоонд оруулжээ. Хамгийн гол нь, шүүхээс түүнд хэтэрхий хөнгө ял оноосон учраас Эстрада ердөө гурван жил болоод суллагдсан. Тэрбээр одоо нам гүм амьдарч байгаа ч түүний тараан хаясан эд баялаг Филиппинд дахиж эргэж очоогүй гэдэг.

ЖИММИ МОРАЛЕС – ГВАТЕМАЛ

Гватемал улсын Ерөнхийлөгчийн сонгуульд 2015 онд баруун хүчний Үндэсний эв нэгдлийн фронтоос нэрийг нь дэвшүүлсэн Жимми Моралес 69 хувийн санал авани тгэлтэй ялалт байгуулжээ. Түүний өрсөлдөгч, зүүн төвийн Итгэл найдварын үндэсний холбоог төл­лөөлсөн хатагтай Сандра Торрес 31.02 хувийн дэмжлэг хүлээсэн аж. Моралесийг дэмжигчдийн тоо өрсөлдөгчөөс нь 1.4 сая саналаар давсан байна.

Сонгууль тайван байдалд болж өнгөрчээ. Харин сонгогчдын оролцоо муу, нэрсийн жагсаалтад байсан 7.5 сая сонгогчийн 52 хувь нь оролцоогүй аж.

Хошин шогийн алдартай жүжигчин гэгдэж байсан Моралес 2011 онд улс төрд ийнхүү хөл тавьжээ. Тэрбээр авлигатай хайр найргүй тэмцэхээ амласан байна. Эрх мэдлийн дээд түвшинд байгаа хүмүүс нь мөрдөн шалгагдаж, Төрийн тэргүүн болон Дэд Ерөнхийлөгч байсан хүмүүс нь шүүгдэгчийн сандалд суусан тус улсын хүн амд энэ үг их сонин содон сонсогдсон байна.

Эх сурвалж: CNN, ABC news, People, AiF

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж